Чамин үгээр хуурдаг чанаргүй сургуулиуд

Мөн сонгосон мэргэжлээ сайн судлаагүйн улмаас тохиолдлын, дайралдсан сургуульд элсэх нь ч бий. Одоогоор нийслэлийн зургаан дүүрэгт улсын болон хувийн 145 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийн олонхи нь хувийн их, дээд сургууль. Гурван сарын өмнө Монголын оюутны холбоо оюутнуудын гомдлын дагуу 35 хувийн сургуулийн сургалтын орчинд шалгалт хийсэн. Шалгалтаар оюутны дотуур байр, хичээлийн танхим нь ялгагдахааргүй орчинд хичээллэдэг, 1959 оноос хойш ашиглаж буй барилгад байрладаг, зарим сургууль үйлдвэрийн барилгад хүртэл хичээллэдэг зэрэг зөрчлийг илрүүлэн нийтэд зарлаж, Мюзик холл, Хөхтэй хан, Хан хөхий дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байсан. Гэвч элсэлтийн шалгалт эхэлсэн энэ үед үйл ажиллагааг нь зогсоосон дээрх сургуулиуд элсэлтээ авсаар л байна. Тэд нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр зөвхөн өөрсдийн бизнесийг бодон элсэгчдийг чамин үгээр молигодон манай сургууль сургалтын материаллаг баазаар бүрэн хангагдсан, сүүлийн үеийн компьютер, 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсон, дээд зэргийн тохилог орчинд таны хүссэн мэргэжлийг эзэмшүүлж, чанартай, чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргадаг гэх. Гэвч үнэн чанартаа дээрх сургуулиудын материаллаг бааз гэх компьютер л гэхэд Pentium-1 байдаг гэж МОХ-ны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан ярьж байсан. Мөн сургалтын орчин нь хангалтгүй атлаа сургалтын төлбөр нь өндөр, хугацаандаа төлбөрөө төлөөгүй оюутанд алданги тооцож хүндрэл үүсгэх нь энүүхэнд.
МОХ-ноос дээрх сургуулиудад шалгалт хийхдээ нэгд сургалтын орчин, хоёрт номын сан, интернэтийн үйлчилгээ гуравт сургуулийн дотоод, гадаад орчин, дөрөвт дотуур байрны хангамж, тавд барилга байгууламжийн асуудал гэсэн шаардлагын дагуу шалгалт хийж байж. Гэвч шалгалтаар наад захын эрүүл ахуйн орчныг бүрдүүлээгүй, ариун цэврийн өрөө нь эвдэрч, зэвэрч ашиглах боломжгүй, оюутны дотуур байр нь маш хангалтгүй зэрэг олон зөрчлийг илрүүлж байжээ. Тиймээс ирээдүйдээ зөв сонголт хийхийн тулд элсэх гэж буй сургуулиа сайн судалж байж сонгоорой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button