Авилгын эсрэг хуулийг хаврын чуулганаар амжиж батална

Яадаг ч байсан энэ хуулийг баталж байж завсарлах юм шүү. Шуудхан л баталж орхиё л доо, одоо юуг нь засах вэ… Иймэрхүү яриа өчигдөр УИХ-ын Хуульзүй, Төрийн байгуулалтын байнгын хороодын хамтарсан хуралдааны үеэр дэгдсэн юм. Авилгын эсрэг хуулийн төсөл ерөнхийдөө боловсорсон гэж гишүүд үзэж байгаа аж. Харин эл өдрийн хуралдаанаар тус хуулин дахь Төрийн байгууллагуудын ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийг Авилгатай тэмцэх газар хянана гэсэн заалтыг хасахаар тогтлоо. үнэхээр авилгын хэрэгтэй холбоотой гэсэн сэжиг илэрсэн тохиолдолд дээрх байгууллага хянаж үзэг гэсэн байр суурийг байнгын хороод илэрхийлэв. Харин Д.Дэмбэрэл гишүүн эл саналыг огт дэмжсэнгүй, хөндлөнгийн хяналт заавал байх ёстой хэмээн эсэргүүцэж байлаа.

Авилгатай тэмцэх байгууллагын ажилтнуудыг албан тушаалаас нь чөлөөлснөөс хойш таван жилийн хугацаанд ямар нэг сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүй хуульчилж өгөх саналыг Э.Бат-үүл гаргасан. Зарчмын зөрүүтэй гэх эл саналыг Хуульзүйн сайд асан Ц.Мөнх-Оргил гишүүн илт эсэргүүцэж, Наадах чинь Цэц дээр очоод л уначихна шүү. Хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан хэрэг болно гэсэн бол УИХ-ын дарга Ц.Нямдорж Уг нь Бат-үүлийн санаа зөв. Даанч үндсэн хуулийн цэц дээр унах магадлалтай. Авилгатай тэмцэх газрын даргаар сайн хүн оруулж ирэх байх гэж Ерөнхийлөгчид найдъя. Ц.Элбэгдорж хүртэл авил­гатай тэмцэж байхад минь халчихлаа гээд байгаа биз дээ. Хэрвээ тэр газрын ажилтнууд ямар нэг сонгуульт ажил эрхэлж байгаад халагдчихвал тийм маргаан гаргахгүй гэх баталгаа байхгүй гэлээ.

Харин эрхэм гишүүн Р.Гончигдорж Цэц дээр унана гэж айгаад байх шаардлагагүй. Хэрвээ л тийм зохицуулалт хийх шаардлагатай бол хийх л хэрэгтэй гэж байлаа.
Авилгын хуулийг энэ долоо хоногт багтаан эцэслэн батлана. Харин эл хууль ирэх намраас нааш хэрэгжихгүй гэнэ. Учир нь Авилгатай тэмцэх газрын даргад нэр дэвшүүлэх хүнийг Ерөнхийлөгч ирэх намрын чуулганаар УИХ-д өргөн барих юм байна.
Эл өдөр ирэх намар хэлэлцэх асуудлуудаа ярилцеан. Есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хуулийн төслүүдийг уг чуулганаар хэлэлцэх гэнэ
Ардчилсан намын зөвлөл дахиад л хурал хаялаа

С.Ламбаа гишүүний оруулж ирсэн саналыг Нййгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо унагааж орхисон нь тэднийг ийн авирлахад хүргэсэн юм. Нййгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээг 35 мянган төгрөгөөр тогтооё гэсэн эрхэм гишүүний са­нал өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авсан билээ. Гэтэл өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр тэрхүү саналыг дэмжсэн­гүй. Нййгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Чинзориг тэргүүтэй яамныхны тайлбар тэднийг ийм шийдвэрт гаргахад хүргэсэн. Дэд сайдын ярьснаар бол тэтгэмжийн хэмжээг нэмснээр бусад тэтгэвэр тэтгэмжүүдийн харьцаа алдагдаж, ажил хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэрт гарагсдыг гомдоллоход хүргэж магадгүй, тэгээд ч тэр их мөнгийг төсвөөс гаргах боломжгүй гэсэн юм. Байнгын хорооны шийдвэр ийн эргэсэнд Ардчилсан намын гишүүд бухимдаж, хуралдааныг хаяхаа илэрхийлээд гарч одсон юм.

Ардын эрх сонин 132 /410/

З.Маараг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button