Ерөнхийлөгч Чингис хааны хөшөөг амилуулна

Монгол Улсын хилийн дөрвөн захын цэг, Чингис хааны төрсөн нутаг, түүхэн дурсгалт газрын хөрс, ургамал, рашааны дээжийг морин өртөөгөөр нийслэл рүү залж байгаа гэнэ. Зүгээр ч нэг морин өртөө биш. XIII зууны морин өртөөчний хувцас сэлттэй морьтон мөн л эртний загвартай саванд энэ бүхнийг тээж яваа. Ийнхүү зүг зүгээс довтлон ирж буй элчийн авчрах дээжээр Чингис хааны хөшөөг амилуулах гэнэ. Энэ талаар Их Монгол 800 үндэсний хорооны Бүтээн байгуулалтын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Балжиннямаас тодрууллаа.

-Хөшөөг яаж амилуулдаг юм бэ?


-Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний урд хэсгийн нээлтийг энэ сарын 10-ны өдрийн морин цагт хийхээр тогтсон. Нээлтийн үеэр хөшөөг амилуулах ёслол болно. Амилуулах, Оршоолох, Хумх бүтээх ёс гэдэг үгийг хэлэлцэж, амилуу­лах гэдэг нь илүү тохиромжтой юм байна гэж сонгосон. Чингис хааны хөшөөнд төрсөн газар Дэлүүн болдог, хаанд залагдсан Хар зүрхний Хөх нуур, Онон мөрний Хурхын бэлчир, Хорхонуг
жибур, Хэрлэн мөрний Хөдөө арал, Их Монгол Улсын нийслэл байсан Их Ауруг ордны суурийн дээж, байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт газар, уул, ус, ургамал, чулууны дээж, Монго­лын нууц товчооны сонгомол эхийн нэг хувь тэргүүтнийг хийж хөшөөг амилуулна. Дээжийг нийслэлд морин өртөөгөөр залж авчирч байгаа. Хөшөөг амилуулах ёслолыг төрийн тэргүүн гүйцэтгэнэ. Энэ үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг Сүхбаатарын талбайд цэнгүүлнэ.

-Хөшөөг амилуулахад лам оролцох уу?


-Төр шашин тусдаа байх ёстой. Тиймээс хөшөөг амилуулах ажилд лам оролцуулахгүй.
-Онгоц, машин байсаар байтал дээжийг яагаад морин өртөөгөөр авчирч байгаа юм бэ?
-Түүх соёлоо сэргээх үүднээс XIII зууны морин өртөөгөөр залж байгаа юм. Морин өртөө жуулчны баазуудаар дайрч ирнэ. Нэг ёсны түүхээ сурталчлах шоу юм.

-Ямар зургийг нь үндэслэн хөшөөг бүтээсэн бэ?


-1279 онд зурсан гэгддэг, Тайвань улсын музейд хадгалагдаж буй 66 настай Чингис хааныг дүрсэлсэн зургийг бодит байдалд хамгийн ойр гэж судлаачид дүгнэдэг. Уг хөргийг үн­дэслэн 45 настай дүрийг нь тооцоолж бүтээсэн.

Ардын эрх сонин 132 /410/

Г. Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button