Дархан аварга Х. Баянмөнх Би энэ жилийн наадам дээр очно

Баянаа аварга үндэсний бөхөд еөрчлөлт, шинэчлэлт хийе гэж дуугарч, шүүмжилж яваа нэгэн. Тиймдээ ч Мэргэжлийн бөхийн холбоог байгуулаад авсан. Түүнд хүчит бөхийн барилдааны талаар хэлэх, ярих зүйл их байлаа.

-Маргааш нэгийн даваа эхэлнэ. Энэ жилийн наадам ямаршуу болох талаар та юу хэлэх вэ?


-Монгол бөхийн барил­дааны хамгийн амттай шимттэй нь бол цагаан сарын барилдаан байлаа. Цагаан сараар цол өгдөггүй. Начны найраа ч гэж байхгүй. Бөхчүүд өөрийн жилийнхээ аз хийморь, өнгийг харъя гээд л шударга барилддаг. Гэтэл ца­гаан сарын барилдаан маань сүүлийн хоёр жил маш их эвгүй болчихлоо. Хоёр, гурван ч буулт гарсан. Аль тахиа жил гардаг барилдаан дээрээс л булхайн түрүүч нь илэрч эхэлсэн шүү дээ. Тэгэхэд монгол бөхийн түүхэнд байхгүй, хэнд ч өгдөггүй цол хэргэмийг МYБХ өгч эхэлсэн. XX зууны аваргуудын манлай аварга гэж. Тэндээс энэ бөхийн холбоо нь монгол бөхийг будлиантуулж эхэлсэн. Тэгээд энэ жилийн цагаан са­рын барилдаанаар юу болсныг ард түмэн мэдэж байгаа. Барилдаан сонирхолгүй болсон.

-Наадмын тухайд…


-Одоо Их Монгол улс байгуулагдсаны 600 жилийн ой, ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадам болох гэж байна. 1024 бөх барилдах болсон нь сайхан хэрэг. Гэхдээ 512 бөх нэмж буй нь нэгийн давааг л нэмж байгаа хэрэг. Түүнээс арвын даваа нэмэгдээгүй. өөрөөр хэлбэл, сүулийн 32 хоёр бөх улддэгээрээ л үлдэнэ. Нэгийн даваанд аманд гарах л 512 бөх нэмэгдэж байна. үүнд цэргуүд орно. Яахав сум, аймгийн цолтой бөх нэлээд орох л байх. Гэхдээ л тав давж начин болдог бол одоо дөрөв давж, начин болно гэсэн үг. Тэгэхээр энэ жил олон начин төрнө өө.
Монгол үндэсний бөх авлига авч эхлээд байгаад миний сэтгэл маш их санаа зовж байна. Авлига байгаа газар маш бохир. Yнэн зүйл худал, худал нь үнэн болно. Наадамд очих, наадамд барилдах гэдэг нь маш хүнд болчихсон. Тэгэхээр улсын баяр наадмаас өөр хэлбэрээр начин цол өгье гэдэг саналыг манай Мэргэжлийн бөхийн холбоо тавьсан л даа. Yүнийг сонсдог газар алга. Аваргууд хишгээ хүртээдэг ухааны юм ярих юм. Ерөнхийлөгчөөсөө эхлээд л ард түмэн хүртэл цөм мэдэж байгаа шүү дээ. Энэ начны найрааг. Начны найраан дээр тулгуурлаж харцага зааны найраа гарч ирдэг. Тав давангуут харцага, тэгээд нэг давангуут дээр нь зааны найраа. Шөвгийн дөрөв хүртэл найраа хавтгайрчихлаа. Бат-Эрдэнэ үлдэх юм бол давуулах юм уу, буулгах нэгийг нь шийднэ. Ингээд наадам гэдэг жинхэнэ монгол өвөг дээдсийн бидэнд үлдээсэн өв соёл алга болчих нь байна шүү дээ. Өвөг дээдэс минь монгол бөх, түүний зүлэг ногоон дэвжээг зодог шуудагтай авлигачдын талбар болго гэж гэрээслээгүй л юмсан.

-Та өөрөө энэ жил зодоглох уу?


-Ийм байх юм бол надад барилдах ч хэрэг алга. 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ой болж байх үед Баянмөнх аварга юу хийж байсан нь бөхийн түүхэнд үлдэнэ. Найраа хийгээд явж байсан гэж үлдэх болох нь, барилдчих юм бол.

