Тэнгэрт хадсан махны үнийг буулгая!

улс гэж хүртэл шүүмжлүүлэн байж мал аж ахуйгаа хадгалан хамгаалж хөгжүүлж түшиглэн ирсэн нь үнэн. Мал үрэгдлээ хорогдлоо гэж хүнээсээ илүү сүйд болдог. Хүмүүс нь мэндлэхдээ хүртэл мал тарган тавтай юу гэнэ. Дарга сайд нар нь хүртэл хөдөөдөө очмогцоо л мал яав ийв хорогдов уу өсөв үү, төл бойжилт ямар байна гэж хүн ардаасаа л илүүтэй санаа тавьдаг нь гайхалтай газар манайхаас өөр байдаг ч юмуу.
2 сая гаруйхан хүнтэй 30 сая хол давсан малтай манай улсыг ядуу буурай ядарсан зүдэрсэн гэж дуулаад *32 сая мал юм байна ш дээ* гэж ямар сайндаа гадныхан шоглож байхав дээ. Энэ бол хатуу ч гэлээ бодох л үг…

Мал хувьд очиж эзэд нь эд хөрөнгөө өсгөх гэж байгалийн гамшиг зуд турхантай үзэж тарсаар. Элдэв байгалийн гамшиг зуданд өвдөг сөхөрч малаа барж тартагтаа тулсан зарим нь хот бараадан ядуучуудын тоог өсгөж байна ч гэдэг. Малаа өсгөж чадсан нь харин мянга мянгаар нь малаа тоолуулж, улмаар цалин хөлстэй хувийн малчин ардуудтай хүртэл болж өөрөө бол жиб сэлгэж хөлөглөсөн шинэ үеийн босс болж найр наадам хэсэж налайж суудаг болцгоов. Бүр хот хүрээ газарт тохилог байшинд амьдарч үе үе малчидаа эргэж малаа тоолсон шигээ суудаг малчин боссууд ч олширсон. Ингээд бас болоогүй яаж зүгээр суухав зах зээлийн нийгмийг дагаж ихэнх нь мах малын наймаа хийж, хурдан удмын хүлэг морьд цааш нааш нь хөдөлгөж арилжиж хөрөнгөө аривжуулна. Тэдний хувьд мал махны ханшийг өсгөх сонирхол их үүнийг ч тодорхой хэмжээнд зохицуулдаг болсон гэх юм билээ. Энэ бол үнэний ортой…

Төр засаг маань ч тодорхой хэмжээнд малчиддаа санаа тавьж хайр ивээлээ хайрласан хэвээрээ л гэх. Мянгат аварга малчидаа харж үзэж одон тэмдэгээ ч харамгүй өгч байгаа нь ч харин харагддаг дуулддаг. Дээр нь гадаад орон руу мах махан бүтээгдэхүүн экспортлоно гэж том том ярьсаар, суусаар гэтэл эх нутагтаа махны үнэ өссөөр ард түмэн туйлдсаар…

Харин ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож буй гэх өнөөдөр махны үнэ тэнгэрт хадсаар л. Ард иргэд толгой цувдаагаар л голоо зогоож цагаан хоолтон болох шахаж байна гэх. Урьд хожид үзэгдээгүйгээр махны үнэ өсөж нэг кг нь 2500-3000 төгрөг хүрэх хэвийн үзэгдэл болов. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар л гэхэд наадам дөхөөд ч тэрүү нэг хонь 80.000-100.000 төгрөгийн үнэтэй байна, энэ нь цагаан сарын ууцны ханштай ижил болж байна гэнэ. Энэ нь үнэндээ манай зарим жирийн ажилчин хүмүүсийн сарын цалингаас ч давсан эд санж. *Цаг цагт нэг хоосорно цагаан сараар нэг хоосорно, Yе үе нэг хоосорно наадам болоход нэг хоосорно* гэж шогломоор болж байна даа. Хаана байнаа нөгөө сайхан мал аж ахуйн орон гэж халагламаар…

Махны үнэ ийнхүү өсөх болсоны шалтгаан юу вэ? гэж хүн болгон шахуу бухимдан ярьж, учрыг үл олон гайхаж хэзээ үнэ нь буух бол гэж горьдож цөхөж байна. Нэг хэсэг нь нөгөө л *муу нэртэй луу данстай* төр засаг түүний буруу үйл ажиллагаанаас болж байна гэх. Мэдээж та бүхнийг сайн сайхан амьдруулна нийгмийн баталгааг сайжруулна гэж амлан байж эрх мэдэл эдлэн суугаа түшээддээ сонгогч түмэн нь ходоод хоржигнохын эрхэнд бухимдах нь ч аргагүй мэт. Тэд харин мэргэн оюундаа юу гэж болгоож суудгийг чөтгөр бүү мэд. Мэдээллийн хэрэгслээр *цалин нэмсэн, хүүхдэд мөнгө өгсөн бид амалсандаа хүрдэг* гэж ичих ч үгүй өөрсдийгөө рекламдаж, хүүхдийг чихрээр хуурахын үлгэр үзүүлэн тархи угаах үйл ажиллагаа явуулсан шиг суусаар. Гэтэл бодит байдал дээрээ цалин нийгмийн хамгаалал жаахан өсөхөөр дагаад л бүр даваад л хүнсний бүтээгдэхүүн, бензин тосны үнэ өссөөр…

