БНСУ-д зорчих визийг 90 хоногоор олгодог болохыг хүсчээ

Консулын газар нэг цэгийн үйлчилгээ үзүүлж эхлэв


Гадаад хэргийн яамныхан хуралдааны том танхимдаа, эсвэл ёслолын шар сандалт хэмээх өрөөнд, заримдаа Төрийн ордны мэдээллийн төвд хэвлэлийн бага хурлаа хийдэг байв. Харин өчигдрөөс тэднийх өөрийн гэсэн өвөрмөц төрхийг илтгэсэн хэвлэл, мэдээллийн төвтэй болов. Олон хүн цугларвал бөгс эргэх зайгүй шахам болчихдог Консулын газраа өргөтгөж нэг цэгийн үйлчилгээ үзүүлж эхэллээ. Иргэд нотариатын газар, өмгөөлөгч хайж ийш тийш гүйх хэрэггүй болжээ. Долоо хоног бүрийн гурав, тав дахь өдөр нотариатчид, хоёр, дөрөв дэх өдөр өмгөөлөгчид ажиллаж байхаар болсон байна. Гадаад хэргийн сайд Н.Энхболд, Консулын газрын дарга О.Очиржав, Хэвлэл, мэдээллийн хэлтсийн дарга Б.Дорж нар өчигдөр тус яамны Консулын газар, хэвлэл, мэдээллийн төвийн нээлтэд оролцож тууз хайчлан үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм. Эдгээр нь Монгол Улсад дипломат алба байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Гадаад хэргийн яамныхан үйл ажиллагаандаа олон шинэчлэлт хийж эхэлсний нэг жишээ. Хэрэв хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар нэг сэдвээр мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлбэл тус яамны­хан хүлээн авах боломжтойг сайд Н.Энхболд хэлэв.

БНСУ-д Монголын 17 иртэн ял эдэлж, төдий тооны хүн сурагтүй болсон


Шинэ төвийн анхны хэвлэлийн бага хурлыг Консулын газрын дарга О.Очиржав хийлгэлээ. Хэдхэн хоногийн өмнө Сөүл хотноо Монгол Улс, БНСУ-ын консулын зөвлөлдөх уулзалт болсон талаар тэрээр мэдээлэл хийсэн юм. БНСУ-ын Цагаачлалын албаны гаргасан тоогоор бол одоо тэнд Монголын 25820 иргэн ажиллаж амьдарч байгаагаас 15000 нь хууль ёсоор, 10000 илүү нь хууль бусаар ажилладаг юм байна. БНСУ-д Монголын 10 иргэн хүний амины хэргээр, долоон иргэн танхай, хулгайн хэргээр ял эдэлж байгаа аж. Тэдний зарим нь эх орондоо буцаж ялаа эдлэх хүсэлт гаргажээ. Харин БНСУ-аас манайд ял эдэлж байгаа хүн үгүй гэнэ. Сая болсон уулзалтаар хоёр тал ялтан шилжүүлэх гэрээ, Монголын хил хамгаалах алба, БНСУ-ын цагаачлалын албаны хооронд хамтран ажиллах протокол байгуулах, хоёр улсын цагдаа, прокурорын байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, БНСУ-д сураггүй алга болсон монгол иргэдийг эрэн сурвалжлах талаар хамтран ажиллахаар тохиролцжээ. БНСУ-д манай 17 иргэн сураггүй алга болсны зарим нь 1997 оноос хойш чимээ тасарсан хүмүүс аж. Цагаач ажилчид, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай НYБ-ын 1990 оны конвенцид нэгдэн орох боломжийг судалж үзэх саналыг манай тал БНСУ-д тавьж, тэд ч судалж үзэхээр болжээ.

