Алт самар хоёрын ялгаа буюу төрөө хэрхэн эдлэх ёстой вэ?

эсвэл эх орны хүү, ардын баатар болж тодрохын төлөө ч биш ерөөс уул уурхайн салбарт бүх шат түвшинд нь 30 гаруй жил ажиллаж ирсэний хувьд салбарынхаа хөгжлийн төлөө зайлшгүй хэлэх ёстой санал байгаа тул энэхүү нийтлэлийг бичиж байна.

Миний бие Эрдэнэт үйлдвэрт инженер, Геологи, уул уурхайн яаманд мэргэжилтэн, Монголын Уул уурхайн Үндсэний Ассоциацид Гүйцэтгэх захирал гээд геологи, уул уурхайтай холбоотой үйлдвэрлэлийн болон төрийн ба төрийн бус байгууллагуудад техник ажил, бодлого төлөвлөлт, олон нийтийн ажил хийж иржээ.

Түүнчлэн сүүлийн саруудад Ашигт малтмалын хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэгт багтаж олон янзын саналуудтай танилцаж үзсэний хувьд уул уурхай дагасан маргаантай байр сууриуд нь эцсийн дүндээ үзэл баримтлалын хувьд ямар асуудал дээр ялгарч байгаа, түүний учир шалтгаан нь юу болох, энэ тохиолдолд бид бодлогын үндэс болсон хуулиндаа юуг анхаарах ёстой вэ гэдэгт үзэл бодлоо илэрхийлж байна.

Гол асуудал юунд байна вэ

Уул уурхайн салбар болон ашигт малтмалын салбар тойрсон өргөн хүрээний маргаан, хэлэлцүүлэг нь эцсийн дүндээ явж явсаар зарчмын ганц л асуудал дээр төвлөрч байгаа нь Ашигт малтмалын хуулийн зарчмын зөрүүтэй төслүүдээс харагдаж байна. Энэ нь төр байгалийн баялагийн эзэн юм бол эзэмших эрхээ хэрхэн эдлэх вэ? гэдэг асуудал юм.

АНУ-аас бусад бүх улсын Үндсэн хуулинд заасны адил манайд ч бас байгалийн баялаг нь төрийн өмч бөгөөд бүх ард түмний мэдэлд байна гэсэн зарчим үйлчилдэг. Нэгэнт Үндсэн хуулиар тодорхойлогдсон энэ зарчим дээр маргаад байх зүйлгүй бөгөөд нэг тал нь төрийн өмчийг булааж дээрэмдэх гээд, нөгөө нь хамгаалах гээд байгаа юм огтхон ч байхгүй гэдгийг хаана хаана ойлгож байж дараагийн шийдвэрийг гаргах учиртай.

Дараагийн шийдвэр гэдэг нь өмчийн эзэн өөрийн өмчлөх эрхийг бусдад буюу хувийн хэвшилд шилжүүлэх үү, үгүй юу, хэрвээ шилжүүлж болох бол ямар нөхцөл, үе шаттай байх вэ гэдгийг шийдэх явдал юм. Чухам энд л үзэл баримтлалын гол ялгаа байгаа билээ. Үүнийг дагаад байгалийн баялаг нь оршин байгаа хэлбэрээрээ хөрөнгө мөн эсэх, түүнийг таваар болгон хувиргах явцад өөрчлөгдөж буй өмчлөлийн бүрэлдэхүүнийг нь хэрхэн хүлээн зөвшөөрөх вэ гэдгийг мөн шийдэх шаардлагатай болно.

