Музейнүүдээ 24 цагаар ажилладаг болгоё

Тэр бүрийд тохиогоод байхгүй Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг зөвхөн Монгол Улс бус дэлхий нийт тэмдэглэж буй гэхэд хилсдэхгүй. НYБ-аас тогтоол гарч, Франц, Япон зэрэг улс идэвхийлэн оролцохоо мэдэгдэж, Монгол Улс Чингисийн хөшөөг сүндэрлүүлэв.
Улсынхаа их баяр наадмаар 1024 бөх барилдуулж, газар газрын хурдан хүлгүүд Хүй долоон худагт уяа сойлго нь жигдрэн баярын өдрийг мөч тоолон хүлээж байна. Наадам ч яахав болдгоороо болоод өнгөрнө. Наадмаас хойш ч жуулчдын цуваа энэ зун татрахгүй нь бололтой. Гадаадаас Монголыг зорин ирэх жуулчдад эх орноо сурталчлан таниулж ахин дахин ирэх хүслийг нь бадраах арга хэмжээнүүдийг зохион явуулахаар төлөвлөсөн ажил ч нэлээд бий. Их ойн баяр наадмаар гадаадаас ирэх жуулчдын тоо эрс өсдөг. Баяр наадмын өдрүүдэд жуулчдад юу үзүүлэхээр зэхсэн бол гэсэн асуултад хариулт авахаар ЗТАЖЯ-ыг зорив. Их ойн жилийг угтаж нэлээд ажил зохион байгуулсан тус яам баяр наадмаар тусгайлсан ямар нэг арга хэмжээг зохион байгуулахгүй аж. Харин энэ сарын 22-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Монголын адуучдын холбоо, Нууц товчоо жуулчны баазтай хамтран морь сургагч, морь уургалагчдын тэмцээнийг зохион байгуулах аж. Энэ нь зөвхөн тэмцээн бус монголчуудын морио эрхэмлэх зан үйл, морины уралдаан, монгол адууны онцлог, адуучин хүний хөдөлмөр зэргийг гадаадынханд сурталчлах зорилготой аж. Энэ мэт ажлуудыг зохион байгуулж байна. Тэд дан хөдөө байхгүй. Тэгэхээр Улаанбаатарт байх хугацаанд юу үзүүлж харуулах вэ?

Жуулчдын ихэд сонирхон үзэх дуртай хэдхэн том музей Улаанбаатар хотод буй. Байгалийн түүхийн музей, Монголын үндэсний түүхийн музей хоёроос гадаадынхан Монголын тухай цогц мэдлэг авдаг гэхэд хилсдэхгүй.
Баяр наадмын өдрүүдээр тус хоёр музей ажиллах аж. Байгалийн түүхийн музейн менежер Ж.Мяндас
-Баяр наадмын өдрүүдэд манай музей ажиллана. Энэ жилийн баяр наадмаар гадаадаас ирэх жуулчдын тоо эрс өсөх хандлагатай тул Динозаврын танхимаа сэргээж шинэ үзмэрээр баяжуулж байна. Тус танхимаа наадмын өдрүүдээс өмнө дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Жуулчдын тоо энэ сарын эхнээс эхлэн нэмэгдэж байгааг ч тэрбээр өгүүлсэн юм. Монгол орны байгаль, ан амьтан, жигүүртэн гээд эрт эдүгээх эх дэлхийн хийгээд Монголын түүхтэй танилцах анхны аялал эндээс эхэлдэг гэхэд болно. Богинохон хугацаанд ихийг үзэж мэдээд буцах гэсэн жуулчдын хүслийг музей гүйцэтгэдгээрээ ихэд онцлог. Музейн үүдэнд байрлах жуулчдад зориулсан дэлгүүрээр оров. Эсгий урлал, морин хуур, том жижиг газрын зураг, эртний бурхдын цутгамал гээд хүний сонирхлыг татахуйц эд өлгийн зүйлс их байх. Жуулчдын сонирхол янз бүр. Ихэнхдээ морин хуур, монгол гэр, марк зэргийг жуулчид сонирхдог байна. Түүхийн дурсгалт зүйлс худалдаж буй дэлгүүрээр оров. Хийц нарийн бурхад, эртний ховор чухал ном өрөөстэй. Богд Жавзундамба хутагт гэгээн таны лүндэн оршвой, Дээдийн гурван эрдэнийн сургааль гэх мэт ховор ном ч зарагдаж байх. Монголын үндэсний түүхийн музейгээр очиход жуулчид голдуу үйлчлүүлэгчид угтав. Тус музей Монголын түүхийн үечлэн харуулсан 10 тэнхимтэй. Тэдгээрээс Монголын эртний түүхийн болон Монголын эзэнт гүрний үеийн хоёр тэнхим л шинэчлэгдсэн байх юм. Бусад үзмэрийн танхим ёстой л элэн галав-ын үеийн тэр л хэвээрээ. Шинэчилье гэхээр хөрөнгө байхгүйн гачланд боогдож ирэх жилийн төлөвлөгөөнд тусгаж хэдэн төгрөг олж авбал тордох бодолтой л сууцгаана гэх. Музейгээ шинэчлэхийн тулд дотоод боломжоо сайн зохион байгуулбал бас чиг болмоор юм шиг. Ажиллах цагийн хуваариа өвөл зуныхаар нь ялган уян хатан бодлогоор зохицуулбал заавал төрийн санхүүгээс мөнгө нэхээд байх хэрэггүй юм шиг санагдсан. Ашиг олж байгууллагаа өөд нь татъя гэвч хуулинд боомилогдон өглөө цуглаж үдэш 17 цагт явах л үүрэгтэй баймааргүй байна.

Гэтэл ид ашиг олох ёстой зуны гурван сард дээрх хоёр музейд илүү цагаар ажиллах боломж бас байдаггүй. Уг нь зуны гурван сар ид аялал жуулчлалын оргил үе. Энэ үед хэдэн ажилчнаа илүү цагаар оройн 22 цаг хүртэл ажиллуулбал овоо хэдэн ногоон олоод авах боломж байх юм. Цаг сунгаад ажиллая гэхээр ажилчдадаа илүү цагийн мөнгө олгож чадахгүйн зовлонд хавчигдаж ийнхүү эртлэн хааж оддог байна. Жуулчид үдшийн сэрүүн цагаар Улаанбаатар хоттой танилцахаар явахад үзэж харах зүйл ихэд ховор. Хэдэн музей нь яагаа ч үгүй хаалгаа барьж, энд тэнд баарны гэрэл л анивчина.
Музейн гол зорилго бол эх орныхоо түүхийг бусдад таниулах. Гэтэл эрхмүүд түүхийн ховор дурсгалуудыг хадгалах газар гэж ойлгодог бололтой. Хадгалж болох ч бас түүгээрээ эх орноо сурталчилж, эдийн засагтаа ч нэмэр сэлбэг болох боломжийг нь эрэлхийлэх цаг болжээ.
Энэ жил монгол наадам дэлхийн наадам болно гэж сүржигнэх ч дэлхийд бид юу үзэж харуулах, ямар үйлчилгээг үзүүлэхээ шийдээгүй юм биш үү. Ядахдаа дээрх хоёр музейг уртасгасан цагаар ажиллуулж үдшээр Сүхбаатарын талбайг тойрон гороолох жуулчдыг татвал хаана хаанаа хэрэгтэй баймаар санагдана.

Зууны мэдээ сонины 167 /2303/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button