Ц.Түмэнгэрэл амиа хорлохгүй гэснээр түүний гавыг тайлжээ

Санхүүгийн зохицуулах хорооны даргын амийг хэрцгийгээр хөнөөсөн Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршооны дарга Ц.Түмэнгэрэлийг саатуулсан цагаас нь гавтай байлгасан. Учир нь тэрээр амиа хорлоно гэж бодож байсан тухайгаа байцаагчдаа хэлсэн тул ийм хэрэг үйлдэхээс болгоомжилсноос 20 хоног ганцаарчилан гавтай байлгахаас аргагүйд хүрсэн. Уг хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурор Т.Нансалмаа Ганц худаг дахь урьдчилан хорих төвд очиж Ц.Түмэнгэрэлтэй уулзан, ямар нөхцөл байдалд хоригдож байгаатай нь танилцжээ. Прокурор нь түүнтэй уулзан ярилцсаны эцэст тэрээр хуулийн дагуу өмгөөлөгч хөлслөхийг зөвшөөрсөн байна. Мөн тус хорих төвийн удирдлага прокурортой нь хамт байж тэд хоорондоо ойлголцсоноор өчигдрөөс гавгүй байлгахаар болжээ. Ц.Түмэнгэрэл ч аюултай үйлдэл хийхгүй гэдгээ хэлсэн байна. Энэ үеэр Ц.Түмэнгэрэл хохирогчдын хохирлыг барагдуулах нь хамгийн чухал байна гээд хоршооных нь санхүүг хариуцаж байсан эхнэртэйгээ уулзуулж өгөхийг хүсчээ. Прокурор нь мөрдөн байцаагчтай нь ярьж энэ асуудлыг нааштайгаар шийдэж өгөхөө ч хэлсэн аж. Тэрээр одоо урьдчилан хорих төвийн подвалд залилангийн нэгэн хэрэгтэнтэй хоёулаа байгаа гэнэ.

Нийслэлийн прокуророос Ц.Түмэнгэрэлд урьдаас төлөвлөж санаатайгаар хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт нь ял төлөвлөөд байгаа ба Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтын дүнгээс ч ихээхэн зүйл шалтгаалах болоод байгаа аж.

Хэрвээ уг шалгалтаар санхүүгийн ноцтой зөрчил илэрвэл хоршооны гишүүдийн санал хүсэлтийг үл харгалзан албан тушаал, авилгалын хэргээр давхар яллаж ч болзошгүй гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button