Р.ГОНЧИГДОРЖ Та нар ашиг, сонирхлын зөрчилтэй Засгийн газраа хамгаалж байна

Тэгвэл одоогийн парламент уг хуулийг батлахаар төлөвлөгөөндөө багтааж, анхны хэлэлцүүлгийг нь хийчихээд буй.Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороо өчигдөр хамтран хуралдаж, уг хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр гишүүдийн хамгийн их зөрөлдсөн зүйл бол ашиг, сонирхлын зөрчилтэй холбоотой заалтыг Авилгалын эсрэг хуульд оруулах уу, эсвэл төрийн албан хаагчийн болон УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд багтаах уу гэдэг байв. Уг хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр ашиг, сонирхлын зөрчлийн талаархи заалтыг Авилгалын эсрэг хуульд оруулж байсан ч үүнийг буруушаах гишүүн цөөнгүй байлаа. Ц.Мөнх-Оргил гишүүн тэдний нэг нь байсан бөгөөд ашиг, сонирхлын зөрчил нь Авилгатай тэмцэх байгууллагын эрх үүрэгт шууд хамаарахгүй гэв. Yүнийг нь С.Оюун гишүүн ч дэмжиж буйгаа илэрхийлж, ашиг, сонирхлын зөрчлийг судлах, хянах үүргийг Авилгатай тэмцэх байгууллагад өгвөл хэрэгжүүлэхэд хэцүү болох байх гэж хэлсэн юм. А.Цанжид гишүүн бас тэдний талд талд орж, ашиг, сонирхлын зөрчлийг Ёс зүйн дүрэмд багтаах хэрэгтэй. Ингэхгүй бол хууль батлах болгонд түүнийг нь гишүүн бүртэй харьцуулж үзэх хэрэг гарна гэж хэллээ.

Харин Э.Бат-Yүл, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж нарын гишүүд ашиг, сонирхлын зөрлийг Авилгатай тэмцэх байгууллагад харьяалуулах хэрэгтэй гэж дуугарсан. Тухайлбал, Э.Бат-Yүл гишүүн, Yйлдвэр, худалдааны яам 800 жилийн ойд зориулан соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсэг гаргасан байна. Гайхмаар нь тэр ажлын хэсгийнхэн бидэнд төсвөөс мөнгө өгөхгүй болохоор сайд маань хувиасаа мөнгө гаргасан гээд л яриад сууж байх юм. Энэ бол яамны ашиг, сонирхлын зөрчил шүү дээ. Ер нь ийм зүйл нийгэмд газар авчээ. Гаалийн байгууллага гэхэд нэг асуудлаар 14 захирамж гаргаж, авилга өгч байж л үүнийг нь давахаас өөр аргагүй болгож байна. Иймээс ашиг, сонирхлын зөрчилтэй холбоотой заалтыг Авилгалын эсрэг хуулиас хасч болохгүй гэж хэлсэн. Д.Дэмбэрэл гишүүн, ашиг, сонирхлын зөрчил хэтрэхээрээ авилга болдог. Ёс зүйгээр үүнийг цэвэрлэнэ гэж байхгүй. Энэ тухай заалтыг Авилгалын эсрэг хуульд оруулахгүй бол том цоорхой үүснэ гэж шүүмжлэв.

Гишүүдийг маргалдуулсан дараачийн асуудал нь Авилгатай тэмцэх байгууллагын ажилтнууд албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөсөө хойш таван жилийн дотор бүх шатны сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэсэн Э.Бат-Yүл гишүүний санаачилсан заалт байлаа. Ажлаа хийж чадахгүйгээсээ халагдчихаад намайг авилгатай мундаг тэмцсэн чинь халлаа гэж популизм хийдэг туршлагыг халахаар ийм заалт санаачилсан гэж тэрээр тайлбарласан. Гэвч үүнийг нь Ц.Мөнх-Оргил гишүүн Yндсэн хуулийн Цэц дээр очоод унана гэж айлгаж, Ц.Нямдорж дарга хүний сонгох, сонгогдох эрхэд ингэж халдаж болохгүй хэмээн өөлснөөр гишүүдийн дэмжлэг авч чадаагүй. Энэ үед Э.Бат-Yүл гишүүн Ерөнхийлөгч гэдэг ашиг, сонирхлын зөрчилтэй хүн Авилгатай тэмцэх байгууллагын даргыг нэр дэвшүүлж байгаа шүү. Их эрсдэл, үнэ цэнийг дагуулж уг байгууллагыг байгуулж байгааг санаарай гэж хэлсэн. Yүнд Ц.Нямдорж дарга, байгууллагынхаа даргаар гайгүй хүн томилчихъё л доо. Ерөнхийлөгч сайн хүний нэрийг дэвшүүлнэ гэдэгт би найдаж байна гэсэн хариу өгсөн ч Э.Бат-Yүл гишүүн, тэгвэл би найдахгүй байна гэж зөрөв. Ц.Нямдорж дарга ч хариуг нь дор нь барьж, би авилгатай аймшигтай тэмцэж байтал халлаа гээд Ц.Элбэгдорж яриад байгаа. Тэгвэл Ц.Элбэгдоржийг Авилгатай тэмцэх байгууллагын даргаар томилоод гурван сар болоод халчихъя л даа гэж дооёолсон. Энэ үед Д.Арвин гишүүн хошуу нэмэрлэж, та нар л хамгийн авилгачид шүү дээ. Тийм атлаа цэвэрхэн царайлаад байдаг гэж АН-ынхан руу дайрч амжлаа.

Хуралдааны төгсгөлд ашиг, сонирхлын зөрчлийн тухай заалтыг Авилгалын эсрэг хуулиас хасах санал олонхийн дэмжлэг авсан. Ингэхэд Р.Гончигдорж гишүүн, ашиг, сонирхлын зөрчилтэй Засгийн газар байгуулчихаад, түүнийгээ хамгаалах үйлдэл гаргаж байна. Барилгын материалыг татвараас чөлөөлөх зэргээр ашиг, сонирхлын зөрчил гаргаж байгаа шүү дээ гэж уурссан. Энэ мэт зөрчил, бухимдлын хачиртайгаар уг хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button