Төр эрхээ эдэлж буй хувилбарууд

Умард Солонгос, Куба зэрэг социалист буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой улсуудад төр нь байгалийн баялагийг өмчлөх эрхээ дан ганц өөрөө эдэлдэг бөгөөд ард түмнийх нь хувьд төрөөс олгох тэтгэмжийг баялагаасаа хүн бүр шударгаар хүртэж буй хэлбэр гэж үздэг. Асар их эрсдэлтэй энэ салбарт төр төсвийн хөрөнгөөрөө эрсдэл хүлээдэг учир зөвхөн өөрийн болон улс төрийн хамтрагчдынхаа хувьд стратегийн ач холбогдолтой гэж үзсэн ашигт малтмалын хайгуулд мөнгөө зарцуулдаг бөгөөд зах зээлийн эрэлт, хэрэгцээнд захирагддаггүй. Үүний тод жишээ бол 1990-ээд оноос өмнө манай улсад нүүрсний ордуудыг эс тооцвол хар тугалга, гянтболд, цагаан тугалга, зэс, жоншыг хуучин ЗХУ болон ЭЗХТЗ-ийн бодлогын хүрээнд тэднийг түүхий эдээр хангах зориулалтаар л хайж, олборлодог байлаа.
Харин өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн зах зээлийн эдийн засагтай орнуудад төр өмчлөх эрхээ бусдад тодорхой нөхцөлтэйгээр шилжүүлэх замаар баялагийнхаа ашиглалтыг сайжруулж ашиг орлого олдог тогтолцоотой. Ингэхдээ өмчлөх эрхийн бүрдлүүд болох эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхүүдийг ямар процедураар шилжүүлж байгаагаараа мөн ялгаатай. Тухайлбал Японд хайгуулын лиценз олгохдоо хэрэв орд илрүүлбэл ашиглах эрхийг нь хамт олгох буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг бүхлээр нь шууд олгодог.

Харин манай улсын хувьд өмчлөх эрхийг хэсэгчлэн шилжүүлэх бөгөөд эдгээр нь тухай бүртээ шалгуур, нөхцөлтэй байх зарчмыг сонгосон. Энэ процедурыг тодорхойлон зохицуулж байгаа гол хэрэгсэл нь Ашигт малтмалын хууль юм. Дахин давтан онцлоход Ашигт малтмалын хууль нь төрийн байгалийн баялагаа эзэмших эрхийг хувийн хэвшилд шилжүүлэн байгалийн баялагийг ашиглах, мөн төр өөрийн мэдлийн аж ахуйн нэгжээр дамжуулан эрхээ хэрэгжүүлэх бол хэрхэн ажиллах процедурыг л зохицуулдаг болохоос Үндсэн хууль, Татварын хууль, Байгаль орчны тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль зэргээр зохицуулагддаг асуудлуудыг бүгдийг нь чихэж болох сав биш юм.

1997 онд батлагдсан Ашигт малтмалын хуульд зааснаар байгалийн байлагийг эрж хайхын тулд эхлээд 3 жилийн хугацаатай хайгуулын лицензийг авах бөгөөд дахин дээд тал нь 2 удаа 2 жилээр сунгаж болно. Энэ бол тухайн газар нутагт геологийн үйл ажиллагаа явуулах эрх болохоос тэр газар нутгийг юмуу хөрсөн доорх баялагийг нь хувьчилж авч буй хэрэг огтоос биш. Түүнчлэн үүнийг дагаад нээсэн ордоо онцгой эрхээр ашиглах зэрэг эрхүүд, лицензийн төлбөрөө цаг тухайд нь төлөх, үйл ажиллагааныхаа тайланг үнэн зөвөөр мэдүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг олон үүргүүд бий болдог.

Харин хөрөнгө оруулалт, хөдөлмөрийнхөө үр дүнд ямар нэг баялаг илрүүлбэл дараагийн ээлжинд түүнийгээ ашиглах эрхийг авч болно. Энэ нь нөөцийг таваар болгон хувиргаж орлого олох үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрх болохоос төрийн өмчийг шууд өөрийн болгож буй хэрэг бас биш юм. Үлгэрлэвэл айлын хонины ноосыг нь авч эсгий болгож худалдаад эзэнтэй нь ашигаа хувааж байгаатай л адил. Ашиглалтын лицензийг эзэмшсэнээр тухайн газарт оршин байгаа ашигт малтмалыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглаж өөрийн сонгосон менежмент, маркетингийн зарчмын дагуу үйл ажилагаагаа явуулах, бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд борлуулах зэрэг эрхийг эдэлдэг.

