Эх орон форум-ын үйл ажиллагаа олон хүнд таалагддаг

-Төв лабораторийнхоо үйл ажиллагааныхаа чиглэлийг танилцуулахгүй юу. Манай иргэд зөвхөн бүтээгдэхүүнээ зарах зөвшөөрөл авах гэж л танайд ханддаг гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг?


-Манай иргэд зөвшөөрлийн бичгийг бүтээгдэхүүнд нь өгч байна гээд буруу ойлгоод байдаг. Гэтэл бүтээгдэхүүнд бус ажлын байранд нь л олгож байгаа шүү дээ. Энэ ажлын байранд танайх үйлдвэрлэл явуулж болно. Yйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийнхээ чанарыг танайх өөрөө хариуцна. Харин төв лабораторийн хувьд хөндлөнгийн хяналтыг улиралд нэг удаа тавьж байна гэсэн үг л дээ. Гэвч яг нарийндаа бол энэ асуудал их хүндрэлтэй. Өнөөдөр нэг хүнсний байцаагч гэхэд л хамгийн багаар бодоход 100 гаруй обьектод хяналт тавьж ажиллаж байна. Ганцхан сарын дотор эдгээр обьектод бүгдэд нь хүрч ажиллана гэдэг хэцүү. Тэгээд ч хяналт тавилаа, зөрчил дутагдал илрүүллээ гэхэд төрөөс барьж байгаа бодлого, авах арга хэмжээ нь дэндүү сул. Хамгийн дээд тал нь гэхэд л захиргааны арга хэмжээ аваад дээд тал нь 250 мянган төгрөгөөр торгоод л өнгөрдөг. Манай төв лаборатори нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж үйлдвэр орчны шинжилгээ, хөрс, ус, агаар, булаг шандны ус болоод хүнсний үйлдвэр эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж ажилладаг. Yйлдвэрүүд өнөөдөр гадаад, дотоодын хяналтын лабораторитой ч энэ нь ямар төвшинд ажиллаж байгаа нь эргэлзээтэй. Сайн ч байна, муу нь ч байна. Тэгээд ч хордлого гарахаар л манай мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид л явдаг. Цаг дээрээ тулахаар хордлого гаргасан байгууллага, аж ахуйн нэгжид арга хэмжээ авах ёстой баймаар санагддаг юм. Тэр аж ахуйн нэгж бүх хариуцлагыг өөртөө хүлээх ёстой. Өнөөдөр хордлого гарвал байцаагч торгуулж байна. Чиний хариуцсан обьектоос гарлаа гэж. Энэ буруу тогтолцоо л даа. Бид өөрсдийн боломжийн хэмжээнд л бүхий л хяналт, шинжилгээг хийж байгаа ч манай лабораторийн хүчин чадал олон улсын төвшинд хүрч ажиллаж чадахгүй байна. Нэг ёсондоо төрөөс энэ асуудалд огт анхаарахгүй байна гэж хэлж болно.

-Хоол, хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авлаа гэсэн гомдол хэр их ирдэг вэ?


