МАХН давшиж Ардчилсан нам хориглоно

МАХН

УИХ дахь МАХН-ын бүлгийнхэн наадмаас өмнө чуулганыг завсарлуулахаар өдөр судар үл харгалзан өглөө оройгүй нэгдсэн хуралдааныг хуралдуулж буй. Ашигт малтмалын, Авилгын эсрэг, Татварын багц хуулийн төсөл гээд завтай үедээ хойш тавиад байсан гол хуулиудаа нарны халуунтай давхцуулан ааг амьсгаагүй ярилцаж эхэлсэн. Бөх гишүүн нь галдаа гарч уяачид нь морьдоо эргээд завгүй ч бусад нь ирц бүрдүүлэхэд үнэнчээр зүтгэж яваа. Тус намынхан чуулга­ныг наадмын өмнө дуусгачхаад на­мын шинэчлэл, УИХ-ын 46 дугаар тойргийн нөхөн сонгууль зэрэгт анхаарлаа хандуулахаар төлөвлөжээ. Уг нь МАХН-ынхан бага хурал хийлгэхдээ тун хойрго. Нарийн дүрэм журам тоочсоор хойшлуулж орхидог зуршилтай. Гэтэл намын бага хурлыг наадмын дараа хуралдуулж мэдэхээр сураг дуулдаж эхлэв. Нарны халуунтай зэрэгцээд ийнхүү намын доторх халуун өсч буй янзтай.

МАХН дотор шинэчлэлтийн үр хеврел гайгүй бүрдэж эхэлснийг С.Баяр даргын хэлеэн үгээс анзаарч болно. Ноднин өдийд Удирдах зөвлөлд сэлгээ, ротац хийх тухай санаа хэлэх байтугай бодох ч осолтой байсан гэнэ. Тэгвэл одоо энэ тухай арай чөлөөтэй хэлж дуугарч болдог болжээ. Намын до­тор өрнүүлээд байгаа хэлэлцүүлэг ямар ч гэсэн эхний үр дүнгээ өгч байгаа нь энэ аж.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт жигүүр, хөдөлгөөнийхнийг хүлээн авч уулзахдаа аль эрт дэвшүүлсэн 14 зүйл саналын хариуг нэхэж суугаа Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс жигүүрийнхэнд ажил нь ахиж дэвшихгүй, шинэчлэл гэж ярихаас хэтрэхгүй байгааг анхааруулжээ. Онц их хурлын төлөө хөдөлгөөнийхөн ч нэгэнт эцсийн зорилго нь ижил тул жигүүр, хөдөлгөөн хоорондоо нэгдчихвэл яасан юм гэсэн нь намын дотор бужигнаан үүсгээд авсан дуулдана. Жи­гүүр дотроос хөдөлгөөн, хөдөлгөөн дундаас жигүүр төрж ч мэдэхээр үйл явдлууд саяхан ингэж давхацжээ. Урьд өмнө нь МАХН дотор үүсч байсан жигүүрүүд тодорхой ажил хийлгүй үеэ өнгөрөөж байсан бол одоогийн жигүүр намын түүхэнд хийсэн ажилтай хэмээн дурсагдаж үлдэх анхны жигүүр байгаасай гэж хүсч явдгаа С.Баяр дарга илэрхийлсэн нь Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс-ныхонд санаа авууштай үг болжээ.
Одоо MAXН-ынханд бага хурлаа хийх эсэхээ шийдэх, УИХ-ын 46 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах гээд олон ажил үлдэж байна. УИХ-д нэг суудал нэмж авахын төлөө зүтгэх тухайгаа ч бага хурлаараа ярилцаж магадгүй байгаа дуулдана.

Ардчилсан нам

МАХН-ынхныг давшилтад орж амь халуунаа нэмж байхад Ардчил­сан намынхан хориглолтод орох янзтай. УИХ дахь тус намын зөвлөлийн гишүүд чуулганы хуралдааныг наадмаас өмнө хаахыг эсэргүүцэж хойшлуулах талаар санаа бодлоо илэрхийлээд буй. Юм л бол МАХН-ын үгэнд орж байдгаа больё. Чухал хуулиудыг арчаад өнгөрч болохгүй гэсэн үндэслэлийг наанаа хэлж байгаа ч цаад санаа нь наадмын дараа Засгийн газраар оролдох явдал гэж улстөрчид хэлж байна. УИХ-аар хамтарч баталсан шийдвэрүүдийг МАХН амлалтаа биелүүлдэг нам хэмээн телевизүүдээр рекламддаг болсон нь Ард­чилсан намынхны гэдэнг багагүй хөдөлгөжээ. Намынхаа рейтингийг өсгөх ажил хийхийн зэрэгцээ хориглолтын тактикаар МАХН-ын давшилтыг сөрөх аргыг Ардчилсан на­мынхан энэ удаа сүвэгчлээд байна. УИХ-ын 46 дугаар тойргийн нөхөн сонгууль ч Ардчилсан намын хувьд том сорилт. Суудлаа хадгалж үлдэхийн тулд талийгаач гишүүний дүү О.Отгонсайханы нэрийг дэвшүүлэхээр ярилцаж эхэлжээ. Энэ зун намууд амрахгүй нь. Хориглолт давшилтын дундаас ямар үр дүн гарч нам тус бүр юуг хожих нь найр наадам, амралт өндөрлөх намрын эхээр тодорхой болно.

Ардын эрх сонин 132 /410/

Д. Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button