Энэ олон бөхөөс түрүүлэх тэр бөх хэн бэ?

Наадам хаяанд иржээ. Жилдээ ганц шахуу нутаг нугын эсвэл дэвжээний хэдээрээ цуглан галд гардаг бөхчүүдийн бэлтгэл ч буух дөхөж. Залуу бөхчүүд шинэ цол, начны даваа мерөөдөж, томчууд нь заан, гарьд, арслан, аварга цолны тухай тунгааж, наадмын өнгө шинжинэ. Бөхчүүдийн бэлтгэлтэй танилцахаар Цагдаагийн ерөнхий газрын Сүүж амралтыг зорилоо. Сүүж-ийнхэн жилийн жилд өнөр олуулаа цугладаг хэвээрээ аж. Дархан аварга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан Хүч спорт хорооныхон, далай аварга Г.Өсөхбаярын зргүүлсзн Архангай аймгийн бөхчүүд, бас Завханыхан тэнд 800 жилийн ойдоо бэлтгэнэ. Баагий аварга энэ жил нэлээд эрт галдаа ирсэн гэнэ лээ. Түүхэн ойдоо дээгүүр барилдчихъя гэж бодсон бололтой, бусдынх нь ярьснаар сүрхий бэлтгэл хийж байгаа сураг дуулдав. Өсөхөө аварга ч ялгаагүй. Гэхдээ чөлөөт бөх, чөлөөт бөх гэсээр заалны барилдаанаас хөндийрөх болсон аварга уржнангийн наадмын дөрвийн даваанд өвдөг шороодсон харцага А.Пүрэвжавт саяхны нэгэн заалны барилдаанд дахин унасан болохоор томчууд гэхээсээ залуучуудаас эмээж байгаа юм байх. Гэсэн ч Сүүж-д байгаа залуусын амнаас Өсөхөө аварга түрүүлнэ гэсэн үг сонстох нь элбэг.

Мартсанаас Өсөхөө аваргын эхнэр саяхан амаржиж, гурав дахь хүүгийнхээ зулайг үнэрлэжээ. Галынх нь бөхчүүд үүнийг билэгшээж, нодлин Ц.Мягмарсүрэн заан наадмын урд өдөр хүүтэй болоод заан цол хүртсэн шиг аваргын шинэ хүү аавдаа наадмын түрүү авчрах ч юм билүү гэж ярилцсан сураг ч сонстов. Тийм бол Өсөхөө аварга энэ жил сайхан наадах байх аа. Харин энд нэг хүнийг хайж, эрэл сурал болсон ч олсонгүй. Хоёр аваргатай хэдэн жил Сүүж-д хөрш байсан Ц.Цэрэнпунцаг гарьд бэлтгэлдээ алга аа.. Бүр энэ җилийн наадамд барилдахгүй ч байж магадгүй гэж зарим нэг нь ярив. Гэхдээ гарьдын дүү Ц.Бэгзсүрэн начин Завханыхаа бөхчүүдээс тусдаа бэлтгэл хийж байгаа сураг дуулдсан. Бодвол гарьдыг тэнд байгаа юм болов уу гэж таав. Гарьдын удирддаг галыг харцага М.Баяржавхлан энэ удаа ахалжээ. Анх удаа гал толгойлж байгаа залуу харцага өөрөө заан болох, залуучуудыгаа начин болгох том төлөвлөгөөтэй байгаа нь лав. Жавхаа харцага цагаан сарын барилдаанд л далай аварга Өсөхбаяртай жигтэйхэн адилхан санагдаад байсан. Одоо ч бүр илүү жин нэмээд, юун заан аваргын дайтай л харагдахаар болсон байна лээ. Сүүж-д саатсан 100 гаруй хүчтэнээс энэ наадмын өнгө
тодорхойлогдоно гэдэг нь ч үнэн бололтой. Тэдний галынхан тэр чигээрээ өнгөлөг байх юм билээ.

***

Сонгино амралт гэхээр Мөөеө аваргын гал гэж бараг хүн бүхэн мэднэ дээ. Бусад галыг бодвол тав тухтай Сонгино амралтад аваргыг дагалдан 30 гаруй бөх гарсан байв. Талийгаач, бөх тайлбарлагч А.Ганбаатар начин амьд ахуйдаа Мөөеө аваргад хань болж, олон жил энэ галд хамт гардаг байсан. Харин энэ жил Ц.Баярсайхан заан аваргатай Сонгино-д тухалжээ. Цаашилбал, улсын начин Б.Бадам-Очир, Т.Энхтуяа, аймгийн заан Т.Энхтайван гээд залуус голдуу бөхчүүд олон. Тэнд утасны сүлжээ барьдаг болохоор бусад галынхныг бодвол арай л боловсон. Бөхчүүд нь хотын сураг сонсч, гэрээдээ юухан хийхэн захисан шиг хууч хөөрөөд л байж байна. Тэгээд ч хоттой ойр. Хааяа нэг ээлжээр ухасхийж ирээд хүнс, хоолоо залгуулчихна гээд Сонгиныхон соёлжсон хөдөөд бэлтгэл хийж байгаа гэсэндээ бусдыгаа бодвол нар, салхинд царай дарсан нь гайгүй санагдав. Энэ галаас ирэх наадмын хамгийн хүндтэй бөх Төв цэнгэлдэхэд хүрч очих нь даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Ж.Мөнхбат ажээ.

