Төрийн өмчийн давамгайлсан захирлыг хэрэгтэн болгох зорилго чухам юунд хэнд байна

Энэхүү нийтлэл нь тус компанийн ажилтан, ажилчид, гадаад дотоодын худалдан авагчид, харилцагчдын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөхийг сэтгүүлч харгалзаж үзээгүй нь харамсалтай. Дээрхи сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалж болон хэний шаардлага, захиалгаар энэ нийтлэл бичигдсэн нь компанийн өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагаа, амжилт ололт, алдаа дутагдлыг мэддэг хэн бүхэнд тодорхой байна. Иймд энэ нийтлэлд тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Ц.Сэдванчиг 2005 оны нэгдүгээр сарын 1-нд Говь ХК-ийн гүйцэтгэх захирлаар хоёр дахь удаагаа томилогдож ирээд үрэлгэн сэтгэлгээ, үргүй зардал гаргадаг сувгуудыг хааж, мөнгөн болон бусад хөрөнгийн хөдөлгөөн зарцуулалтад тавих хяналтыг чангаруулан компанийн хөрөнгийг завших, бусадтай үгсэн хуйвалдаж компанийг хохироодог явдлыг таслан зогсоож, компанид онц ноцтой хохирол учруулж хөрөнгө завшсан хэрэг, зохион байгуулагдсан бүлэг хүмүүсийг илрүүлж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн юм. Түүний томилогдох үе 2001-2004 онд жил дараалан хүлээсэн нийт 10.8 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2001 оноос эхтэй 4,5 тэрбумын банкны зээл бусад өрийн үлдэгдэлтэй, эргэлзээтэй хоёр тэрбумын авлагатай байлаа. 2005 онд дээрхи зээлийг бүрэн барагдуулж, эргэлзээтэй авлагыг 60 гаруй хувиар бууруулж 1,7 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж сүүлийн гурван жилд төр болон хувьцаа эзэмшигчдэд олгогдоогүй ногдол ашгийг хуваарилах боломжийг бүрдүүлж, 460.0 сая орчим төгрөгийг олгож, ажилчдынхаа цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлжээ. Бусад ажлын үр дүнгээс дэлгэрэнгүй бичих нь илүүц гэж үзэн нийтлэлд бичсэн асуудлуудад товчхон тайлбар өгье.
Уг нийтлэлд Говь ХК-ийн Хөвсгөл аймаг дахь жуулчдын үйлчилгээний төв, Рашаант амралтыг далдуур хуйвалдан авсан мэтээр илтэд ташаа бичжээ. Бодит байдалд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2002 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн есдүгээр тогтоолоор Хөвсгөл аймаг дахь жуулчдын үйлчилгээний төвийг худалдан борлуулах асуудлыг Төрийн өмчийн хороонд оруулж шийдвэрлүүлэхээр тогтоосон. Yүний дагуу холбогдох газруудад асуудлыг оруулж санал тавьснаар Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Хөвсгөл аймаг дахь жуулчдын үйлчилгээний төвийг худалдаыг зөвшөөрсөн.

Тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс дуудлага худалдаа зарласан боловч сонирхогч этгээд гараагүй. Говь ХК-ийн ТУЗ-ийн 2005 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Рашаант амралтын барилгыг худалдан борлуулах, Хөвсгөл аймаг дахь жуулчдын үйлчилгээний төвийг үнэ бууруулан худалдахыг даалгаж, тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллан үр дүнг ТУЗ-д танилцуулахыг гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигт үүрэг болгосон. Төрийн өмчийн хорооны 2005 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн 143 дугаар тогтоолоор Говь ХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, ашиглалтгүй байгаа болон өрөнд авсан эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах асуудлыг компанийн төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд зөвшөөрч, эдгээр хөрөнгийг худалдан борлуулснаас орох орлогыг өр барагдуулах, түүхий эд бэлтгэх чиглэлээр зарцуулахыг компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигт даалгасан. Энэхүү тогтоолын хавсралтад Хөвсгөл аймаг дахь ЖYТ, Рашаант амралт орсон байдаг. Тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс дуудлага худалдаа зарласан боловч сонирхогч этгээд гараагүй юм.
Говь ХК-ийн ТУЗ-ийн 2006 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, илүүдэлтэй, ашиглалтгүй, үндсэн бус ажиллагаанд ашиглаж байгаа болон өрөнд авсан хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч, дуудлагаар худалдах хөрөнгийн худалдах доод үнийг баталж, худалдан борлуулснаас орох орлогыг өр барагдуулах, түүхий эд бэлтгэх чиглэлээр зарцуулахыг гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигт даалгасан юм. Энэ тогтоолын дагуу 2006 оны тавдугаар сарын 2-ны өдрийн Зууны мэдээ сонины 105 /2241/ дугаарт дуудлага худалдаа явуулах тухай зарыг нийтлүүлж, зургадугаар сарын 2-ны өдөр Төрийн өмчийн хорооны төлөөлөгчийг байлцуулан зохих журмын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж борлуулсан. Дуудлага худалдаанд оролцох эрх нь сонирхсон хэн бүхэнд нээлттэй билээ. Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг нь дээрх хөрөнгүүдийг худалдан авсан хүмүүстэй хөрөнгийн холбоогүй юм. Талууд худалдах, худалдан авах гэрээг хийсэн бөгөөд төлбөр бүрэн төлөгдөөгүй учир хөрөнгө эзэмших эрхийг ч дуудлагын худалдаанд ялагчаар тодорсон хүмүүст шилжүүлээгүй байгаа юм. 2002 оноос Хөвсгөл жуулчны бааз гурван удаа, Рашаант амралт нэг удаа дуудлага худалдаанд зарлагадаж сонирхогч этгээд олдоогүй. Сүүлийн дөрвөн жил дараалан Рашаант амралт нийт 91,5 сая төгрөг, Хөвсгөл жуулчны бааз 62,7 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байв.
Говь ХК 1998 онд АНУ-д Говь-АНУ нэртэй өөрийн охин компанийг байгуулж, захирлаар Ч.Баатар гэдэг хүнийг томилон ажиллуулсан. Ч.Баатар нь захирлаар ажиллаж байхдаа АНУ-ын Сафико-АНУ компаниас Говь-АНУ компанид менежментийн шагнал болгон өгсөн 48.000 ам.долларыг хувьдаа завшиж, түүгээрээ Говь-АНУ компанийн хувьцааг дур мэдэн худалдан авсан байдаг. Энэ мөнгө нь Ч.Баатарт хувьд нь өгсөн мөнгө бус харин компанид олгосон мөнгө байтал түүгээр компанийн хувьцааг дур мэдэн авсан энэ байдлыг нь Говь ХК-ийн үе үеийн удирдлагууд огт хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, түүнээс энэхүү мөнгийг компанид буцааж төлөхийг шаардахад Ц.Сэдванчигийг Сафико-АНУ компанийн хүмүүстэй хуйвалдаж компанийг хохироосон гэсэн худал гүтгэлэг ярьж, бичсээр ирсэн юм. Энэ мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэх газар шалгаж Ц.Сэдванчигийг компанийг хохироогоогүй болохыг нь тодорхойлсон байдаг.
БЭТ компани нь Говь ХК-тай 2002 оноос хамтран ажиллаж түүхий ноолуур нийлүүлж самнуулах, бүтээгдэхүүн хийлгэж зах зээлээ өөрсдөө олж борлуулах үйл ажиллагаа явуулж ирсэн. Жилд дунджаар 30 гаруй тонн ноолуур боловсруулж самнуулж, цамц хийлгэж боловсруулалтын зардалд жилүүдийн дунджаар 250,0 гаруй сая төгрөгийн орлого оруулж ирсэн нь үйлдвэрийн хүчин чадлыг ашиглах, ажилчдыг тогтмол ажилтай байлгахад тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн. Бүрэн ашиглагдахгүй байгаа үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг ашиглахын тулд бусад компанийн захиалгаар ноолуурыг нь боловсруулж өгөх үйлчилгээ нь зөвхөн энэ компанид бус, бүх компанид нээлттэй байдаг. Олон жил олон хүнд ийм үйлчилгээ үзүүлсэн байдаг. Говь ХК нь тухайн компанийн захиалгаар түүхий эдэд боловсруулалт хийхдээ тэр боловсруулсан бүтээгдэхүүнийхээ чанар, хэмжээ, боловсруулж дуусах хугацааны талаар гэрээгээр үүрэг хүлээдэг. Энэ гэрээнийхээ үүргийг тухайлбал захиалгат хугацаанд боловсруулалтыг хийж чадаагүй тохиолдолд төлсөн боловсруулалтын зардлынх нь тодорхой хувьд нь хугацаа хоцроож нийлүүлсний улмаас гадаадаас буцаж ирсэн барааг дотоодод борлуулдаг үнээс доогуур тооцож аваад борлуулсны дараа төлбөр тооцоо хийх тохиолдол байдаг. Энэ үйл ажиллагаа нь Говь ХК-д эцсийн үр дүнгээрээ ямар нэгэн хохирлыг авчраагүй, харин ашигтай үйл ажиллагаа байсан гэж хэлж болно.

