Монгол улс авилгын эсрэг хуультай боллоо

Тэд өчигдөр Авилгын эсрэг хуулийн төслийг дуу нэгтэй баталсан юм. Эрхэм гишүүн Р.Гончигдоржийг эс тооцвол эл хуулийн талаар үг хэлж, асуулт асуух хүн бараг гарсангүй. Байнгын хороодын хуралдаанаар дээрх хуулийн төсөл дэх Төрийн байгууллага, албан тушаалтан авилга гарах нөхцөл боломж бүрдүүлсэн, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тушаал, шийдвзр, журам, дүрмийг Авилгатай тэмцэх газраас өгсөн шийдвэрийн дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчилнө. Хэрэв шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хүчингүй болгох буюу өөрчлөлт оруулаагүй бол тэдгээрийг хүчингүй болсонд тооцно гэсэн заалтыг хасах санал гаргасан нь Р.Гончигдорж гишүүнийг бухимдуулахад хүргэжээ. Тэрээр Ашиг сонирхлын зөрчилдөөн хаа сайгүй л байдаг. Авилгын эсрэг хууль бол авилгыг газар авахуулахгүй байх талаар хийж байгаа арга хэмжээ.
Гэтэл энэ заалтыг хасчихаар тэр ёсзүйн талаарх ойлголт чинь хаана нь үлдэх хэрэг вэ хэмээсэн ч нэмэр болсонгүй.
Авилгын эсрэг хуулийн теслийг баталж, өмнөх хуулийг хүчингүй болгох үед Харамсмаар юм зөндөө байгаа шүү, энэ хуульд, За, яахав ямар ч байсан хуультай боллоо гэсэн явган яриа чуулганы танхимд дэгдэв. Авилгын эсрэг хууль ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхлэхийг ч гишүүд дэмжлээ. Гэхдээ түүнээс өмнө Ерөнхийлөгч Авилгатай тэмцэх газрын даргад нэр дэвшүүлэх хүнийхээ нэрийг УИХ-д танилцуулах ёстой гэнэ.
Монголын нийгмийн сэтгэлзүйг зовоосон нэгэн чухал асуудлыг та бид хууль эрхзүйгээр зохицуулахаар боллоо. Yр дүн нь яваандаа харагдах байх гэж УИХ-ын дарга Ц.Нямдорж өгүүлнэ лээ. Yнэндээ энэ хуулийг батлах эсэхээр санал хураалт явуулахаас өмнө тэрээр намуудын төлөөллийг хуралдаандаа суухыг уриалж, зарим гишүүдийг орж ирэхийг нь хүлээх зуураа Гадаад хэргийн сайдын мэдээллийг сонссон болохоор гишүүдийн анхаарал өөр зүгт сатаарчихсан юм. Эрхэм спикер нэлээд хэд хоногийн өмнө Eagle телевизийнхэнтэй уулзахыг сайдад даалгасан аж. Н.Энхболд сайд Хуульзүйн сайдын хамт тус телевизийн төлөөлөгчтэй уулзсанаа мэдээлэв. УИХ-ыг тараа, Төрийн өндөрлөгүүдийг буудаж хороох хэрэгтэй хэмээн уриалсан нэвтрүүлгээ зогсооно гэж байна уу гэж УИХ-ын даргыг лавлахад Иргэдийн санаа бодлыг шууд сонсдог нэвтрүүлгээ тус телевиз зогсоохгүй. УИХ-ын дарга таны хэлсэн үгэнд тэд эмзэглэсэн байна лээ гэв. Хариуд нь Ц.Нямдорж дарга Тэгвэл ер нь ойлголцож байгаа юм байна. Би гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай телевиз УИХ-ыг тараа, Монголын төрийн тэргүүнийг буудаж хороо гэж уриалаад байгааг л хэлсэн юм. Хэрвээ нэг монгол хүн Америкт очиж телевиз байгуулаад, түүгээр нь Ж.Бушийг буудаж хороо гээд уриалаад байвал америкчууд хэр хүлээж авах бол доо. Та нар монгол хүнтэй л уулзсан юм байна шүү дээ. Жинхэнэ эзэнтэй нь уулзахгүй бас Элчин сайдтай нь яриарай гэсэн яасан бэ. Элчингийнхэнтэй уулзсан юм уу гэхэд хажуунаас нь М.Зоригт, С.Оюун нарын гишүүд Болиоч, энэ асуудлыг эсэргүүцэж байна, дарга аа. УИХ-ыг тараа гэж бүх телевизээр л гардаг. 25 дугаар суваг телевизээр ч гардаг. Та тэднийг бүгдийг нь дуудаад уулзаач гэж эсэргүүцлээ. Ц.Нямдорж Шаардлага гарвал тэгнэ. Монголын төр, төрийн түшээд нь хариуцлагатай байх ёстой. Тэгж яривал тэр байгууллага чинь христийн шашин шүтдэг хүнийг ажилд авна гэсэн зар тараадаг юм байна лээ. Хүнийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхсан гэдэг утгаар нь хандаж болно шүү гэв.
