УИХ Авилгын эсрэг хуулийг баталж, олон жилийн ажлын ард гарав

Тэгвэл өчигдрийн нэгдсэн чуулганаар УИХ нэгэн том ажлын ард гарч чадлаа. Энэ нь бараг 10 жил шахам хууль тогтоогчдын толгойн өвчин болж, батлагдахгүй дуншсан Авилгын эсрэг хууль байв. Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороо уржигдар хуралдаад ашиг, сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг Авилгын эсрэг хуулиас хасахаар санал нэгдсэн.

Гэвч үүнийг Р.Гончигдорж гишүүн эсэргүүцэж цөөнх болсон юм. Уг маргаан чуулганы үеэр ч үргэлжилж, хэрдээ хөөрхөн маргаан гарав. Р.Гончигдорж гишүүн, ашиг, сонирхлын зөрчил байнга байдаг. Нийгмийн аль ч давхрагад бий. Би энэ Засгийн газрыг байгуулах үед ашиг, сонирхлын зөрчлийн талаар их ярьсан. Уул, уурхай, эрчим хүчний чиглэлийн бизнестэй хүн тухайн салбарынхаа сайд хийгээд явж байна. Тэр сайд дараа нь нийтийн эрх ашгийн төлөө бус шийдвэр гаргаад эхэлбэл үүнийг нь хуульд биш, ёс зүйн дүрмээр шийдэх хэрэг үү гэж шүүмжилсэн. Мөн хэрэв гишүүд ашиг, сонирхлын зөрчлийн тухай асуудлыг Авилгын эсрэг хуульд багтаахыг дэмжвэл авилгагүй болохын төлөө УИХ гэдгээ нотолно шүү гэж гишүүдийг хөөргөсөн ч тус болсонгүй. Гишүүдийн олонхи нь Р.Гончигдоржийн саналын эсрэг товч дарчихав.
Энэ үед АН-ын зарим гишүүн ирц хүрэхгүй байгааг анзаарч картаа уншуулчихаад, гараад явсан гишүүдийг дуудан дахин санал хураахыг шаардлаа. Ингээд л алив Д.Идэвхтэн тэрийг, энийг дууд гэж МАХН-ынхан эрэлхийлж, харин Р.Гончигдорж гишүүн зөвлөлийн дарга Л.Гансүхдээ Ц.Баярсайханыг дуудаач гэж захих сонстов. С.Баярцогт гишүүн энэ үед ам хуурай байсангүй, АН-ынхан бүгд байна аа, харин АН-аас өөр намд орогчид л алга гэж хошигнолоо. Ирц бүрдүүлсний дараа дахин санал хураахад Р.Гончигдорж гишүүний санал дахин унаж, албан тушаалтны шийдвэр, ашиг, сонирхлын зөрчилтэй эсэхийг Авилгатай тэмцэх байгууллага шалгахгүй болсон юм. Yүний дараа дахин санал хурааж, Авилгын эсрэг хуулийг олонхийн саналаар бүхэлд нь баталсан. Уг хуулийг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх юм.
Манай улс уг нь 1996 онд баталсан Авилгын эсрэг хуультай. Гэвч цар хүрээ, ач холбогдол бага, нэр төдий уг хууль авилгын эсрэг байх үүргээ огтхон ч биелүүлж чадаагүй. Иймээс хууль тогтоогчид маань 1998 оноос эхлэн Авилгын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгыг батлах гэсээр өдий хүрсэн нь энэ юм.
Шинэ хуульд зааснаар манай улс Авилгатай тэмцэх хараат бус, бие даасан байгууллагатай болно. Уг байгууллага нь авилгын эсрэг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, авилгын гэмт хэргийг илрүүлэхээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулах эрхтэй.
Мөн төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байх юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын болон Yндсэн хуулийн Цэцийн гишүүд, Улсын дээд шүүхийнхэн, Улсын ерөнхий прокурор, орлогч, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга зэрэг хүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлж, интернэтэд байрлуулахаар хуульд тусгажээ. Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, холбогдох материалыг заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг 100-150 мянган төгрөгөөр торгох аж. Түүнчилэн шүүгч, прокурор, цагдаа, тагнуулынхан, төрийн аудитын болон мэргэжлийн хяналтын байгууллагынхан албан үүргээ гүйцэтгэж байхдаа авилгын тухай мэдээлэл олж мэдвэл үүнийгээ нэн даруй Авилгатай тэмцэх газарт мэдэгдэхээр хуульчилсан байна.

/Зууны мэдээ 2006-07-07/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button