Төмөр зам ТYВДЭД хөгжил бэлэглэх үү, эсвэл…

Энэ нь Хятадыг Түвдтэй холбосон төмөр зам юм. Уул хад гээд маш хэцүү замтай байсан тул төмөр замыг тавихад таван жил зарцуулжээ. Энд 30 гаруй мянган хүн өдөр шөнөгүй ажиллаж 2,3 тэрбум ам.доллар зарцуулсан юм байна. Төмөр замтай болсноор Бээжингээс Түвд рүү 48 цаг зорчдог болжээ. Бээжин, Лхасын хооронд 4000 км зайтай байдаг. Түвдийн Засгийн газрын төлөөлөгч Ц.Пунцагийн ярьснаар бол энэ зам Түвдэд хөгжил дэвшил авчрах ажээ. Тэрээр Бээжин очих гэж олон өдөр явдаг байлаа. Ихээхэн цаг алддаг байв. Одоо Түвд цэцэглэн хөгжинө гэсэн байна.

Түвд эрхшээлд оров уу

Хэдийгээр Хятадын талыг баримтлагч түшмэлүүд энэ төмөр зам хөгжил дэвшил авчирна гэж байгаа ч бодит үнэнд нийцэхгүйг түвдүүд онцолж байна. Түвдэд очиход хялбар болсон нь олон мянган хятад иргэн өдөр шөнөгүй тэнд холхих боломжийг нээж өгч байгаа бөгөөд үүний цаана үндэстэн устах аюул байгааг ч нуусангүй. Одоогоор түвдүүд бүтээн байгуулалтын ажилд Хятадаас ажиллах хүчний тусламж авах шаардлагатай байгаа нь Бээжин бодлогоо хэрэгжүүлэх үндэс болж байна гэж The Times-т бичжээ. Түвдийн иргэд үүнийг сайн мэдэж байгаа ч хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэгчээр яаж ч чадахгүй сууна. Нэг л мэдэхэд Түвдийн соёл, ёс заншил устах аюул нүүрлэнэ гэж түвдүүд гаслан сууна. Энэ төмөр замын талаар XIҮ Далай лам Төмөр зам бол хөгжлийн нэг үндэс байдаг. Харин Түвдийн төмөр зам бол Бээжингийн улс төрийн бодлогоор хийгдсэн учир Түвдэд хор хохирол учруулна гэж ярьсан юм. Английн хэвлэлд бичсэнээр бол Бээжин Түвдийг үнэхээр хөгжүүлж чадвал олон улс дахь нэр хүнд нь эрс өсөх ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button