Ц.НАНЗАДДОРЖ Хадгаламжийн банк бонд гаргаж, дүрмийн сангаа гүйцээсэн

-Хадгаламжийн банкны хувьчлалын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Хувьчлалын ажлын бэлтгэл ямар шатанд байна вэ?
-УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоол, Засгийн газрын 2006 оны 77 дугаар тогтоолоор Хадгаламжийн банкийг олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлах шийдвэр гарсан. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тус банкны дуудлага худалдаанд оруулах доод үнэ, хувьчлал явуулах журам, тендерийн хуваарийг баталлаа. Хувьчлалын тухай зар мэдээг өдөр тутмын сонинуудад нийтлүүлж, Хадгаламжийн банкны тухай мэдээллийг ТӨХ-ны вэб сайтад байрлуулахаас гадна Монголд суугаа Элчин сайдын яамд, гадаад орнуудад суугаа Монголын элчин сайдын яамдад мэдээллийг хүргүүлнэ. Мөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 70 гаруй томоохон банкуудад урилгыг хүргүүлэх ажлыг ойрын үед хийнэ.

-Хувьчлалын доод үнийг сонирхож болох уу?
-Өнөөдөр доод үнийг 12 тэрбум төгрөг байхаар тогтоолоо.

-Өмнө нь найман тэрбум орчим төгрөгөөр тогтоож байсан санагдана. Яагаад ингэж өсөх болов?
-Долоон тэрбум 750 сая төгрөгөөр нэрлэж байсан ч өнгөрсөн оны эцсээр тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Энэ хооронд Монгол банкнаас арилжааны банкуудын дүрмийн санг найман тэрбум төгрөгт хүргэх тухай шийдвэр гарсан. Энэ байдлыг Засгийн газар, Сангийн яам авч үзээд дөрвөн тэрбум төгрөгийн бонд гаргаж, дүрмийн санг 11,7 тэрбум төгрөгт хүргэсэн юм. Yүн дээр бондын зардал 250 сая төгрөгийг нэмсэн.

-Хадгаламжийн банкны дүрмийн сангаас гадна хувьчлалд орох давуу тал юу байна вэ?
-Энэ банкны сүлжээ Монгол Улсад дээгүүрт орно. Ялангуяа нийслэлд маш сайн. Барилга байгууламж тоног төхөөрөмж сайтайгаас гадна эдний боловсон хүчний мэдлэг мэргэжил, боловсролын төвшин, ажлын туршлага, дадлага маш өндөр. Ихэнх нь гадаадад яг энэ чиглэлээр бэлтгэгдсэн байдаг юм билээ. Yүнийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар томилогдсон шинжээчдийн хэсэг тогтоосон.

-Дуудлага худалдаа хэдийд явагдах хуваарьтай вэ?
-Тендерийн хуваарийг Засгийн газрын тогтоолоор баталсан. Энэ сарын 8-нд тендерийг зарлаад, шалгаруулалт гурван үе шаттайгаар явагдана. Эхний шалгаруулалтаар хүлээж авсан өргөдлүүдээс Засгийн газраас тавьж байгаа болзлыг хангасан аж ахуйн нэгжүүдийг сонгоно. Yүний дараа тендерт үргэлжлүүлэн оролцох компаниуд банкин дээр ирж, тайлан баланс бүх зүйлтэй танилцах эрхээр хангагдана. Банкийг хөгжүүлэх бизнес төлөвлөгөө саналд дүгнэлт өгсний дараа 100 онооны шатлалтай үнэлэлтээс 70 буюу түүнээс дээш оноо авсан тендерт оролцогчийг гурав дахь шатанд дэвшүүлнэ. Тэдгээр оролцогчид үнийн саналаа битүүмжлэн ирүүлсэн байх бөгөөд бүх оролцогчийг байлцуулан дугтуйг задлан, хамгийн өндөр үнийн санал тавьсан компани шалгарна.

-Шалгарсан компани ТӨХ-той гэрээ хэлцэл хийх үү?
-Тийм журамтай. Бид шалгарсан компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хуульд заасан хугацаанд ирүүлсэн үнийн саналын хэмжээний мөнгийг бэлнээр төлөхийг санал болгоно. Мөнгөө төлсний дараа өмчлөх эрх тухайн компанид шилжих ёстой. Энэ л журмаар явагдана.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button