Харваачид нар, салхитай ноцолдоно

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд уухайн дуу хадаж байна. Бүр наадам эхэлчихээ юү гэж бодмоор. Нумаа, эвшээлгэж сумаа татах эрчүүдийн нэг хэсэг нь жанжин малгайг жишүүдүүхэн тавьж, нударгатай монгол дээлийнхээ энгэрийг задгайлчихсан цэц мэргэнээ сорино. Тос даасан бор царайнаас нь нар, салхитай олон хоног ноцолдсоныг гэрчлэх өнгө ч бас тодорно. Бүсгүйчүүд ч тэднээс үл дутна. Хээтэй, хээгүй, даавуун монгол дээлээрээ гоёчихсон. Тэгээд бас болоогүй нум, сум агсчихсаныг хэлэх үү, харахад нэн сүртэй. Алхаж гишгэх нь хүртэл эршүүд байрын тэр бүсгүйчүүд цаанаа нэг өнгөтэй.
Тэдний ихэнх нь нийслэлийн Баянзүрх дүүргийн харваачид аж. Наадмынхаа бэлтгэлд бараг сарын өмнө шахуу гарсан бөгөед нэг галынхан байлаа. Харваачдын нэг хэсэг нь гал болж бэлтгэлээ хийж байгаа бол нөгөө нэг нь ганц нэгээрээ зодоглож буй аж. Ингээд бид Баянзүрх дүүргийн харваач Ж.Нямдаваатай бэлтгэл сургуулилт нь хэр хангагдаж байгаа тухайд сонирхсон юм. Түүнийг уншигчдын маань нэг хэсэг андахгүй ч болов уу. Учир нь улсын гарамгай мэргэн харваач Жүгдэрхүү гэж хүний төрсөн охин юм л даа. Сэтгүүлч мэргэжилтэй ч наадам дөхөхөөр сурын бэлтгэлээ л хийхгүй бол ажил дээрээ сэтгэл нь тогтдоггүй гэсэн. Өнөө жил ч энэ уламжлалаасаа хазайсангүй бэлтгэлээ базаажээ.
-Нум хүчтэй, сум мэргэн байх болтугай. Бэлтгэл сургуулиа хэзээнээс эхлэв?
-Манай гал 13 уулаа. Бид өнгөрсөн сарын 15-наас Хар усан тохойд бэлтгэлээ эхэлсэн. Тэнд найм хоноод л сурын талбайдаа ирсэн дээ. Yндсэндээ cap шахам болох гэж байна гэж хэлэхэд болно.
-Байгалийн сайханд бэлтгэлээ ахиу хийх байсан юм биш үү. Яагаад тэнд цөөн хоносон юм бэ?
-Өөрийгөө цэгцлэхэд эхний сургуулилтыг хөдөө хийхэд таатай байдаг юм. Түүнээс яг газар дээр нь бэлтгэл сургуулилтаа хийх нь илүү тохиромжтой л доо. Тэгэхдээ цаг агаараас их шалтгаална, Нар, бороо, салхинаас хамаарч нумын эвэр хатуурна, зөөлөрнө гээд их адармаатай. Тэр бүгд хаана бэлтгэл хийж байгаагаас ихээхэн шалтгаална. Багийнхныхаа хүчинд бэлтгэлээ сайн базааж байна. Энэ завшааныг ашиглаж Бурхан халдунгруппийнхэндээ талархаж буйгаа илэрхийлье. Тэд бидний бэлтгэл сургуулилтад их сэтгэл тавьж хэрэгтэй бүхий л зүйлээр хангаж байна. Энэ нь нэг ёсны тамирчдын амжилтыг ахиулахад ихээхэн дэмжлэг болж байгаа юм л даа.
-Тэмдэглэлт их ойгоор нэг юм дуулчихъя гэж бодож байгаа биз?
-Урьдчилж хэлэхэд их хэцүү. Ямартай ч наадамчин олондоо их сайхан мэргэн харвааг үзүүлэх юмсан гэж л хичээж байгаа. Ингэж хэлээд Ж.Нямдаваа бүсгүй сурынхаа талбай руу эргэсэн юм.
Хурц нар дээрээс төөнөх ч бүсгүйн өмссөн дээлийн хормой хийсэх нь бас ч үгүй салхитайг илтгэх шиг. Гэвч нар илүүтэй шатаана. Сурын талбайд уухай хадсаар… Гэхдээ жинхэнэ наадам эхлэхэд үүнээс ч хүчтэй уухай хадах нь дамжиггүй ээ.
Учир нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд газар газрын 500 орчим харваач цэц мэргэнээ сорино. Жил жилийн наадамд Дорноговь, Дорнод, Өмнөговь, Баян-өлгий аймгийн харваачид түлхүү оролцдог. Өнөө жил ч энэ уламжлал давтагдах байх аа гэж холбогдох албаны хүмүүс тайлбарлаж байна лээ. Ингэхдээ аймаг аймгаасаа хамаарч өөр өөр харвааг үзүүлнэ. Тухайлбал, Баян-өлгий аймгийнхан урианхай сурын харваагаар наадамчин олноо баясгадаг бол Дорнод аймгийнхан буриад харваагаар цэц мэргэнээ уралдуулдаг аж.
Баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ уламжлалыг хүндэтгэн энэ сарын долоонд Урианхай харваа, найманд Буриад харваа, 9-нд хүүхдийн харваа тус бүрийг хийхээр товложээ. Их сурын шигшээ харваа нь харин долдугаар сарын 10, 11, 12-нд үргэлжлэн аваргаа тодруулах юм байна.
Ардын эрх сонин 133 /411/
Г.Нэргүй