Битгий гэсэн болгоныг үзэж, Болохгүй гэсэн бүхнийг мэдрэх хүсэл хяслангийн тухайд

Яагаад тэгдэг байсан бэ гэхээр хөгшин залуугүй л түүнийг Сэгсийсэн муу хар шуналын тулам хэмээн далдхан муулна. Яахаараа ч тийм нэр авчихсан юм зайлуул, мөн хүмүүс ийнхүү ярьдгийг мэддэг, мэддэггүй ч бүү мэд чимээгүйхэн гадна дотно ажлаа амжуулаад явж харагддагсан билээ. Гэхдээ түүний үнэхээр жаахан илүү харж, билүү долоодгийг яах аргагүй мэдсэн юм. Тэрбээр хүний тавьсан хавхыг эргэж яваад тарвагыг нь авах санаатай хар өглөөгүүр очоод нөгөөдөхдөө сэнжлүүлснээс үүрдийн тахир дутуу нэгэн болов. Хулгар шар гайхал түүний гарын гол шөрмөсийг тас сэнжилсэн байлаа. Ер нь хулгайг шуналтай холбох ч бас өвчин гэж үзэх тал бий. Манайхан хулгайг түүхийнх нь хувьд хоёр хувааж ирсэн байдаг юм. Юу гэхээр хувьсгалаас өмнөх хулгайч ба хойдох үеийнх гэж. Хувьсгалаас өмнөх малын хулгайчдыг бид сайн эр хэмээн магтаж ирэв. Одоо ч тэднийхээ тухай дуу шүлэг, кино, тууж хөврүүлсээр л. Харин ардын хувьсгал ялж, нэгдэл хэмээх айл бий болсноос хойш малын хулгайч нарыг нэг нүдээр үзэхээ больж социалист өмчийн хамгийн бузар дайсан хэмээн үзэж, насаар нь шоронд хатаадаг байлаа шүү дээ. Тэгэхээр нэгэнт хулгай хийж байгаа явдлыг ийнхүү үндсэнд нь хоёр хувааж болсонюм чинь шуналыг бас ангилах нөхцөл үүсч буй хэрэг гэж үзэж болно биз дээ, ингэхэд.
Тэгэхээр энэхүү шунал гэх нөхөр ямартай ч хувьсгалын өмнөх ба хойдох үеийг бидэнтэй хамт туулаад эдүгээ зах зээлийн нийгэмд мөн л мөр зэрэгцэн орж ирсэн байна. Гэхдээ учир нь олдохооргүй зүйл бас бий.
Тухайлбал, хөдөөний нэг овсгоотой эр гараараа гөлөм хийгээд жаахан өндөр үнэтэй зарчихвал муу шуналтай хар наймаачин хэмээн хараана. Орос дэлгүүрт хүүхдийн гутал аваад бараан зах дээр бага зэрэг өндөр үнэтэй зарчихсан нэгнийг дамчин хэмээн цоллож, бас л шорон гяндангаар айлгана. Тэр ч байтугай хийнэ ч. Гайгүй шиг зүс царайтай амбаар барьсан хүнийг шунал нь дэндсэн нүгэлт хар баян гэлцдэг байлаа. Харин эдүгээ шунал хэмээх нэр дамчин гэдэгтэйгээ хамт алга болж, бараан зах дээр айж эргэлзэлгүй дуртай үнээ хэлэх нөхцөл бүрдээд удаж байна. Энэ бүгдэд бүр дасал болсон. Өөрөөр хэлбэл, хэн хүний гайхаад байх зүйл биш болсон хэрэг. Хэрвээ чи өөрийнхөө хөлс хүчийг л гаргаж буй бол яаж мөнгө төгрөг олох, хэрхэн хөрөнгөтэй болох нь хэнд ч падгүй.