Төрийн дууллын үгийг засварлахад зургаан Ардын уран зохиолч оролцжээ
Ц.Дамдинсүрэн агсны зохиосон үгсийг өнөө хэр дуулж ирсэн монгол түмэн Төрийн дууллынхаа үгийг өчигдөр шинэчлэн баталлаа. Дарлал, зовоож гэсэн үгс орчин үед нийцэхгүй болсон гэсэн шалтгаанаар хуучирсан үгсийн оронд нэгэн шинэ бадгийг манай урдаа барьдаг найрагчид нэмж оруулжээ. Зургаан ч Ардын уран зохиолчийн оюун ухаанаа уралдуулан байж засварласан гэх Төрийн дууллын шинэхэн засвар зарим гишүүнд огт таалагдсангүй. Хуучнаараа байсан бол илүү дээр байсан юм, өмнөхөөсөө муу болсон байна гэсэн шүүмжлэл чуулганы танхимд сонсогдож байсан ч эл өдөр Төрийн дууллын шинэчилсэн үгийг баталж орхисон.
60 тэрбумын бонд гаргаж, орон сууц барихыг дэмжив
40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг дэмжих зорилгоор бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц барих, барилгын салбарт ажлын байр нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар дунд хугацааны 60 тэрбум төгрөгийн бонд гаргах саналыг УИХ-д өргөн барьсан билээ. Уг саналыг эрхэм гишүүд эхний хэлэлцүүлгээр дэмжиж, баталсан юм. Барилга, хот байгуулалтын яамныхан 50 шоо метр буюу хоёр өрөө ижил загварын орон сууцыг барьж, төрийн албан хаагч нарт гхудалдан борлуулах гэнэ. Тэрхүү сууцны үнэ 15 сая төгрөг байх аж. Энэ нь өнөөдрийн зах зээл дэх ханшаас 9-13 сая төгрөгөөр хямд өртөг юм байна. Энэхүү орон сууцанд эхний ээлжинд шүүх засаглалын системын байгууллага, УИХ-ын Тамгын газар, төрийн яам, тамгын газар, холбогдох агентлаг болон сэтгүүлч, телевизийн холбооны албан хаагч нарыг хамруулах гэнэ. Мөн төрийн байгууллагуудаас орон сууцны барилгын ажлын зургаа хийлгэсэн, инженерийн шугам сүлжээ, техникийн нөхцлөө шийдсэн, барилгын ажлаа эхлүүлсэн боловч хөрөнгийн асуудлаас болж гүйцээгээгүй орон сууцыг санхүүжүүлэн барихаар төлөвлөжээ.
Нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт ч баригдах орон сууцуудын санхүүжилтийн эх үүсвэр болох 60 тэрбумын бондыг Засгийн газраас хоёр жилийн хугацаатай гаргах юм. Орон сууц хүсэгчдэд хамгийн бага хүүтэйгээр сууцтай болгох хувилбарыг сонгохыг хичээснээ Барилга, хот байгуулалтын яамныхан тайлбарлаж байлаа.
Өршөөлөөр суллагдсаныхаа дараа хэрэг үйлдэгсдийг хатуу цээрлүүлэхийг сайдад даалгалаа
Өршөөлийн хуульд 2301 хүн хамрагдаж, эрх чөлөөг амтлахаар өршөөгдөхөөр болоод байгаа. Тэдний сүүлчийн цуваа маргааш наранд гарна. Харин өршөөлөөр суллагдагсдын зардалд зориулах 64 сая төгрөгийг улсын төсвөөс өнөөдрийг хүртэл гаргаагүй, санхүүжилт хийгдээгүй болохыг Ц.Шаравдорж гишүүн өчигдрийн хуралдаанаар УИХ-д мэдэгдэв. Суллагдсан хүмүүс захаасаа хэрэг үйлдээд эхэллээ гэсэн мэдээлэл сонин хэвлэлээр гарч байгаа, өчигдөр гэхэд л таксины жолоочииг дээрэмдсэн байна лээ. Yүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр анхааралдаа аваарай. Өршөөлөөр суллагдаад хэрэг үйлдсэн хүмүүсийг хатуу цээрлүүлэх ёстой. Тэднийг төр өршөөсөн, хэрэг үйлдвэл хэзээ ч өршөөхгүй, төмөр нүүрээ харуулдгийг мэдрүүлэх хэрэгтэй гэж УИХ-ын дарга Ц.Нямдорж даалгалаа.
Өршөөлөөр суллаж байгаа хүмүүсээ хэр сайн судалсан юм бэ. Манай тойргийн цагдаа залуугийн амийг хороосон вьетнам залуу жил ч хүрэлгүй суллагдачихлаа. Сонсч байх нь ээ, тэр чинь хүн амины хэрэг үйлдэхдээ их л зэрлэг авирласан гэдэг юм билээ гэж Р.Буд гишүүн асууна лээ. Хариуд нь Ц.Шаравдорж гишүүн УИХ-ын чуулганы танхим бол хариуцлагатай газар. Хэлж ярьж байгаагаа бодож тунгаамаар юм. Өршөөлд хамрагдаж болохоор болоод л суллаж байгаа хэрэг хэмээн ундууцав.
Ардын эрх сонин 133 /411/
З.Бадмаараг