Монгол дахь нано материалын судалгааны боломж

Эрдэм шинжилгээний материал үзэж байхад нано технологийн судалгааны чиглэлийг ерөнхий 3 хэсэгт хуваан авч үзэж болохоор байна
– Нано-биотехнологи
– Нано-электроник

– Нано-материал
Нано технологи нь өнөөгийн байдлаар үйлдвэрлэл болон лабораторын судалгааны завсрын түвшинд явж буй боловч түүний хэтийн боломж нь маш өндөр юм. Практикт нано электроникын эд анги үйлдвэрлэх, нано бүтцээр эм дамжуулах, нано материалаар бүрхүүл тогтоох, нүүрстөрөгчийн нано хоолойд тулгуурлагдсан бат бөх композит материал үйлдвэрлэх, устөрөгч хадгалах, шингээгч, катализ болон гоо сайхны материал болгон ашиглахад харьцангуй ихээр ашиглагдаж байна.
Гадаадад нано технологийн хөгжилд зарцуулж буй мөнгө асар их байгаа бөгөөд жил тутам нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ-д 2005 онд 980 сая долларын хөрөнгийг нано технологийн хөгжилд зориулан зарцуулсан бөгөөд Европын холбоо болон Японд мөн ойролцоо хэмжээний хөрөнгө зарцуулагджээ.

Манай орны хувьд нано технологийн судалгааг хэрэгжүүлэхэд
– Материаллаг бааз сул буюу хөгжөөгүй, судалгаанд хэрэгцээтэй хөрөнгө мөнгөний дутмаг байдал

– Тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн эрдэм шинжилгээний ажилтан хангалтгүй байгаа

– Бий болгосон технологийг зохих түвшинд үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг сонирхож буй үйлдвэр аж ахуйн газар байхгүй байгаа зэрэг нь гол саад болж байна.
Нано технологийн судалгаа нь асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Нано материал үйлдвэрлэх тоног төхөөрөмжөөс гадна гаргасан материалынхаа шинж чанарыг тодорхойлох нь чухал бөгөөд өндөр хүчин чадалтай ТЭМ (transmission electron microscope), атомын хүчний микроскопи (atomic force microscope), СЭМ (scanning electron microscope) зэрэг багажуудыг харьцангуй өргөнөөр ашигладаг. Тэгвэл сүүлийн үеийн СЭМ нь 150-300 мянган ам.доллар, ТЭМ нь 1 сая хүртэлх долларын үнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл нано технологийн судалгаа асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг бөгөөд эдгээр багажийг шинээр нь авч ашиглах нь маш хүндрэлтэй юм. Иймээс маш оновчтойгоор багажаа сонгох шаардлагатай байна.

Нано технологийн чиглэлээр сонирхон ажиллаж буй судалгааны баг хамтлагууд ч харьцангуй цөөхөн байгаа боловч энэ талын судалгааны ач холбогдлыг ойлгон хөгжүүлэх талаар зарим санаачлага гарч байна. Тухайлбал, Физик-Технологийн хүрээлэнд материалын шинжлэх ухаан-нанотехнологийн салбар байгуулагдан энэ чиглэлээр хамтран ажиллах санаачлага гарж байна.
Нано технологийг Монголын нөхцөлд хөгжүүлэх талаар ярихдаа бид энэхүү нано технологиор хийсэн материалыг ямар зах зээлд гаргах, ямар чиглэлийн судалгаанд гол анхаарлаа хандуулах вэ? гэдгээ сайн тодорхойлвол зүйтэй болов уу. Нано электроникын судалгаанд гадаадаад их хөрөнгө зарцуулагдаж байгаагийн дээр электроникийн салбарын хурдцыг харахад зах зээлийн боломж өндөртэй боловч Интел компани 20 нанометрийн хэмжээст хагас дамжуулагчийг зах зээлд гаргахаар бэлдэж нэг молекулын хагас дамжуулагч гаргалаа гэсэн мэдээ цацагдаж байгаа үед энэ талын судалгаа явуулдаг гадаадын том том төвүүдтэй бид өрсөлдөж чадахгүй л байх гэж санагдаж байна. Харин нано технологийн онолын судалгаа болон нано электроникын урьдчилан загварчлах асуудал дээр зохих анхаарал тавьж болмоор юм шиг санагдаж байна.

