Хадгаламж зээлийн хоршоодын хохирлын 30 хувийг битүүмжлээд байна

Хадагаламж зээлийн хоршоодтой холбоотой асуудлыг нэг мөр шийдэх ёстой гэж тэрээр үзжээ.
Ерөнхий сайдын захирамжаар зарим ХЗХ-ны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигч иргэдэд ихээхэн хэмжээний эд хөрөнгийн хохирол учирч байгаа асуудлын шалтгаан нөхцлийг судалж, шийдвэрлэх онцгой ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр өчигдөр ажлынхаа явцыг танилцууллаа.

Одоо ажлын хэсгээс байгуулагдсан тусгай долдугаар хэлтэс 4373 хохирогч, 396 зээлдэгчтэй, 45.5 тэрбум төгрөгийн хохиролтой, 15 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байгаа бөгөөд хохирогч, зээлдэгчээр нийт 3743 хүнийг байцааж, 13.4 тэрбум төгрөг, 8500 ам.долларын эд хөрөнгийг битүүмжилжээ. Дөрвөн хэргийг прокурорт шилжүүлээд байна. Санхүүгийн зохицуулах хороо нийт 16 ХЗХ-г шалгаж дууссан бөгөөд одоо нэгийг шалгаж байна. Эдгээрээс үйл ажиллагаа нь хэвийн гэж үзсэн зургаа, эргэлзээтэй гэж үзсэн долоон хоршоо байна.

Санхүүгийн зохицуулах хороонд тусгай зөвшөөрөл авахаар 200 гаруй ХЗХ хүсэлтээ гаргаснаас шаардлага хангасан нэр бүхий 15 хоршоонд тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ.
Ажлын хэсэг Санхүүгийн зохицуулах хорооны шинэ удирдлагыг сонгох, ХЗХ-ны тухай шинэ хуулийн төсөл боловсруулах зэрэг олон ажил эхлүүлж байна.
Мөн Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн барихаар тогтов.

Ардын эрх сонин 133 /411/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button