Ингэхэд энэ бүгдийг юуны учир нуршив гэхээр эдүгээ шуналтан, шударга хөдөлмөрлөгч хоёрын ялгаа бага сага гарах болсонтой холбоотой юм. Товчоор хэлбэл хэн нэгнийхээ шударгаар олсон хөдөлмөрийн үр дүнг, зүв зүгээр сууж байгаад ашиг олох гэсэн шуналда’ хөтлөгдөн салхинд хийсгэж орхисон, эдүгээ ид сүр дуулиан нь дэгдээд буй хадгаламж зээлийн хоршоодын хадгаламж эзэмшигчдийг ийнхүү нэрлэх гээд байна. Хатуу үг хэлсэнд уучлаарай хэмээн юуны өмнө хүлцэл өчье. Гэхдээ үг үнэн тусмаа хатуу байдаг нэг тал бий. Өнөөдөр л гэхэд Америк хэмээх оронд хоёр нарны хооронд амрах зав байдгийг умартан байж цуглуулсан ах, эгч хоёрынхоо 30 мянган долларыг ганцхан сарын хугацаатай хадгалуулаад дундаас нь зүв зүгээр сууж байгаад нэг сая гаруй төгрөг халаасалчих тооцоо хийсэн нөхөр үхэх багадах гэж болчихоод явж байна. Харин хаа ч очиж, хамаг бурууг өөрийнхөө шуналд өгч сууна. Ийм жишээ энэ хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө өсгүүлэхээр өгсөн ихэнх хүнтэй холбоотой байна. Тэдний зүв зүгээр сууж байгаад мөнгөө өсгүүлэх шуналыг сарын өндөр хүү даллаж, эцэст нь ийм юманд хүргэлээ. Уг нь мөнгөөрөө талх, зайрмаг авсан шигээ өдөрт зуун цаасны ашигтай ажиллаж байсан бол хамаагүй дээр шүү дээ хэмээн учир мэдэх хүмүүс ярих болж. Ер нь л хадгаламж зээлийн хоршоодын өндөр хүүг харсан болохоос яадаг ийдэг журам номтой, хэрхэн яах талаар огтхон ч анхаарал тавиагүй, хэзээний хэнэггүй, хээгүй, хайхрамжгүй, дээр нь гэнэн итгэмтгий монгол зан ихээхэн нэрмээс боллоо гэлцэж байна. Нээрээ ч эдүгээ бид чононоос хашир байх ёстой нийгэмд хөл тавиад удаж буй хэрнээ мөнгө өсгөнө, виз гаргана, гадаад явуулж өгнө, гэх зэргийн худал хуурмаг амлалтад үнэг шиг хууртах найз нөхдөө хараад огтхон ч хашрахгүй юм. Тэгээд өөрийн биеэр амссан хойноо орчлонгоор нэг бархирч, одоо болохоор энэ бүхний буруутан нь төр, тийм учир Төр гуай та тэр миний алдсан мөнгийг олж өг хэмээгээд төрийн ордныхоо үүдэн дээр овоорон 76 гишүүдээ хоргоох болжээ. Ингэхэд энэ 76 хүн чинь төр биш. Засгийн газрын тэр нэг хэдэн сайд минь бас төр биш. Төр гэдэг чинь эцсийн эцэст та бид. Төрийг төлөөл гэж л та бид энэ хэдийгээ магтан байж саяхан сонгосон шүү дээ. Одоо тэднийгээ заамдаж аван, огцор цувар хэмээн загнах болсон төдийгүй хамгийн хачирхалтай нь хадгаламж зээлийн хоршоонд миний өгсөн мөнгийг яг анх өгсөн хэмжээгээр маань хүүтэй юутай нь эргүүлэн олгуулсангүй, САПУ-гийн шатсан мөнгийг Алтангаас гаргуулсангүй гэх зэргийн гаж гэмээр, бүүр өөрийнхөө шунал хийгээд сувдаг сэтгэлийн төлөөсийг зөвтгөн, жинхэнэ буруутан бус харин ч ямар нэг гэм зэмгүй төрийн түшээдээ барьцаа болгон гацааж байгаа явдал яав ч эрүүл саруул үзэгдэл биш. Нөгөө улстөрчид нь ч ялгаагүй үнэнийг нь хэлчихвэл нэр хүндгүй болчих гээд байгаа мэт санагдцаг болов уу хэмээх аятай тал засах замыг сонгосон нь тэднийг бүүрч гааруулах ажээ.