Эргээд махны үнэний өсөлтийн тухай яриандаа ороход ихэнх албан тушаалтан, хүмүүс үүнд ченжүүд гэх махны наймаачид л зохиомлоор үнэ хөөрөгдөж байгаагаас ийм байдалд хүрч байна гэж бүх бурууг тохох санаатай. Өнөөх хэд нь болохоор бид бол хүйтэнд хөрж халуунд халж байж дундаас нь тав арван цаас олж арай чүү л ар гэрээ тэжээж байгаа хүмүүс, бидэнд ч гэсэн махны үнэ өсөж байгаа нь хүнд байна гэж ярих. Харин махны ченжүүдийн хэлж байгаагаар энэхүү үнийн өсөлтөнд малчид өөрсдөө зохиомол хөөрөгдөж үнийн өсөлт үүсгэж байна гэж буруутгах. Гээндээ ч би гоондоо ч бий гэдэг л энэ байх даа….
Учрыг олох санаатай жаахан цааш нь лавлан сонихож судлан явж үзвэл ченжүүдийн хэлснээр малчид хот орчимд хөлөөр нь тууж ирсэн малаа ханш өсөхийг хүлээн нядлахгүй хүлээх. Махны хомсдол үүсэж эрэлт ихсмэгц мөн наадам дөхөж, баяр тулмагц махны ченжүүдэд тэдээр авбал ав больвол боль гэж гэдийдэг болсон гэнэ. Ингээд л тэд үнэтэй авсан мал махаа үнэтэй зардаг гэх. Иймээс л зах дээр махны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна…

Yүнд бас эрэлт улам ихсээд байхад хөдөөнөөс оруулж ирж байгаа махны хэмжээ багассаар байгаа нь ч нөлөөлж байна гэнэ. Учир нь хөдөө орон нутагт мал махын ханш хотынхоос нэг их ялгарахаа больсонд байгаа аж. Малчид маань мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед салхин сэнс , мотороор тог гаргаж зурагтаа үзэж, сонин хэвлэл уншиж, радиогоо сонсож Улаанбаатарын үнэ ханшийн мэдээг цаг алдалгүй авдаг болсон. Ингээд л явуулын болон орон нутгийн ченжүүд мал мах авах гээд очиход нь хотод мах кг нь 2000-3000 гэж байхад чамд хямдахан өгнө гэж ярихгүй ээ гэж чангална. Унаа тэрэг замын зардал гээд л тайлбарлаад ч хүлээж авахгүй зовооно. Ингээд л хэлсэн үнэнд нь шахуу мал махыг авах, дээр нь замын зардалаа нэмэх, ашиг гаргах гэсээр байтал нөгөө мах маань Улаанбаатарын лангуун дээр үнэ тэнгэр хадан бууж Улаанбаатарын хэрэглэгчдийн хэтэвчийг шавхана. Үүнээс халшраад ч хөдөөнөөс хотруу мал мах зөөдөг ченжүүдийн цуваа тасрах болжээ. Харин малчин боссууд хоорондоо тохиролцон өөрсдөө мах хомсдох үнэ өсөхийг анан хүлээж байгаад нэг ухасхийгээд л цөм хийдэг гэнэ. Ингээд л дээрх хомсдол үүсэж эрэлт ихсэж дээр нь үнэ өссөөр…

Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь шахуу амьдран суудаг Улаанбаатарчуудын хувьд энэхүү махны үнийн өсөлтөнд хамгийн их нэрвэгдэн зүдэрсээр байна. Yүнд махны ченжүүд, малчид санаа тавьж үнийг бууруулж эрэлт хэрэгцээг хангаж гийгүүлэх ч өдий бололтой бүр үлгэр ч болох биз.
Харин төр засаг бодлогоор зохицуулах шаардлагатай болжээ. Мөн гар дамжин буюу үүргийн худалдаа, ченжийн наймааг зогсоох цаг нь хэдийн болжээ гэж санагдана. Ямарч эрүүл ахуйн баталгаагүй юуны мах нь мэдэгдэхгүй дээр нь хулгайн мал мах зонхилсон энэ сүлжээг таслан зогсооё. Харин үүнд үндэсний хэмжээний мах бэлтгэн худалдаалдаг брэндүүдийг дэмжин олноор бий болгож чанарын шаардлага хангасан шинжилгээ гарал үүслийн бичигтэй махыг хэрэглэгчдэд боломжийн үнээр тасралтгүй хангаж зохиомол хомсдол эрэлт үүсгэхгүй байх арга хэмжээ яаралтай авах шаардлагатай байна.

Энд төр засаг холбогдох яам байгууллага анхаарал хандуулан нэгийг бодож хоёрыг тунгаан суугаа гэдэгт найдна.

/ Болод.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button