Монгол Чингис-ийн төлөө хандив өргөе

Чингисээр өвчилсөн Монголын уран бүтээлчид олон нийтийг уриалах болж. Мориндоо мордсон ч Монгол байж чадах гэх аархсан үгтэй сурталчилгаа япончуудыг нам дарах санаатай бололтой. Японы уран бүтээлчид Монголын төрийн ивээлд уран бүтээл туурвиж, хандив дэмжлэг авч байгаа болохоор арга ч үгүй юм. Их Монгол Улсын маань 800 жилийн ойд зориулж кино хийх гэж буй гадны уран бүтээлчдийг дэмжих ёстой гэсэн төрийн түшээдийн өгөөмөр үзэл Монголын уран бүтээлчдээс хол одож.
Ард түмнийхээ халааснаас Арав, таван төгрөг илүүчлээч хэмээн гуйж буй Л.Эрдэнэбулган, Ц.Төмөрбаатар тэргүүтэй уран бүтээлчид сүүлийн үед хэвлэлээс салахаа болив. Монгол хүн монгол Чингисийг бүтээнэ хэмээн омогших тэд зөвхөн Монгол Чингисийг бүтээнэ гэдэгтээ тун итгэлтэй байгаа бололтой. Иймээс ч тэдний бүтээх дүрийг Соримачи Такаши, Хираяма Юүсүкэ, Ала гэсэн япон, солонгосын жүжигчдийн бүтээх дүртэй зүйрлэх хэрэггүй нь ойлгомжтой. Мэдээж энд Мориндоо мордсон ч Монгол байж чадах гэсэн үг хамгийн том баталгаа болох биз.

Уг нь дэлхийн хэмжээнд Чингисийн тухай 10 орчим кино байдаг гэнэ. Тэр бүх кино өөр өөрийн зорилготой. Чингис хаанд гайхалтай баатар, аймшигтай хэрцгий цэргийн удирдагч, даяарчлалыг эхлүүлэгч… гэх мэт олон төрлийн баг, чимэг зүүлтийг зүүх нь бий. Наад зах нь Өвөрмонголд бүтээсэн Чингис хаан киног үзсэн солонгосчууд хараар ажиллаж буй манай хүмүүст өө, танайхан чинь 800 жилийн өмнө ч архичин байсан юм байна шүү дээ гэж хэлж байсан гэх яриа бий.
Харин монгол, англи, япон хэлээр гарах япончуудын бүтээж буй Чингис хаан кино ямар байх бол. Уран бүтээлчдийн хүсэл сонирхол руу өнгийж, тэдний үйл хөдлөлд хязгаарлалт тавьж болохгүй нь тодорхой. Гэсэн ч францчууд Напеолоноо дархалж, хятадууд Мао Зэдунаа тахин шүтдэг шиг Монголд тийм үнэт зүйл гэж алга. Их Монгол Улсын ойг дутуу хагас ордны өргөтгөлтэй угтахаас өөр илүү сайхныг монголчууд хийж чадахгүй нь. Сардаа 2-3 арга хэмжээ зохион байгуулдаг гэдэг ч хаана юу хийгээд байгаа нь тодорхой бус. Төрийн өндөрлөгүүд улс төр ярьж, Гадныхны бүтээх кино их зардлаар бүтэх юм билээ гэж суу­хаар Л.Эрдэнэбулган найруулаг­чийн багт санхүүгийн дэмжлэг үзүүлж яагаад болохгүй гэж. Энэ кино заавал дэлхийг байлдан дагуулж, Монголын уран сайхны киноны хөгжлийг шинэ шатанд аваачих хэрэггүй. Зөвхөн Монголын уран бүтээлчид Чингис хаан кино бүтээх гэж байгаад нь л урам өгөх хэрэгтэй байж болох юм. Иймд боломжоороо хандив цуглуулж, Ц.Төмөрбаатарын бүтээх Чингист дэмжлэг үзүүлье.

Яг энэ агшинд Японы уран бү­тээлчид Чингис хаан бол зөвхөн Япон, аль эсвэл Монголын кино биш юм. Дэлхийн кино байх учиртай хэмээх боллоо. Дэлхийн хүний гайхамшигтай түүхээр кино урлагийн зах зээлээс од шүүрэхийг эрмэлзэж буй тэдний хувьд өөр юу гэж хэлж болно. Манайхан шиг монголчууддаа зориулж гаргах гэж байгаа биш дээ. Yгүй ядах нь ээ л өнгөрсөн онд ВВС-гийн бүтээсэн Чингис хаан-ы тухай баримтат, уран сайхны кино Европын 50 сая хүнийг байлдан дагуулсан гэх мэдээ бий. Дэлхий нийт ингэж Чингисийг сонирхдог аж. Харин манайхны бүтээх кино тэр амжилтыг давтахгүй, бас бараадахгүй нь ойлгомжтой. Гэсэн ч хоёр сая монголчуудынхаа зориод үзэх ганц киноны төлөө чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлээрэй. Учир нь тэнд Монголын уран бүтээлчид мөнгөний эрэлд гарч, уран бүтээлчийнхээ эрхийг умартаж яваа сурагтай.

Ардын эрх сонин 133 /411/

Т. Намуу

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button