Төрийн өндөр дээд цол гардууллаа

Шинжлэх ухааны салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгааны цогц бүтээлүүдийг туурвиж, монгол судлалыг хөгжүүлэх, судлаачдын залуу халааг бэлтгэх, монголын төр, иргэншил, соёлын түүхийг дэлхий дахинд таниулахад оруулж байгаа жинтэй хувь нэмрийг нь үнэлж Шагдарын Бирад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр,

Авто тээврийн салбарт олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээний зохион байгуулалт, хяналт зохицуулалтыг сайжруулан, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх алхмуудыг оновчтой хийж, нийслэлийн иргэдэд нийтийн тээврээр үйлчлэх үйлст оруулж байгаа дорвитой хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн Автобус-I компанийн захирал Шагдарын Дашцэрэнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр,

Мал аж ахуйн салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, тэмээн сүргийнхээ тоо толгойг тогтвортой өсгөж, үүлдэр угсааг сайжруулан чанаржуулж, сум багийнхаа малгүй өрхийг малжуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөөд ядуурлыг бууруулах, сүү, цагаан идээний хангамжийг сайжруулах үйлсэд оруулж байгаа гарамгай хувь нэмрийг нь үнэлж Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн малчин Чимбэгийн Сугар-Очирт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр тус тус монгол Улсын Ерөнхийлөгчинй зарлигаар шагналаа.

Соёл урлагийн салбарт олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж дэлхийн болон үндэсний сонгодог дууриудад олон арван дүрийг дуулах, жүжиглэх эрдмийг хослуулан чадварлаг бүтээж, Монголын дуурийн урлагийг хөгжүүлж сурталчлахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Чинзаяатын Мөнхшүрд Монгол Улсын ардын жүжигчин цол,

Монголын утга зохиолын салбарт түүхэн болон нийгэм аж байдлын сэдэвт олон арван уран сайхны бүтээл туурвиж, монгол романы хөгжилд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж зохиолч Жамбын Пүрэвт Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол, Авто тээврийн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж анхны тээврийн байгууллагыг үүсгэн байгуулж, орчин цагийн тээврийн салбар болгон хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн, ахмад тээвэрчин Лувсангийн Бэрэнбаралд Монгол Улсын гавьяат тээвэрчин цол,

Боловсрол, хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, утга зохиол, сэтгүүл зүйн бүхий л төрөл зүйлээр жинтэй олон арван бүтээл туурвиж, монголын утга зохиолыг гадаадад сурталчлахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж зохиолч, сэтгүүлч Чинагийн Галсанд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол, Соёл урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээж, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, удирдаачийн дэг сургуулийг төлөвшүүлэн бий болох, монголын дуурь, балет, симфонийн урлагийг хөгжүүлэх, гадаад оронд сурталчилахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдаач Жагваралын Бүрэнбэхэд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол,

Хэвлэл-мэдээллийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж нийгэм, эдийн засаг, байгаль орчны сэдвээр олон зуун асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл, уран зохиолын ном туурвиж, манай орны соёлын өв санд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж МОНЦАМЭ агентлагийн Архангай аймаг дахь сурвалжлагч Гочоогийн Жамцад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртээлээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ТВ-9 телевизийн ерөнхий захирал Ц. Энхбат, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд нарын хүмүүсийг, Алтан гадас одонгоор Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С. Батболд, УИХ-ын гишүүн Ц. Баярсайхан, Л.Гансүх, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц. Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Д. Одхүү нарыг хүмүүсийг тус тус шагнасан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button