Үүний нөгөө талд үйлдвэрлэлийн хэмжээ, ашиг, орлогоо үнэн зөвөөр тайлагнан нөөц ашигласны төлбөр болон бусад татвар хураамжийг төлөх, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй ажиллагааг хангах, нэн тэргүүнд монгол ажилчдыг авч ажиллуулах зэрэг олон үүргийг хүлээлгэдэг бөгөөд хуулинд тус бүрт нь задлан тусгасан байдаг.

Ерөнхийд нь дүгнэвэл төрөөс байгалийн баялагийг хайх ашиглахтай холбоотой аливаа эрхийг иргэн, хуулийн этгээдэд олгохдоо тодорхой нөхцөл, хариу төлбөр, хугацаатайгаар олгодог тогтолцоо манай улсад үйлчилж байна. Төрийн өмчлөх эрхийг ийнхүү үе шаттайгаар шилжүүлэх харилцааг харилцан үр ашигтайгаар зохицуулснаараа 1997 оны Ашигт малтмалын хууль уул уурхай салбарын хөгжлийн суурь болсон гэж гадаад, дотоодын мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Энэ зарчмыг өөрчлөх, эсвэл огт ийм харилцаа байж болохгүй төр өөрийн эрхийг өөрөө л хэрэгжүүлнэ гэж үзэх бол бид эхлээд эдийн засгийн үзэл баримтлалаа өөрөөр тодорхойлох шаардлагатай болно.

Ингэхдээ ураны орд, зэсийн баяжмал, алтан гулдмай зэрэг баялаг нь газрын хөрсөн доор нуугдмал байгаагаасаа бусад үед дан ганц төрийн өмч биш бөгөөд материаллаг болон оюуны өмчийн шинж чанарыг давхар агуулсан онцгой өмч юм гэдгийг мартаж болохгүй.

Ашигт малтмал зөвхөн төрийн өмч үү?

Яг үнэн хэрэгтээ байгалийн бүтээл болох ашигт малтмалыг төрийн бус өөр хэн нэгний өмч гэж маргах гэсэнгүй. Ард түмэн өөрсдийн мэдэл, хяналтад байлгах хамгийн энгийн арга учир төрд энэ эрхийг шилжүүлсэн биз.

Харин тэр газар тийм хэмжээний нөөцтэй, тийм ашигт малтмалын орд байна гэдэг мэдээлэл бол яахын аргагүй оюуны өмчийн шинж чанартай бөгөөд төсвийн хөрөнгөөр уг мэдээллийг бий болгоогүй л бол төр уг ордыг дангаар захиран зарцуулах нь шударга бус юм. Энэ мэдээллийг олж авахын тулд хайгуулын лиценз эзэмшигч нь их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж хүнд хүчир мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Чухамхүү цэлийсэн тал газрын хаана нь ямар бүтэцтэй, ямар эрдэс баялаг, ямар хэмжээгээр агуулагдаж байна вэ гэдэг мэдээллийг бий болгосны дараа л лиценз хэмээх алга дарам цаас сая үнэ цэнэтэй зүйл болдог билээ. Өөрийн хөрөнгө, үйл ажиллагааныхаа үр дүнд үнэ цэнэтэй мэдээллийг бий болгож чадсан хүн/компани/ лиценз буюу мэдээллээ хэн нэгэнд бэлэглэх, худалдах, өвлүүлэх эрхийг зайлшгүй эдлэх ёстой. Харин энэ үйл ажиллагаанаас татвар авах эсэх нь төрийн асуудал.
Хоёрдугаарт хүн бүр мэддэг ч сүүлийн үед ойлгохыг хүсэхгүй байгаа нэг зүйл бол ашигт малтмал нь байгаль дээр байгаа тэр хэлбэрээрээ шууд арилжааны зүйл болдоггүйгээрээ бусад байгалийн баялагаас ялгаатай. Эдгээрийг самар, алтны жишээнээс тодхон харж болно.

Самар нь байгалийн баялаг мөн үү гэвэл мөн, алттай л адил ард түмний мэдэлд байдаг төрийн өмч. Олон улсын зах зээл дээр самрын бизнес багагүй ашигтай бөгөөд үнэ нь нилээд сайн өсөлттэй байгаа. Алтнаас ялгагдах нь нөхөн сэргээгддэг, гэхдээ л нөөц нь хязгаарлагдмал.

