Хэн нь Монголын, хэн нь Хятадын тал вэ?

Наанаа болохоор төр стратегийн ордуудад оролцож чамд мөнгө өгөх боломжтой боллоо гэж ярих ч цаана бол эрхтэн дархтны үзэмжээр хувийн хөрөнгө оруулалтын үр дүнг булаан авах нэгэн заалт энэ хуульд сууж байна. Ингэснээр жинхэнэ стратегийн хөрөнгө оруулагчдаа үргээж буйг нь олон талаас яриад ч сонссонгүй. Одоо бид томоохон ордуудаа ямар өөрсдөө дангаараа дийлэх биш, дундад улсын ахан дүүстэйгээ л хамтарч ажиллуулах болж байна. Хэзээнээс нааш манай эдийн засгийг бүхэлд нь хянахын төлөө дотор ухаандаа бодож ирсэн хүмүүс одоо алган үрэн баярлацгаах болно. Харин Монгол орон гуравдагч орны хариуцлагатай хөрөнгө оруулагчдаас тусгаарлагдаж худалдан авагчтайгаа хамтран үйлдвэрлэлээ явуулна.
Ардын баатрууд-ын тарьсан балгын бас нэг жишээ. Эзэмшиж байгаа лицензээ худалдах, барьцаанд тавих боломжийг тэд мөн хааж байна. Ингэснээр хаварт нь зээл тавьж үйлдвэрлэлдээ гараад, намарт нь өрөө төлж дуусгадаг, томоохон үндсэн орд ашиглая гэвэл лицензээ хэн нэгэнд шилжүүлэн хамтарч эзэмших байдлаар л ажилладаг хөөрхий монголчууд уул уурхайн салбараас шахагдах юм. Мэдээж тэд дангаараа хөрөнгө оруулалт хийж чадаагүйгээс хураагдсан лицензийг чадаж байгаагаар нь хятад компаниудад өгч таарна.
Иймэрхүү асуудлуудыг олж хараад зөв зүйтэй зүйл яриад байгаа хүмүүсийг дайсны тагнуул хэмээн үзэж, үзэн ядуулах кампанит ажил явагдаж байна. Уул уурхайн ассоциац зэрэг мэргэжлийн байгууллагуудын талаар яриад ч хэрэггүй болсон бөгөөд С.Оюун, Батж.Батбаяр, Ц.Шаравдорж нарын УИХ-ын гишүүдийг ч танхимд нь ад шоо үзэх болжээ.
Ингээд бодоход ер нь хэн Монголын төлөө, хэн Хятадын төлөө ажиллаад байна вэ.

/Зууны мэдээ 2006-07-07/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button