Их Монгол 800 монголчууд бидэнд зориулсан баяр биш гадны жуулчдад зориулсан шоу…?!

Гэхдээ энэ талаар ард түмнээс ямар асуух биш дээдсүүд л болгоосон. Ард түмнээрээ хөдөлж хандив тусламж цуглуулж эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээв…

Дэлхий даяар Чингисийн Монгол 800 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна ирж үзтүгэй биширтүгэй хэмээн урьж залж зарлан тунхаглав. Хүн болгоны амнаас шахуу гадны олон зочид төлөөлөгч, өндөр дээд албаныхан, аялагчид, жуулчид ирнэ гэж хөл алдан хөөрцөглөж эхлэв. /учир нь бөөн доллар урсаж орж ирнэ, тэгээд л Монгол улс баяжина гэх гэнэн бодол төрнө… 500.000 жуулчин ирж, нэг хүн нь дор хаяж манайд 1000 долларыг зарцуулна гэж бодьё. Пөөх! 600.000.000.000. Ха ха ха болж байна шүү гэж баярлаж суугаа биз бодвол… зарлагаа ядаж нөхөж ирээдүйд ирэх жуулчдыг үргээх биш үржүүлэх болтугай болтугай… /

Дэлхийн талыг эзэлж явсан түүхт агуу улсыг үзэх гэсэн гадныханы их санасан газрыг есөн шөнө хоосон болгохгүйн тулд манайхан ядаж дотроо паланцаг ч гаднаа гяланцаг байлгах гэж хэрэндээ хичээсэн боловч залхуу хойрго, мөнгө хөрөнгө завшиж гувчуулах, нүд хуурах, цагт нь тулгах, харицлагаас бултах гэх мэт олиггүй зангаасаа болоод дарав ч далдайж булавч бултайж санасан сэдсэн ярьсан хэлсэн болгон нь биеллээ олж амжихгүй нь нэгэнт тодорхой болов бололтой. Одоо нөгөө л нэг жил бүр нүд хужирлаж нүүр тахалдаг эрийн гурван наадмаа хийж хэдэн хүүхдүүдээ морин дэлэн дээр бурханд даатган уралдуулж, хөт хөдөөгийн бяр тэнхээтэй харчуудаа ноцолдуулж, сур харвуулаад л Их Монгол 800 өрнөх, өндөрлөх бололтойдог.

Гадныхан ирнэ төр засаг ганхаатай, төрийн ордон засвартай, гудамж талбай хогтой, улс эх орон бослого хөдөлгөөнтэй гэхчилэн далан задгайгаа тоочих нь өрөвдөлтэй. Гэхдээ бид хэтэрхий гадныхан харийхан гэхээр л хөлөө хугалах шахдаг зан энэ түүхэн жил ч бүр илүү харагдах шиг. Монголчууд бид гадны хэдэн товаришуудыг ирүүлж баярлуулах гэж л ингэж хөлдөө хөгөө чирж байгаа мэт ажиглагдана. Угтаа бол Монгол түмэн бидний баяр баймаар. Гэтэл баярынхаа өдөр гадныханд ая тал засаж, өмнө хойно нь бөхөлзөж, урд нь дуулж бүжиглэж, барилдаж, уралдаж байгаа бүхнээ шавхан үйлчилж басчиг дотроо ичиж нүүр улалзан суух бололтой гэх мулгуу ч гэлээ үнэн бодол төрнө.

800-н жилийнх нь ойн өдөр дэлхийн өнцөг булан бүрийн ноёд морилон ирж нөгөө дэлхийг донсолгож явсан, тэнгэрлэг омог бардам Чингисийн үр удам гэх хүмүүс нь өмнө нь яаж хөл алдаж, хөгөө хөлдөө чирэхийг харж баясаж баярлах юм байх. Мөн ч таарч дээ гэсэн болдоггүй бодол ч бас үе үе төрнө.

Нэг л их 800-н уртын дуучин дуулна, 800-н морин хуурч хуурдана, 800-н морьтон баатар давхина ч гэх шиг хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй хэт их туйлширсан хөрөнгө мөнгө шатаасан монгол түмэнд үр өгөөж баясгаж цэнгээчих юм байхгүй зөвхөн гадны жуулчдад л зориулсан өнгөц шоунууд л хаа сайгүй болох.

Бас болоогүй гадныханыг ирэхэд, ирэхэд ч гэж дээ ирчихээд байхад хотоо ядаж хогноос салгаж чадахгүй юмаа гэхэд чаддагаараа тэнэмэл хүүхэд, ядуу гуйлгачин, архичин өвгөнтийнхөнөөсөө цэвэрлэх ажил өрнүүлж хөөрхий ард түмнийхээ ядарсан нэг хэсэгтээ дөнгүүр амьдралтай баян тарганууд нь ёстой нөгөө эр бяраа гаргаж, төр төмөр нүүрээ үзүүлж албадан ачиж хотоос гаргаж хорив гэж бахархалтайгаар ярих дуулдана. Хэн хүчтэй чадалтай нь амьдардаг байгаль амьдралын хуулиа гэж. Чингисийн үеийн Монгол байхдаа уг нь баяр ёслолоор өнчин ядуус өтгөс хөгшидөд төрийн сангаас хайр хишиг харамгүй түгээдэг байсан гэдэг, одоо үед харин барьж аваад нядлачихгүй бол баяр болоо шив дээ…

Гэхдээ ардчилсан энэрэнгүй өнөө үеийн төр засаг маань бас буянтай царайлахаа мартсангүй ээ, *800* хүнд одон тэмдэг бөөндөж, 800 хоригдлыг суллав. Маргаашнаас нь эхлээд л төрийн хайр ивээл хүртэж одон зүүсэн хүмүүс нь энд тэнд бүгдээрээ л найрлаж наргиж наадаж эхлэв, харин шоронгоос суллагсадын зарим нь хүн хутгалж, гэмт хэрэг үйлдэж, гэр орондоо очин дарамталж эхэлсэн сурагтай.

Энэ мэт Их Монгол 800-н жилийн ойд сэтгэл дундуур зүйл их байна гэж гадаа гэртгүй хүмүүс ярьж байна. Ерөнхийлөөд хэлчихэд Их Монгол 800 ой маань Монголын ард түмэндээ зориулагдсангүй бололтой тэр ч утгаараа таалалд нийцэх, таашаалд наалдах юмгүй бололтой өнгөрөх нь ээ. Бөөрөнхийлөөд хэлчихэд хошин шогийн өндөр мэдрэмжтэй гадныханд манай энэ байдгаараа хичээсэн Их Монгол 800 шоу хачин их таалагдаж хэзээ ч мартагдахгүй сонин зүйл болох нь дамжиггүй.

Эцэст нь хэлэхэд энэ Их Монгол 800 маань Монголчууд бидэнд зориулсан баяр биш гадны жуулчдад зориулсан шоу юм гэж үү?!

/Болод.Мөнхдөл/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button