***

Сонгино амралтаас хөдлөөд Төв аймгийн өөр нэг аваргын гал руу хөдөллөө. Хэдэн жилийн өмнөөс өөрийн болтгэсэн шавь нартайгаа А.Сүхбат аварга тэнд наадмын бэлтгэлээ базааж байв. Төв аймгийн нутаг дахь Хустайн нуруунд байрлах тэдний гал Ээлт хан гэдэг нэртэй. Ихэнх нь залуухан, аймгийн цолтой ширүүн учраанууд. Аваргын хормойноос нь зүүгдэж бөх болсон гэж болох тэдгээр залуусаас сүүлийн хэдэн жил харцага А.Пүрэвжав, начин Б.Алтансүх, Б.Батболд гээд улсын цолтнууд цөөнгүй төрсөн. Харамсалтай нь наадмын өмнө хэр баргийн хүнтэй үг солих дургүй аварга энэ жил ч гэсэн бидэнд уулзах боломж олгосонгүй. Бөхчүүдийн байрлах байр нь тойруулж барьсан хашаанаасаа нэлээд зайтай тул тэдний галд нэвтэрч орно гэдэг амаргүй даваа. Сэтгүүлчид, зорьж очсон хүмүүс түгжээтэй хашааны гаднаас буцах нь энүүхэнд. Хоёр жилийн өмнө ч гэсэн аваргын галыг зорьж очоод бас л үүднээс нь буцаж байлаа. Таньдаг, мэддэг зарим хүмүүсээс сураг сонсох нь ээ А.Сүхбат аваргын галд хүргэн ах Б.Гантогтох нь зарим өдөр ирж, бэлтгэл хийдэг бололтой. Цагаан сарын барилдаанд ч зодоглоогүй, заалны барилдаанд ч гарч ирээгүй аваргыг энэ жилийн наадамд барилдахгүй нь гэж шуугиж байсан ч өнгөрсөн сард болсон хоёр ч барилдаанаар бэлтгэл сайтайгаа харуулсан А.Сүхбат аварга 800 жилийн ойд түрүүлж, цолоо ахиулах хүсэлтэй байгаа юм билээ.

Бугын сангийн аж ахуйд Өвөрхангайнхан жил бүрийн наадмын өмнө цугладгийг бөхийн хорхойтнууд юу эс андах вэ. Тэдний манлай нь уржигдархан хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан Д.Цэрэнтогтох аварга. Улсын арслан А.Ганбаатар Их Монгол хэмээх Өвөрхангайнхаа галыг удирдаж, дархан аварга тэнд зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг аж. Хэд хоногийн өмнөөс Д.Сумъяабазар гарьд нутгийнхан дээрээ ирж, бэлтгэлээ эхлээд байсан ч түүнээс өмнө өдийг хүртэл хаана бяр нэмж байсан нь нууц гэж болохоор. Өвөрхангайнхан начин цол горилох аймгийн цолтнууд гэхээсээ харцага, заан цолонд зүтгэх боломжийн хэдэн начинтай. Өнгөрсөн жил заан болох боломжоо алдсан Д.Ганхуяг, уран барилдаанч М.Жамьяанпүрэв, Д.Батбаяр, Л.Наранбаатар, Б.Сайнбаяр нарыг заан биш юм аа гэхэд харцага цол авахад гайхах хүн байхгүй л болов уу. Цаашилбал, Өвөрхангайнхан шинэ, хуучин хоёр хөрштэй ажээ. Хуучин нь бас л жил болгон энд ирдэг Хилчин дэвжээний бөхчүүд. Харин шинэ нь анх удаа галд нэгдсэн Сэлэнгэ аймгийн бөхчүүд. Улсын начин Н.Саранцогт нутгийнхаа бөхчүүдийг ахалжээ. Улсын начин Н.Бүрэнбаатар, өмсдөг М.Зоригт, аймгийн арслан Т.Өсөх-Ирээдүй, Н.Амраа, Б.Сүхбаатар, аймгийн заан Б.Одсүрэн, аймгийн начин Б.Золбаяр гээд ихэнх нь залуу бөхчүүд. Цомхон ч гэсэн энэ галаас дор хаяж нэг начин төрөх магадлал тун өндөр хувьтайг бөхчүүд онцолж байв. Хоёр жилийн өмнө тавын даваанд Ц.Цэрэнпунцаг гарьдад өвдөг шороодож байсан Т.Өсөх-Ирээдүйг энэ жилийн наадамд даваагүй даваандаа хүрнэ гэж нутгийнхан нь начны тааварт нэрийг нь өгнө билээ.

Бугын сангийн аж ахуйн харуулаар улсын заан том хэмээх Д.Санжаа гуай ажиллаад олон жил болж байгаа. Д.Санжаа заан бөхчүүдийг зорьж ирсэн хүн бүхэнтэй хуучилж, залуу цагийнхаа барилдааны тухай ярих дуртай. Өвөл, хаваржин гансарсан өвгөн бөх зургаан cap гарч бөхчүүдийнх нь түрүүч ирэх болоход хүүхэд шиг л хөөрч гүймээр болдог гэж биднийг буцахад зам нийлэнгээ хуучилсан юм. Том Санжаа гуайн шинжсэнээр ээлээ өгсөн энэ нутагт бэлтгэл хийсэн бөхчүүдээс ирэх наадмын түрүү тодрох магадлалтай юм болов уу даа. Нэрийг нь асуухад заан жаахан жуумалзаж байснаа Улсын наадамд гурав үзүүрлэсэн сайхан бөх байгаа даа. Тэр хүн одоо халхын дэвжээнд түрүүлэх цаг нь болсон гээд хэл ам, хүрчих вий гэсэн шиг чимээгүй болчихно лээ. Хэний хүү түрүүлж, хэн гэдэг аавын хүү цол нэмэхийг тэр өдрийн тэнгэр мэдэх хэрэг. Бөхчүүд өнгөтэй байна билээ. Энэ жилийн наадам сайхан болох биз ээ.

Ардын эрх сонин 133 /411/

Б.Бадамгарав

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button