Хүний наймаа, зуучлалаар гэр бүл болдог тухай сэдвийг хөнджээ


Зөвлөлдөх уулзалтын үеэр хүн наймаалах асуудлын талаар ярилцаж БНСУ-ын тал мөн л судалж үзэхээ амласан байна. Виз, паспортын зөрчилтэй монгол иргэд БНСУ-ын хил нэвтэрч чадалгүй эргэж ирдэг, эмчилгээ хийлгэхээр явсан хүмүүс долоо, 14 хоногийн визийн хугацаанд ажлаа амжуулж чаддаггүй зэрэг бэрхшээл байдаг тул визийг 90 хоногоор олгодог болохыг хүсчээ. Тэнд ажилладаг монголчууд цалингаа дутуу авдаг, илүү цагийн хөлс авдаггүй гэх зэрэг хохирлыг амсдаг. Цалин хөлсөө дутуу авсан, гэрээ нь зөрчигдсөн хүмүүс БНСУ-ын Хөдөлмөрийн яамны Гадаадын иргэний эрх ашгийг хамгаалах төвд хандаарай. Манайхан эрхээ хамгаалж сурмаар байна. Явахаас нь өмнө бага зэрэг хэл зааж, хэрхэн ажиллахыг зөвлөдөг ч манайхан зүүрмэглэж суусаар юм сурдагүй. Явахаа л боддог гэж О.Очиржав дарга хэллээ. Монгол, солонгос иргэд гэр бүл болох нь сүүлийн жилүүдэд эрс олширчээ. Одоо тийм 1800 гэр бүл байгаагийн 542 нь ганцхан жилийн дотор гэрлэсэн гэнэ. Тэдний 80 хувь нь солонгос эртэй суусан монгол бүсгүйчүүд бөгөөд 300 гаруй нь Монголын харьяатаас гарчээ. Ихэнх хос зуучлалын үндсэн дээр танилцсан аж. Монгол Улсын Гэр бүлийн хуульд зуучлалаар гэр бүл болох зарчим байдаггүй, хоёр хүний харилцан санал нийлсний үндсэн дээр гэрлэдэг тул нэг нэгээ харалгүй зуучлалаар, мухар сохроор ханилах нь Монголын хуульд харш төдийгүй зарим тохиолдолд хүний наймааны үндэс болдог гэдгийг О.Очиржав дарга анхаарууллаа.

Данийн ханхүү гэмтлийн улмаас ирэхгүй


Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор ирэх гадаадын зочдын талаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат танилцууллаа. Нийтдээ 30 шахам орны 300 орчим зочин ирэх төлөвтэй байгаа юм байна. ОХУ-ын Засгийн газрын дарга В.Фрадков баяр наадамд оролцохын зэрэгцээ албан ёсны айлчлал хийнэ. ХБНГУ-ын Бундестагийн орлогч дарга, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ханхүү Эндрю, Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Сюй Индүй, Турк, Норвегийн парламентын дэд дарга нар, АНУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Хөдөө аж ахуйн сайд, БНСУ-ын үндэсний ассамблей, ОХУ-ын Төрийн Дум, Израилийн Кинессетийн төлөөлөгчид, Засгийн газрын бие төлөөлегч, Казахстаны Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Франц, Белыи, Финландын парламентын тө­лөөлөгчид урьдчилсан байдлаар ирэхээр болжээ. Энэтхэгээс Дели хотын орлогч дарга,Сони Гандийн дотнын найз, нэртэй улстөрч хатагтай ирэх аж. Олон орны Элчин сайд нар улсаа төлөөлөн баяр наадамд оролцохоор болжээ. Унаа машин, зочид буудлын бэрхшээл гарсан ч алба, амины журмаар дайчилсаар бэлэн болгож байгаа гэнэ. Данийн ханхүү Монголд ирэхээр нэлээд эртнээс зарлаж байсан. Харамсалтай нь тэрээр гадаадад явж байгаа хөлдөө шарх авсан тул эмч нь гадагш явахыг хоригложээ. Оронд нь өвөг дээдэс нь Монголд амьдарч байсан Хааны ордны маршал нэгэн эрхэм зочлох юм байна.

Ардын эрх сонин 133 /411/

Д. Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button