Дэлхийн аварга болоод карьераа өндөрлөнө

Энэ хөлбөмбөгчин нэгэн цагт Италийн шигшээ багийн билэг тэмдэг байсан ч сүүлчийн үед тэрбээр шигшээ багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд орох нь ч цөөрч Герман руу явах эсэх нь эцсийн мөчид шийдэгдсэн юм. Гэвч Алессандро авьяас хэзээ ч алга болдоггүй гэдгийг харууллаа. Леманны хаалганд оруулсан гоол 31 настай довтлогчийн бүх барцдыг арилгалаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

-Тэмцээний эздийг хожиход Италид юу туслав?
-Бидний хувьд Германтай хийсэн тоглолт энэ ДАШТ-ий хамгийн хэцүү нь байлаа. Манай багийн ялалтын нууц бол бидний эв нэгдэл. Бид эвтэй байж чадсан тул цэнгэлдэх дүүрэн Германы хөгжөөн дэмжигчдийн эсрэг зогсч чадлаа.

-Сэлгээний суудлаас тоглолт ямар харагдаж байв?
-Талбайд гарч залуустаа туслахыг маш их хүсч байсан. Сандалд суугаад тоглолтыг харна гэдэг бол жинхэнэ там. Харин надад итгэж талбайд гаргасан дасгалжуулагчдаа маш их баярлалаа.

-Липпи таныг гоол оруулна гэж мәдәж байснаа тоглолтын дараа ярьсан…
-Би талбайд гарахаар бэлтгэж байхад тэр надад энэ тухай хэлсэн. Дасгалжуулагчийнхаа даалгаврыг биелүүлсэндээ би баяртай байна.

-Өөрөөр хэлбэл та тоглолтдоо сэтгэл хангалуун байна уу?
-Маш их. Сүүлчийн үед би өөрийнхөө тухай олон таагүй зүйл сонсож байгаа л даа. Харин одоо шүүмжлэгчдийн амыг таглаж чадлаа.
Надад гайхамшигтай дамжуулалт өгсөн Альберто Жилардинод баярлалаа гэж хэлмээр байна. Тэр дамжуулалт хийгээгүй бол би гоол оруулахгүй байсан.

-Одоо танай багийг шигшээ тоглолт хүлээж байна. Энэ тоглолтод таныг оруулах болов уу, эсвэл сэлгээнд суулгах болов уу?
-Би Германтай хийсэн тоглолтоороо шигшээд тоглох эрхийг олж авсан гэж бодож байна. Энэ ДАШТ миний хувьд сүүлчийнх маань болох байх. Би дэлхийн аварга болоод карьераа өндөрлөхийг хүсч байна.

(Өнөөдрийн монгол 129/299)
БэлтгэсэнЭ.БАТЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button