Засгийн газрыг унагах операцид хэний гарын үсэг дутуу байна вэ?

УИХ-ыг завсарлуулмааргүй байна гэцгээн гэнэт ажил хэрэгч болж орхисон Ардчилсан намынхан Төрийн ордонд завгүй гүйлдэж, гарын үсэг цуглуулан хөөрцөглөж байв. Г.Батхүү, Н.Батбаяр, С.Баярцогт нараар ахлуулсан Алтан гадас-ын голдуу 15 гишүүн М.Энхболдын Засгийн газарт итгэх арга алга гэсэн утгатай албан бичигтөлөвлөн өөрсдийн мутрыг зураад амжиж. Засгийн газрыг байгуулагдахаас нь эхлээд хонзонтой мэт авирласаар ирсэн тэдэнд М.Энхболдын танхимтай тооцоо бодох гурван томоохон шалтгаан байгаа гэлцэх. Тэр нь нэгдүгээрт, нийгмийн хамгааллын зоригтой алхмууд хийж ард түмний тааллыг хүртээд байгаа Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын нэр хүндийг унагах хүсэл нь бүхний нүднээ ил харагдаж байгаа. Хоёрдугаарт, одоогийн Засгийн газрын алхмууд хэсэг бүлэг улстөрчдийн эрх ашигт нийцэхгүй байгаа нь мэдээж. Тиймээс өмнөх танхимаас мултарсан сайд асан нарын удирдлага дор Үндэсний эв нэгдлийн Засгийн газартай тооцоо бодохоор улайрч байгаа ч байж мэдэх юм. Ардчилсан намынхан хэзээнээсээ улстөрийн хорчингууд гэгддэг улс. Тэр дундаа Алтан гадасыг гүйцэж хор найруулах амаргүй гэлцэх юм билээ. Харамсалтай нь улстөрийн нам доторхи хор төр рүү орж ирэх маяг орж байгаад санаагаа чилээх хэрэгтэй болов уу. Засгаа сэгсрэхээр гарын үсэг цуглуулж буй гишүүд УИХ дахь ИЗН-ын хоёр гишүүнд хандаад дэмжлэг авч чадаагүй гэсэн. С.Оюун, М.Зоригт нар Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын сүүдэр болж ажиллахаас биш, унагааж дэвсэх хүсэлгүй гэдгээ илэрхийлсэн юм байх. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн доторхи бас нэгэн фракц болох Зүүн өмнөд Азийн фракц буюу Р.Бадамдамдин нарын гишүүд ч үгүй гэж толгой сэгсэрч мутраа хайрлахаас түвэгшээсэн сураг байна. Төрийн наадмаас өмнө төрийг төвхнүүлчих санаатай гишүүд гишүүн Х.Баттулга, Р.Эрдэнэбүрэн нарт найдлага тавьж байгаа гэнэ. Гэсэн ч нөгөөдүүл нь энэ засгийг унагалаа гэхэд дараагийн Засгийн газрын танхимд Ардчилсан намынхан, ялангуяа Алтан гадас-ынхан орно гэж зүтгэхгүй гэх баталгааг хэн гаргах юм бэ гээд хойш чангааж байгаа юм байна. Ямар ч болов засгийг өөрчлөх талаар Ардчилсан нам хүчтэй, уян хатан хөдлөх шаардлагатай гэдэг дээр санаа шулууджээ. Харин яаж хөдөлгөх вэ гэдэг асуудлаар одоохондоо гарч хараахан олж чадахгүй байгаа аж. Намын дарга Ц.Элбэгдорж хувийн чансаагаа дээшлүүлэх туйлын хүолтэй тул Одоохондоо би энэ хэрэгт оролцохгүй. УИХ дахь гишүүд өөрсдөө зохицуул гэсэн үүрэг өгөөд харзнаж байгаа юм байна. М.Энхболдын Засгийн газарт хорссон Ардчилсан намынхны дараагийн алхам нь гэнэтийн осол, зарим гишүүний тавьтиргүй байдал зэргээс шалтаглан Засгийн газрын танхимтай хариуцлага тооцох шударга санаачилга хэмээн эх сурвалж мэдээлсэн. Хөшигний ар дахь улстөр хэрхэн өрнөж байгаа талаар товч мэдээлэхэд ийм байна.

2006.07.6 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button