Говь ХК-ийн Говь-2 үйлдвэрт 400 гаруй кг ноолууран ээрмэл утасны дутагдал гарсныг 2006 оны дөрөвдүгээр сард тогтоож, тооцооны алдаа байж магадгүй гэсэн үүднээс дахин тооллого явуулж баталгаажуулсан. Говь-2 үйлдвэрт гарсан утасны дутагдлын асуудал харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм. Энэ дутагдалд Ц.Сэдванчигийн ах дүү, найз нөхөд холбоотой байна гэдэг нь үнэмшилгүй бөгөөд буруутныг хууль хяналтын байгууллага тогтоох учиртай.

Германы Кашимер продукц компани гадаадын гэрээт бэлэн бүтээгдхүүний дийлэнхи хувийг өгдөг байсан нь үнэн. Гэхдээ олон жил давамгай эрх эдэлж гадаадын бусад худалдан авагчдаас доогуур үнээр бэлэн бүтээгдхүүн худалдан авч төлбөр тооцоон дээр нилээд асуудалтай ирсэн байдаг. Өнөөдөр ч нилээд тооцооны үлдэгдэлтэй байна. Тэдний авах хүсэлтэй үнийг Говь компани хүлээж авахгүй бол ажлаа урьд хөршөд хийлгэнэ гэж олон удаа тулгалт үзүүлдэг байв. Энэ оны эхээр захиалгат ажил өгөхөөр урьдчилан 3000 гаруй эх загвар хийлгэж авсан боловч гэрээ хийхээр болоход үнэ өндөр байна гэдэг шалтгаанаар ажил өгөөгүй билээ. Уг нь олон улсын практикт ийм тоо хэмжээний эх загварууд хийлгэж авсан бол гэрээ хийдэг билээ. Энэ компани Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтарсан үйлдвэр байгуулж үйлдвэрлэл явуулж байгаа нь манайтай гэрээ хийх шаардлагагүй болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин манай компани төлбөр тооцооны асуудлаа дуусгаж харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаа тухай олон удаагийн захиандаа дурдсан билээ. Манай компани хуучин энэ түншээсээ захиалгат ажил авч чадаагүй нь харамсалтай боловч өөрсдийн идэвхитэй үйл ажиллагааны дүнд алдсан тоо хэмжээг шинэ худалдан авагчдаас нөхөж үйлдвэрийн жигд ажиллагааг хангаж байгаа билээ.

Бодит байдал ийм байхад төрийн өмч давамгайлсан компанийг элгээр нь хэвтүүлсэн экс удирдах хүмүүс, тэдний гар хөл бологчдын атаархал, хорсол, бухимдал, албан тушаалын төлөөх ил далд санаархлаас ТӨХ-той байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа Говь ХК-ийн гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг нь харлуулах, гутаах гэсэн хортой гүтгэлэг, түүний зорилгыг холбогдох байгуулагаар нь хянуулж үнэнийг тогтоолгох шаардлагатай байна. Мөн мөрдөн шалгах явц дуусаагүй, шүүх Ц.Сэдванчигийн буруутай үйлдлийг тогтоогоогүй байхад сонин хэвлэлээр хэрэгтэн мэтээр мэдээлж байгаа нь холбогдох хууль тогтоомж хуулийн дагуу хэрэгжиж байгаа эсэхэд эргэлзэх сэтгэл төрүүлж байна.

/Зууны мэдээ 2006-07-07/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button