Өнгөрсөн жил Орост яг манай энэ хадгаламж зээлийн хоршоодтой адил хэрэг олон гарсан. Тухай бүр хүмүүс Улаан талбайгаа зүглээд байсангүй. Төр нь яасан гэхээр бараг л Хохь чинь гэсэн юм. Өөрөөр хэлбэл, өдий олон зах зээл, гэж явчихаад ийм юманд итгэж мөнгөө өгдөг чинь та нарын хохь л гэсэн. Шулуухан л тэгж хэлнэ билээ. Тэгэхээр шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр нөгөөдүүл чинь хуулийн зөвлөх энэ тэр аваад тэр хадгаламж зээлийн хоршооныхоо үйл ажиллагааг үргэлжүүлэх нөхцөлийг нь хангаж өгсөн байгаа юм. Манайхан шиг цагдаа нь давхиж орж битүүмжлээд л, мөнгөө алдсан гээд буй хүмүүс тэр хоршооныхоо хаалгыг дарж зогсчихоод байгаа шиг үйл явдал өрнөсөнгүй. Шалгадаг нь хяналтаа тавиад, хоршоонд мөнгөө хадгалуулсан хоршооны эзэд үйл ажиллагааг хяналтдаа авсны хүчинд өөрсдөө мөнгөө эргүүлэн олж авах нөхцөл бүрдсэн байгаа юм. Товчоор хэлбэл, тэд өөрөө өөрсдийнхөө байгуулсан хоршоонд анхаарал тавьж эхэлсэн агаад манайхан шиг огт хамаагүй төр гээчийн зүг хүрз жоотуу хангинуулан дайрсангүй ээ. Ерөнхийдөө та нарын буруу хэмээн төр хэлснээр олон хүнийг өөрөө өөрийнхөө өмнө хариуцлагатай болгож, олон хүнийг юманд хамаагүй няхуур нямбай ханддаг болгосноороо сайн талтай хэмээн Оросын хэвлэлүүд дүгнэж байна. Нээрээ ч таварцаглаж унасан хүүхдийг яав, ийв гээд тал талаас нь хошуу цорвойлгохоор яадаг билээ дээ. Харин огт тоохгүй бол бас яадгийг бид мэднэ. Тэгэхээр зудад малаа үхүүлж, үерт хамаг юмаа алдах, хадгаламж зээлийн хоршоо болоод гадаадад виз гаргаж өгнө гэсэн хүмүүст хулхидуулах хоёрын ундэс язгуур нь үнэндээ шал өөр. Хэрвээ энэ янзаар яг төр гэдэг нэг барих биегүй юмны төлөөлөл болсон хүмүүс хэн нэгний, хэсэг бүлгийн алдаа бүхнийг үүрдэг хайнагийн шар маягийн юм болж хувирвал улс гэж байхын хэрэг юун. Наад зах нь л гэхэд тун удахгүй Казиногийн хууль батлагдсанаас болоод миний хүү хамаг юмаа алдчихлаа гэсэн баахан аав, ээж мөн л бий болж, наад саарал ордны чинь хаалган дээр очоод хэвтчихсэн байхад хэн ч гайхахааргүй нөхцөл аль эрт үүсчихлээ. Ялангуяа, манайхан шиг Битгий гэсэн болгоныг үзэж, Болохгүй гэсэн бүхнийг өөрийн мах ясаараа мэдэрч байж сая санаа амардаг ард түмний хувьд энэ мэтийн хэрэг явдлыг эртнээс ялгаж салгаж өгсөн нь цааш цаашдынхаа хүмүүст тус нэмэр болно. Төрөлхийн залхуу, дээр нь зүв зүгээр сууж байгаад юм олчих гэсэн шунал хоёр эдүүгээ өөрийнхөө өмнө хүлээх хариуцлага хэмээх зүйлийг олон хүнд мартуулсан байна. Үүнийг нэг талаас мартаж, нөгөө талаас мартагнуулж болохгүй зүйл. Яагаад гэхээр энэ нийгэм чинь эрсдлээр жинхэнэ пиг дүүрэн язганаж байдаг эд шүү дээ.

2006.07.6 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button