Наадмын үзвэрүүд үзэгчдийг уйдаахгүй

Наадмаар монголчуудынхаа болон гадаадын жуулчдын нүдийг хужирлах олон үзвэрийг Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны Урлаг, соёлын салбар комиссынхон бэлтгэж байна. Энэ талаархи мэдээллийг уншигчиддаа хүргэе.

Наадмын нээлтэд 4000 орчим уран бүтээлч оролцоно

Үндэсний их баяр наадмын нээлтийг нэгдсэн төр улс байгуулагдсан үеийг санагдуулам тоглолтоор эхэлж, Чингис хаан, Өүлэн эх, есөн өрлөг жанжин, Есүхэй баатрыг наадамчидтай уулзуулах гэнэ. Мөн бөөгийн дуудлага, бүжиг, Алангуа эхийн домог, ханлиг олон улсуудын тэмцэл, тулалдаан болон Их Монгол Улс хэрхэн байгуулагдсан талаархи түүхэн үйл явдлыг уран сайхны хэлээр өгүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, наадмын нээлтийн ажиллагаа тэр чигээрээ Их Монгол Улсын үүсэл гарлын тухай сэдэвтэй байх аж.
Энэ жилийн наадмын бас нэгэн сюрприз гэвэл наадмын нээлтэд 800 уртын дуучин, 800 морин хуурчийг оролцуулах болсон явдал юм. Нээлтийн ажиллагаанд оролцох морин хуурчид, уртын дуучдыг хоёр жилийн өмнөөс сонгож, бэлтгэл сургуулилтыг нь хийлгэж эхэлсэн байна. Мөн 800 хүүхэд оролцсон уран хөдөлгөөнт гимнастикийн тоглолт, монгол тулааны урлаг зэрэг үзүүлбэрүүд ч багтжээ.
Олон түмний анхаарлыг татахаар сонирхолтой зохиомж найруулгаар хийж буй наадмын нээлтийн ажиллагаанд нийтдээ 4000 орчим хүн оролцож байгаа аж. Хамгийн олон уран бүтээлчийг хамруулсан энэ жилийн наадмын нээлт цаг орчим үргэлжлэх юм байна. Наадмын нээлтийн ажиллагааны найруулагчаар СУИС-ийн багш, доктор, профессор Д.Ганхуяг тэргүүтэй 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна.

Үндэсний найрал хөгжмийн концертоо түлхүү оруулжээ

Мөн наадмын үеэр болох Төрийн хүндэтгэлийн концертыг их эзэн Чингис хааны үеийн амьдрал, онцлогийг урлагийн хэлээр олон түмэнд хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Төрийн хүндэтгэлийн концерт долдугаар сарын 10-ны өдрийн 15, 19 цагаас Соёлын төв өргөөнд болох юм. Гурван хэсэгтэй энэ концертод 1000 орчим хүн оролцох гэнэ. Их Монгол Улс, Тусгаар тогтносон Монгол Улс, Орчин цагийн Монгол Улс гэсэн гурван хэсэгтэй Төрийн хүндэтгэлийн концертод хөгжимт театр, дуу, бүжгийн шилдэг уран бүтээлчид оролцох аж. Эзэн Чингис хаан үед үндэсний найрал хөгжимтэй байсан учир энэ төрлийн хөгжмийг концертдоо түлхүү оруулсан байна. Төрийн хүндэтгэлийн концерт хоёр цаг 30 минут үргэлжлэх аж. Мөн концертод ардын үндэсний урлаг, сонгодог болон эстрадын шилдгүүд оролцож, ая дуугаа өргөх юм байна.
Төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетмейстр Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Д.Жамьяандагва болон залуу найруулагч Эрдэнэбаатар нар ажиллаж байна. Концертыг телевизээр шууд дамжуулан хүргэх юм байна. Наадмын хаалтын ажиллагаа тун сонирхолтой болох төдийгүй. 30 минут орчим үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд үндэсний бүжгийн үзүүлбэрүүд, ардын бүжгийн чуулбарыг сонирхуулах аж. Харин дараа нь Халуун элгэн нутаг дууг нийтээрээ дуулах юм байна.

