Гоёлоо өмссөн Цэнгэлдэх

Наадамчин олноо хүлээж авахад хэр зэрэг бэлдсэнийг нь сонирхохоор Цэнгэлдэх хүрээлэнг зорилоо. Жилийн дийлэнх хугацаанд эзэнгүйдэн гандаж, тоотойхон өдрүүдэд нь хүн машины хөлд дарагддаг Цэнгэлдэх хүрээлэн энэ жил урьд урьдынхаасаа илүү өнгөлөг харагдах. Бүртийх ч хоггүй цэмцийх Цэнгэлдэх хүрээлэнг Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойг үзэхээр ирэх гадна, дотны зочдод зориулан цэвэрлэж, будаж шунхдан засч янзалжээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн сандлыг хөх, улаанаар, харин хаалга үүдийг нь хүрэн өнгөөр чимсэн бол их ойн баяр наадмыг
сурвалжлах гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулан тусгай суудал бэлджээ. Баяр наадмын үйл ажиллагааг ард түмэндээ хүргэх үүрэг хүлээсэн сэтгүүлчид хөл амраах сандлаар гачигдахын зовлонг амсдаг байсан бол энэ жил тусгайлан бэлдсэн суудалд сууж баяр наадмын үйл ажиллагааг сурвалжлах боломж нөхцөлийг нь бүрдүүлсэн байна. Хэдийгээр цэнгэлдэх хүрээлэнг гадныхны өмнө нүүр улайхааргүй засч тордсон ч наадмаар бас л урьдын адил чихрийн цаас, ундааны сав, хуушуур, буузны үлдэгдэлд дарагдах бололтой. Учир нь Цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмоор хогийн сав маш цөөхөн харагдсан. Монголчууд бид Саалиа бэлдэхээр саваа бэлд хэмээн ярилцдаг. Наадам үзэхээр хот хөдөө, гадаад, дотоодоос маш олон хүн Цэнгэлдэхэд цугларах нь ойлгомжтой. Тиймээс хогийн сав цөөхөн бол хэчнээн цэвэрлэж тордоод ч нэмэргүй болов уу. Наадмаар цэнгэлдэхэд хар зах ажиллаж гадныхны нүдэнд эвгүй харагддаг нь нууц биш. Yүнийг хэрхэн зохицуулж буйг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Цэрэндэжидээс тодруулсан юм.

-Хичнээн байгууллага Цэнгэлдэхэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан бэ?


-Нэг дүүргээс 60 аж ахуйн нэгж, нийтдээ 300 гаруй байгууллага Цэнгэлдэхэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байгаа.

-Урьд өмнөх наадмаар цэнгэлдэх хүрээлэнд хар зах ажиллаж байсан. Энэ жил үүнийг хэрхэн зохицуулах вэ?


-Дүүрэг болгон өөрсдөө 60 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулаад хотхон байгуулна. Уг хотхон 12 төрлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй. Энэ жил хар зах гаргахгүй байх талаар бүхий л төрлийн арга хэмжээ авч байгаа. Зөвшөөрөлгүйгээр наймаа эрхлэх хувь хүн, албан байгууллагыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарч хяналт тавьж, хариуцлага тооцох болно.
Ардын эрх сонин 133 /411/

Ж.Сүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button