Талийгаач хамгаалалтын бүс зүүгээгүй байжээ

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний барилга дээр ажиллаж бай­сан нэгэн ажилчин нас барсан талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Талийгаач Авзага трэйд компанийн ажилчин бөгөөд уг компани нь Төрийн ёслол хүндэт­гэлийн өргөөний барилгын ажлын туслан гүйцэтгэгч юм байна. Осол хөдөлмөр хамгаалал, аюлгүй байдлыг сахиагүйгээс үүдэлтэй гэж үзэж буй. Одоогоор Авзага трэйд ком­панийн зүгээс тусламж үзүүлэхээр ярилцаж байгаа аж. Харин энэ ослоос үүдээд янз бүрийн яриа таамаглал гараад байна. Тиймээс талийгаачийг осолдох үед ойролцоо ажиллаж байсан хүмүүстэй уулзлаа. Осол гарсан өдөр талий­гаач тус барилгын баруун талын хамгийн дээд хэсэгт ажиллаж бай­сан гэнэ. Харин барилгын дунд хэ­сэгт ажиллаж байсан залуу ийнхүү ярьж байна.

-Осол гарахыг та харсан уу?


-Yгүй. Хүн уналаа гэсэн яриа гарахад л би мэдсэн. Бид 13 цагт үдийн хоолондоо орсон. Yдийн хоолны өмнөхөн 12 цагийн орчимд осол гарсныг мэдсэн.

-Осол гарсан болохоор тэр өдрийн ажлыг зогсоосон уу?


-Yгүй. Энэ том барилга болохоор хэдий ойр байсан ч гэсэн зарим нь хожим мэдсэн. Ихэнх маань мэдээгүй ажлаа үргэлжлүүлж байсан. Yдийн хоолны дараа Нийслэл өргөө компанийн удирдлага бүх ажилчдыг цуглуулж Хүн унаж нас барлаа. Иймд хамгаалалтын бүсээ сайн зүүж бай гэсэн үүрэг өгсөн.

– Та нар хамгаалалтын бүсээ байнга хэрэглэдэг биз дээ. Хөдөлмөр хамгаалал хэр байдаг вэ?


-Хэрэг болохын өмнөхөн хамгаалалтын бүсээ сайн зүүж бай гээд сануулж л байсан. Хэн ийм явдал болно гэж бодох вэ? Yнэхээр харамсалтай юм боллоо.

-Түргэн тусламж, цагдаагийнхан цаг алдалгүй ирсэн үү?


-Бид л лав юм мэдээгүй. Хоёр цагдаа удирдлагуудтай уулзаад явахыг нь холоос харсан

-Талийгаач кран дээрээс унасан юм уу?


-Ажилчдын яриагаар газарт унаж биш, унахдаа нэгэн зүйлд өлгөгдөж нас барсан гэж байна билээ. Талийгаач саяхан ажилд ороод хоёр, гурав хонож байгаа, гэрээгээ хийж амжаагүй гэсэн.

-Ямар ажил хийдэг байсан юм бол?


-Гагнуур хийдэг байсан гэсэн. Бүсээ зүүгээгүйн улмаас зогсч бай­сан банзан дээрээс хальтарч унасан гэсэн.

Ардын эрх сонин 132 /410/

С.Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button