Тэгвэл иргэд самар байгаа эсэхийг очиж үзэх, түүх бүртээ мэдэгдэж татвар төлдөг, төр нь түүсэн самрынх нь боргоцой том байвал талыг нь авна гэж дүрэмддэг, үнэ нь өсөхөөр татвар нэмдэг билүү ? Хүссэн хүн бүхэн ууланд гарч самар түүж болдог, орон нутгийн захиргаанд сайндаа л мэдэгдэж зөвшөөрөл авдагаараа самар жинхэнэ утгаараа ард түмний мэдэлд байгаа юм.

Харин алт байгаа эсэхийг ойд очоод самар ургасан эсэхийг харахтай адил хялбархан мэдчихдэггүй. Эхлээд хайх зөвшөөрлөө авна, хураамж төлнө. Хайгаад аз таарч олвол ашиглах буюу ухаж гаргаж ирэх зөвшөөрөл авна, бас л төлбөр хураамж бүгдийг нь өгнө. Эцсийн эцэст гулдмай болгож аваад зарах хүртэл маш олон үе шатыг дамжина. Энэ бүхэнд хөрөнгө хүч, хөдөлмөр, мэдлэг чадвар шингэнэ.

Самар, алт хоёрын ялгаа чухам үүнд л байгаа юм. Ашигт малтмалын орд гэдэг бол очоод л суга татаад гаргаад ирэх булаастай бөөн мөнгө биш хөрөнгө оруулалт, мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнд бий болгож буй онцгой өмч юм. Энэ утгаараа төр харин ч бага оролцоотой байх ёстой мэт. Өөрөөр хэлбэл лиценз эзэмшигчийн эрх, түүний өмчлөлийн агуулгыг хүлээн зөвшөөрөх нь чухал байна.

Онцгой өмчийн эрх зүйн тухайд

Мэдээлэл, үйл ажиллагаа шингэж байж арилжааны зүйл болдог материаллаг болон оюуны шинж чанарыг аль алийг нь агуулсан өмчийн онцгой хэлбэрийг хөгжингүй орнуудын эрх зүйн системд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайлбал тодорхой үйл ажиллагааг явуулах эрх нь өмчлөлийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд Deүelopment right, Оperational right гэх зэргээр нарийн зааглагдсан байдаг.

Гэтэл манайд ашигт малтмал хэмээх онцгой өмчийн хувьд эрсдлээ хийж үйл ажиллагаа явуулах эрх нь ирээдүйд өмчлөлийн бүрэлдэхүүн болох учиртай гэдэг баталгааг бий болгож өгснөөрөө 1997 оны Ашигт малтмалын хууль өнөөдөр буруутан болж байна.

Зүй нь бид олон улсын жишиг, зах зээлийн харилцаанд нийцсэн зөв хууль тогтоомжоо буцааж муутгахын оронд бусад хуулиа сайжруулж эрх зүйн орчноо бүхэлд нь шинэчлэх шаардлагатай билээ. Тухайлбал 1997 оны хуультай уялдуулан Газрын хэвлийн тухай хууль, Иргэний хууль зэрэг суурь хуулиудад н эмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байсан ч одоог хүртэл хэрэгжээгүй байна.

Хэрэв бид эрх зүйн орчны муу хэлэгдээд байгаа Ашигт малтмалын хуулийн шаардлага, түвшинд нийцүүлэн нь шинэчилж чадвал өнөөдөр ихээр яригдаад байгаа төр стратегийн ордуудад оролцох, төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордуудыг хэрхэн шилжүүлэх, лицензийн наймааг зохицуулах зэрэг асуудлуудын шийдэл уг хуулинд байж байгаа гэдгийг сайтар уншиж үзсэн хүн бүр ойлгох л учиртай.

Мэдээж хэрэг Ашигт малтмалын хуулинд өөрт нь засаж сайжруулах, тодруулах заалтууд бий. Гэхдээ гол концепцийг нь ойлголгүйгээр нэмэлт өөрчлөлт хийх нь суугаад самар түүж байгаа мөчрөө хөрөөдөхтэй л адил болох вий.

Өнгөт төмөрлөгийн инженер Н. АЛГАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button