Хэдийгээр зах зээлд гаргах асуудал хүндрэлтэй ч гэсэн зохих түвшинд Монголд үйлдвэрлэв гэсэн брэндыг нано технологитой холбовол зүгээр болов уу. Учир нь бидний эргэн тойрон байнга нано гэсэн үг яригдаж байгаагаас зөвхөн энэ үг нь сайн чанарын материал гэсэнтэй ижил утгатайгаар ойлгогддог болжээ. Мөн орчин үед цэвэр байгалийн гаралтай эм, гоо сайхны зориулалттай тос болон хүнсний зүйл их сонирхогдож байна. Иймд, цэвэр байгалийн гаралтай түүхий эд дээр тулгуурласан Монголд үйлдвэрлэсэн эм болон гоо сайхны бүтээгдэхүүнийг шинжлэх ухааны дэвшил болох нано бүтэцтэй материалтай холбож өгвөл гадаад зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлэх талтай гэж санагдаж байна. Тухайлбал, орчин үеийн нано материалийн сонирхол татаж буй салбар болох нано бүтэцтэй эм зөөвөрлөгчийг өөрийн бүтээгдэхүүнтэй холбох асуудлыг Монголын эмийн компаниуд өөрийн судалгааны төв дээр хэрэгжүүлж чадвал гадаад зах зээлд сайн сурталчилгаа болж чадна.
Монголын дотоод зах зээлийн хувьд эм гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна уул уурхай ашигт малтмалын үйлдвэрлэлийн хөгжилд нэмэр болох металл эдлэлд хатуу бүрхүүл тогтоох, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнийг нано бүтэцтэй материалтай холбох болон байгаль орчин хамгааллын ач холбогдол бүхий катализ болон төрөл бүрийн шингээгчийн талын судалгаа ач холбогдолтой гэж бодогдож байна.
Материалийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл болох нано технологийг хөгжүүлэхийн тулд засгийн газраас гадаадад магистар болон докторын сургалтанд бүх зардлыг нь төлж (full scholarship) залуу эрдэмтдийг сургах, тэгэхдээ нанотехнологийн чиглэлээр манай улсад шийдвэрлэх шаардлагатай асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор явуулж буцаж ирэхдээ түүнийгээ үйлдвэрлэл практиктай холбох замыг тогтоох гэсэн даалгавар өгөх нь чухал юм. Хэдийгээр манай улсаас гадаадын өндөр хөгжилтэй улсад залуучуудыг бэлдэж буй боловч бүрэн зардлыг нь даахгүй байгаагаас манай улсад хэрэгцээтэй судалгаа хийхээс өмнө өөрийг нь авсан профессорын төсөлд орж ажиллан манайд зайлшгүй хэргцээт судалгаа хийх боломжгүй болж байна.

Монгол одоогийн нөхцөлд нано технологийн суурь болон хавсарга судалгаанд зарцуулж чадах хөрөнгөөр хөгжингүй улсыг гүйцэхгүй тул тэдгээр улсын сонирхлоос үлдэж хоцорсон чиглэлд бас анхаарал тавьж болох юм.
Мөн нанотехнологийн чиглэлд ажиллаж буй эрдэмтдийн тоог тодорхой болгох, бие биенээсээ суралцах энэ талын судалгааг сонирхож буй аж ахуйн байгууллагатай холбох нь мөн ач холбогдолтой юм.
Хөгжлийн өөр нэг стратеги нь нано технологийн олон улсын болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагаанд оролцох боломж юм. Тухайлбал Ази, Номхон далайн орнуудын Азийн Нанотехнологийн Форум (Asian Nanotechnology Forum, ANF)-д гишүүнээр элсэх хамтын төсөл боловсруулах нь зүйтэй юм.

Эрдэм сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button