Үүр цайтал Улаанбаатарын үдэш-ээр

Үүрэг холдинг компанийнхан наадмын орой Улаанбаатарын үдэш цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн шоу цэнгүүн маань өмнөх жилүүдийнхээс илүү онцлогтой болно гэж зохион байгуулагчид нь ярьсан. Долдугаар сарын 11-ний 10 цагаас эхлэх наадмын шоу үүрийн зургаан цаг хүртэл үргэлжилнэ гэсэн. Энэ үеэр Харанга, Никитон хамтлагийнхны бүрэн хэмжээний амплаггед тоглолт болох гэнэ. Харин өөр ямар нэгэн хамтлаг, дуучид шоуд оролцохгүй гэсэн. Цэнгүүн үнэ төлбөргүй учир хүссэн хүн бүхэн үзэж сонирхох боломжтой аж. Улаанбаатарын үдэш цэнгүүний үеэр худалдаа, үйлчилгээ, спортын тэмцээн, гар зургийн уралдаан гээд олон төрлийн арга хэмжээг зохиох юм байна.

126 сая төгрөг төсөвлөжээ

Энэ сарын арванд Төрийн ордны өмнөх Чингис хааны дурсгалын цогцолбор, Чингис хааны хөшөөний нээлтийг хийхээр төлөвлөсөн байна. Мөн энэ үеэр анх удаа Төрийн их сүлд цэнгүүлэх ёслол болох юм. Их сүлдэнд мөргөх, адис авах хүсэлтэй хүн бүр үүнд оролцох боломжтой аж. Энэ жил баяр наадмаар урлаг, соёлын салбар хороонд 126 сая төгрөг төсөвлөжээ. Филипп Киркоров 25-нд тоглоно
Наадмын үеэр болох урлаг соёлын фестивальд гадаадыи нэртэй хамтлагууд ирэх юм байна. Үүнийг Буян компаниас зохион байгуулах аж. Энэ нь зөвхөн шоу биш, олон улсын үзэсгэлэн худалдаа нэртэй фестиваль юм. Фестивальд оролцохоор Туркээс 40-45 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн баг ирэх аж. Мөн Англи, Герман зэрэг 10 гаруй орны хамтлаг, дуучид энэхүү фестивальд оролцохоор ирэх болжээ. Хамгийн сонирхолтой нь алдарт дуучин Филипп Киркоров өөрийн хамтрагч Маша Распутинагийн хамт хүрэлцэн ирэх аж. Тэдний тоглолт энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд болох юм байна. Харин 14-нд Монголын урлаг соёлын оддын шоу тоглолт болох гэнэ. Гадаадын бусад хамтлаг, дуучдын тоглолт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх фестивалийн өдрүүдэд болох аж. Тоглолтын тасалбарууд 3000 төгрөгийн ханштай байна гэсэн.

Чингис хаан 800 жилийн тэртээгээс эргэж ирсэн нь

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл Японы His ХХК-ийн захирал Савада Хидзо нар 500 морин цэргийн наадмыг хамтран зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын Төгрөг багийн нутагт зохион байгуулах уг ажиллагаанд Монголын талаас Жуулчин Монгол наадам, MCS групп, Мобиком корпораци, Японы талаас Эйч Ай Эс, Дэнцу, Иточу корпораци хамтран оролцох юм байна.
Чингис хаан 800 жилийн тэртээгээс эргэж ирсэн чь нэртэй уг наадам Тахилтын энгэр гэдэг газарт долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 31-ний хооронд болох аж. Гадаадад аялал жуулчлалын салбар, дотооддоо зочид буудал, аялал жуулчлалын мэдээллийн төвөөр дамжуулан тоглолтын тасалбарыг борлуула* юм байна. Батлан хамгаалах яамны харьяа анги, салбарын цэргүүд оролцох эл наадмаар XIII зууны үеийн Монголын морьт баатруудын эрэлхэг дайчин, уран гайхамшигт тулалдааны арга барилыг үзүүлэх аж.

Их Монгол-800″ үзэсгэлэн

Энэ сарын 10-ны 10 цагт Уран зургийн галерейд Их Монгол-800″ нэртэй уран зургйин үзэсгэлэн нээгдэх гэж байна. Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд зориулсан уг үзэсгэлэнд Монголын нэр нөлөө бүхий зураачид бүтээлээ дэлгэх аж. Энэхүү үзэсгэлэнг олны хүртээл болгохоор Болд ахлагчтай зураачдын баг ажиллаж байна. 22 шинэ бүтээлээ өргөн барина. Баяр наадмын өдрүүдэд соёл, урлагийн байгууллагууд өөрсдийн бэлтгэсэн 30 гаруй шинэ бүтээлээ үзэгчдэд өргөн барих гэнэ. Концерт, жүжиг, циркийн тоглолт, бүжгэн жүжиг, шоу цэнгүүн гээд үзэгчдийг уйдаахгүй олон тоглолт энэ өдрүүдэд болох нь. Үзвэрийн тасалбаруудын хувьд өмнөх жилүүдийн тоглолтын ханштай ижил байх гэнэ.

2006.07.6 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button