-Манайд өдөр бүр төрөл бүрийн маргаан их ирдэг. Иргэдийн гол хэрэглээ болсон хэрчсэн гурилийг ноднингоос ид үйлдвэрлэж эхэлсэн. Гэтэл үнэндээ энэ нь техникийн шаардлага хангахгүй байна. Гэрийн нөхцөлд л үйлдвэрлэж байгаа байхгүй юу. Yнэхээр өөрсдийн үйлдвэрлэлээ, иргэдээ гэсэн сэтгэлтэй хүн бол манай төв лабораторитой гэрээ хийгээд явж болно. Хувь хүн хүсэлтээрээ шинжилгээ өгье гэхэд өргөдлийг нь гаргуулаад шинжилгээг нь хийж өгдөг. Өнөөдөр талх, нарийн боов үйлдвэрлэгч байлаа гэхэд минийх болж байна уу үгүй юу гэдгээ үзүүлэх сонирхолтой байвал чөлөөтэй. Саяхан их сонин хүн орж ирсэн. Тэр гэртээ хясаа мөөг тарьж байгаа гэнэ. Түүнийгээ шинжлүүлье гэж ирэхэд нь шинжилгээнд өгөх ямар хэрэгтэй юм. Зарах дүгнэлт авах гээд байгаа юм уу гэхээр үгүй гэх. Гэхдээ миний мөөг болж байна уу, мөөгний бохирдлыг үзээд өгөөч. Юу ургаж байна гээд л. Мөн одоо хүмүүс хувиараа гүнийн худаг ухаж гаргадаг болсон байна. Усаа шинжлүүлж байна. Гэхдээ айл бүхэн худаг гаргах нь зөв үү. Бас анхаарах л асуудал. Яагаад гэвэл усаар халдвар тархах их амархан. Мөн борц, самарыг гадагш гаргах гэсэн юм шинжилгээ хийлгэе зэрэг хүсэлтүүд ирэх нь ч бий. Бид иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой учир энэ бүгдэд үгүй гэхийн аргагүй.

-Иргэд голчлон юунаас хордлого авсан байх юм. Удахгүй улсын их баяр наадам болно. Энэ үеэр танайхны ажлын ачааллал эрс ихэсдэг үү?


-1990-1997 оны хооронд хоолны хордлого маш их гарч байсан. Мөн тэр үед өндгөөр майонез их зуурдаг байсан. Тиймээс салатнаас хордлоо гэсэн дуудлага нэлээдгүй хувийг эзэлдэг байв. Харин одоо бол наадмаар гардаг гол хордлого хорхогноос болсон байдаг. Удахгүй болох баяр наадмын өмнө хүмүүст анхааруулгыг холбогдох газраас өгч байх хэрэгтэй юм. Хэрэглэгч өөрөө бүтээгдэхүүнээ зөв сонгох хэрэгтэй юм. Бид өөр өөрийнхөө л эрүүл мэндэд анхаарахгүй бол хүнсний бүтээгдэхүүн зарж байгаа хүмүүс төдийлөн анхаарал тавихгүй байх нь элбэг. Энэ наадмаар хүмүүс долоо хоног амарна, энэ хугацаанд хүн хордлоо. Yүнийг шинжил гээд бид өдөр шөнөгүй их ачаалалтай ажилладаг.

-Саяхан Эх орон форум ТББ-аас зохион байгуулсан чуулганаар эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй олон асуудлыг хөндөж ярьсан. Та үүнийг хэрхэн хүлээж авав?


-Зөвхөн миний хувьд бус олон түмэнд тэдний үйл ажиллагаа таалагддаг. Зурагтаар Эх орон форум нэвтрүүлэг явдаг. Хүн бүр үүнийг сонсдог, маргааш нь тийм асуудал хөндөж ярилаа гэж санал бодлоо солилцдог. Сая тус форумаас зохион байгуулсан чуулганд 331 сумаас төлөөлөгчид ирж оролцсон гэсэн. Эдгээр сумд мал аж ахуйтай учраас түүнийг нь төрөөс зөв зохицуулаад дэмжээд өгвөл зүгээр юм уу гэж бодогдсон. Дараагийн нэг хөндсөн асуудал нь эмтэй холбоотой. Энд үнэхээр анхаарууштай сэдвийг хөндсөнд талархаж байгаа. УМХГ-ын шуурхай мэдээнд сайн муу их л зүйл сонсогддог. Эмзэглүүштэй олон асуудлууд гардаг. Манай төвийн хувьд эмийн худалдаатай нэлээд тэмцдэг. Улиралд нэг удаа Нарантуул захад хяналт хийгээд эм зарж байгаа хүмүүстэй хэл амаа ололцох гэж хэрэндээ л яддаг. Гэтэл Нарантуул-ынхан яагаад энэ асуудлаа хариуцдаггүй юм. Яагаад заруулаад байдаг юм. Тэдний хийх ёстой ажлыг манайх бараг хийгээд байна гэхэд болно.

Зууны мэдээ сонин 167 /2303/

Л. Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button