*Төрийн ордон уу, сүнстэй байшин уу, эртний балгас уу? * тойрсон яриа

ирэнгүүтээ л их л сонирхон энэ юу юм бэ гэж итгэж ядан асуудаг гэнэ шүү.

Ингэхэд байна шүү дээ…

Их Монгол улс байгуулагдсаны 800-н жил, төрийн маань бор ордонд халгаатай өнгөрөх нигууртай байна. Аргагүй дээ жил нь орж байгаа юм гэж хэлэх зурхайч ч олдох байх шүү. Төрийн 800 жил ч аргагүй хатуу орж байнаа. Өмнөөс нь хөдөлгөөн жагсаал өлсөглөн тасарсангүй. Цагаан хоолой хангинаж хүмүүсийн элдэв хараалын үгэнд чихээ дөжиртөл, бараг нураад унадаг бол нуртлаа булуулав. Бас дээр нь байнга л шахуу үүд хаалга руу нь босогчид дайрч довтолж амар заяа үзэхгүйн дээр цонхыг нь хагалж, помидор, өндөг, цас, чулуу гээд гарт дайралдсан бүхнээрээ нүүлгэж нүдэв. Yүдэн дээрээ эрхэм дээдсүүдийн дүрс нэр бүхий мануухай шатаалгаж золигт гаргуулж ч үзэв. Yзээгүй юмаа үзэж, эвий минь их л зовлоо доо. Цэрэг цагдаагаар хэдэн давхар бүслүүлж байж л мэнд үлдэв бололтой. Төрөө сайн хамгаалдаг цэрэг цагдаадаа баяр хүргэх үү яах уу…

Дээр нь энэ их жилийн ойн ажил төрсөн өдрийнхөө хүрээнд төринй ордон маань *нүүрээ угаалгаж* өнгөө засаад авах аз тохиож ганц баярлав. Гэвч өнөөдрийг хүртэл гивлүүрээ авч чадахгүй ичингүйрсэн хэвээрээ эртний балгас шиг нууцлаг юм байсаар байна. Энэ хэвээрээ ойгоо дуусгаж ч мэдэх. Зовлон нь ч дуусах болоогүй бололтой…

Ингэхэд байна шүү дээ…

Их ойн ажлын хүрээнд манай дээдсүүд төрийн ордоны хэвлийд нойрсож байсан Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан, Ж.Самбуу нарын гурван удирдагчдынхаа алтан шарилыг хөндөж бурханч, *ясчин*, гавьяат гэх мэт олон цол гуншинтай болсон Пүрэвбат ламтанаар ном уншуулаад л нэг шөнө нууцаар аваачаад хөдөөлүүлчихсэн гэх. Yүний цаана их учир жанцан бий гэж хардагсадын хардлага ортой юу, хоосон уу…

Улсынхаа удирдагчдын шарил бунханг хөндөж, шилжүүлэхдээ ард түмнээсээ асууж саналыг нь ч сонсолгүй, салах ёс ч хийлгэлгүй, эрдэмтэн мэргэдтэйгээ ч зөвлөлгүй төр засаг том толгойлоод шийдчихсэнд нэг хэсэгтээ хүмүүс гайхаад өнгөрсөн.

Yүнээс хойш л *Төрийн ордонд маань их удирдагчдын маань сүнс хорогдсон шүү * гэх явган яриа тэнэх болсон. Их ойгоороо зарим нэгэн болдоггүй амтай хүмүүсээс авсан төрийн ордоны шинэ нэр нь тэгээд *сүнстэй байшин* болж байх шив. Арай үгүй байлгүй дээ, энэ ч арай дэндэж байнаа …

Ингэхэд байна шүү дээ…

Удахгүй Их Монгол 800-г маань үзэхээр гадны жуулчид тэр дундаа төрийн томчууд эрхэм дээдсүүд бөөн бөнөөрөө цувна, тэгэхээр төрийн ордоныхоо өнгө зүсийг засах нь зүйтэй гэлцэн хөрөнгө мөнгө харамгүй төсөвлөж, санд мэд, яаруу сандруу, цаг нартай уралдан их бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан оров. Хэдэн томчууд энэ далимд дээгүүрээ баахан бялуу хувааж хүртэв гэж хүмүүс бас яриад байх юм аа. Ямар ядаргаатай юм бэ тээ…

Гэвч сайн юманд садаа мундахгүй гэгчээр, хөрөнгө мөнгө хаяад ч, татвар гаалиас нь чөлөөлөөд ч, өдөр шөнөгүй 24 цагаар ажиллуулаад ч, төрийн ордон маань засал авч амжилгүй онгорхой балгас шиг юм л, өндөр хашаа, тороор хүрээлүүлж, кран техник шавуулсан чигээрээ л ойгоо угтаж ойгоо дуусгаж гадаадынханд их бүтээн байгуулалт өрнөж байгаагаа сурталчилсаар байх нь тодорхой болов. Хөдөлгөөнүүдэд эзлэгдээд, оргүй хоосон балгас болсон байснаас бас дээр юм уу гэнэ үү. Гэхдээ л үгүй ядахдаа энэ ондоо багтаасай гэж бүгдээрээ залбирцгаах уу…

Ингэхэд байна шүү дээ…

Гай газар доороос гэж, нэг барилгачин нь ордоны барилга дээрээс унаад бурхан болов. Дээдсүүд ч нэг их юман чинээ тоосонгүй *агуу юм дандаа өмнөө юм уу хойноо эрсдэл дагуулж байдаг юм* гээд чимээгүй өнгөрөв бололтой гэнэ.

Харин юманд эмзэг ханддаг, элдэв зүйл ярих дуртай, цээр сэжиг ихтэй зарим хүмүүс ч өөр хоорондоо төрийн ордон хүний амь авчихлаа *сүнстэй байшин* ч болох нь боллоо шүү гэж шивэр авир хийгээд авав. Дарин дээр давс гэж энэ дээ. Арай гэж намжаад мартагдаж байсан шинэ хоч дахиад л сэргэх нь энэ үү. Тэгэс гээд намжих болтугай.

Гэхдээ хамгийн гол нь төрийн маань жил орж байгаа энэ бэрх цагт тэнд ажиллаж байгаа хүмүүс дор бүрээ сайн тарни ном уншуулж, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаж болгоомжтой ажиллахад илүүдэхгүй боловуу гэж… Ум мани бадми хум.

Ингэхэд байна шүү дээ…

Цааш нь энэ тухай өөр хүнд битгий хамаагүй яриарай…

/Болод.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button