Хоёрт, гэвэл алив нэгэн юманд хэмжээ гэж бий. Ер нь 60 наснаас дээш тамирчин гэж байдаггүй. Одоо зодоглох гээд байгаа аваргууд бид чинь дал хүрэх гээд явж байна шүү дээ. Өндөрхөн шатаар ч аятайхан уруудчих юм бол өө хөл сайн байгаа юм байна. Бие сайн бай­гаа гэмээр хүмүүс чинь 20 настай залуучуудтай барилдана гээд гарч байгаад итгэхгүй байна. Унасан ч, давсан ч бай­сан энэ бол үнэний шалгуур биш ээ. Нас­тай бөхчүүд, ер нь улсын алдар цолтой бөхчүүд минь бөхөө бодооч ээ, бөхийнхөө нэр төрийг, өвөг дээдсээс үлдээсэн тэр сайхан соёлын нэр хүндийг битгий унагаагаач ээ. Yүн дээр бугдээрээ ухаантай хандаач ээ гэж хэлмээр байна.

-Танай Мэргэжлийн бөхийн холбоонд харьяалагддаг бөхчүүдийг барилдуулахгүй гэх зүйл гарсан гэсэн. Чухам юу болсон юм бэ. Танай холбооны барилдаанд оролцсон бөхчүүд наадмаар барилдана биз дээ.


-Бүгд барилдана. Засуул, шүүгчид гээд заримыг нь оролцуулахгүй л гэх зүйл гарсан л даа. Тэдгээр хүмүүс чинь урилгаар, өөрсдийн саналаар ирээд ажилласан хүмүүс. Эдгээр засуулч, шүүгчид хаана монгол бөх барилдаж байна, тэнд очиж л байх ёстой. МYБХ тэнд оролцсон хүмүүсийг ажиллуулахгүй, оруулахгүй л гэсэн гэнэ лээ. Зарим нь саяхан надаас бүр бичиг хийлгэж авсан. Хэд хэдэн засуул, цэцэд манай холбоонд гишүүнээр элсээгүй, 800 жилийн ойн барилдаанд оролцоход ямар ч саад байхгүй гэсэн бичиг хийж өгсөн.

-Тухайлбал, ямар хүмүүст тийм бичиг хийж өгсөн юм бэ?


-Харцага Пүрэвжав байж байна. Мөн 16 жил бөхийн онооч хийсэн доктор, про­фессор Н.Цэндээ. Тэр хүнийг онооч хийлгэхгүй л гэж байна. Ийм дураараа аашилсан, Монголын ард түмний энэ соёлыг хувьчилчихсан.
И.Доржсамбуу заан дээр шударга ярьсан байна лээ. Монгол бөх барилдаан хаана болж байна, би тэнд очиж барилда­на. Надад аль ч холбоо, ямар хүн зохиож байгаа нь хамаагүй гэж. Бөх хүн тийм л байх ёстой.

-Энэ жилийн наадмаар үзүүрлэсэн бөхөд арслан цол өгөхеөр болсон. Yүнд та нэлээд дургуйцэж байгаа гэсэн үү?


-Цол өгөх дээр их будлиан байна. Yзүүрлэсэн бөхөд арслан цол өгнө гэсэн. Д.Сумьяабазар, Б.Гантогтох гээд улсад гурав, дөрөв үзүүрлэсэн ч арслан цол авч чадаагүй хүмүүс байна. Хэрвээ дороос улсын начин нэг хүн гарч ирээд үзүүрлэчихвэл шууд нөгөө хоёрыг чинь амладаг болох нь. Маш зохисгүй. Улсын арслан хүн байвал яах вэ. Yзүүрлэчихвэл арслан дээр арслан нэмээд аварга болох уу. Эсвэл давхар арслан гэж нэрлэх юм уу. Таван дархан аваргууд гурван жи­лийн өмнө цуглаад бөхийн ээлжит бус их хурал хийхэд Д.Дамдин аварга Түрүүлээгүй бөх хэзээ ч аварга болохгүй ээ гэж хэлсэн. Тэр хүний үг бөхийн түүхэнд мөнх үлдсэн. Тэгэхээр энэ бөхийн дүрэм, цолны асуудал буруу замаар орлоо. Нө­гөө талаар миний эсэргүүцэж байгаа зүйл бол баяр наадмын тухай хуулинд мон­гол бөхийн алдар цолыг Ерөнхийлөгч өгч байгаа явдал. Энэ буруу. Намхай, Лувсанжамбаа, Дугар аварга эд нар бол хавтгай цаас ч үгүй аваргууд. Ерөөсөө ард түмэн аваргууд гэчихсэн. Д.Дамдин гуай, Ж.Мөнхбат бид нар бол наадмын төв комиссын даргын гарын үсэгтэй үнэмлэхтэй аваргууд. А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр бол Ерөнхийлөгчийн зарлигтай аваргууд. Yгүй ямар ялгаа байна аа. Цөм л аваргууд ш дээ. Тийм ч учраас Ерөн­хийлөгчийн зарлигаар алдар, цол өгдөг нь хэд хэдэн ноцтой зөрчил үүегэдэг. Нэгд, спортыг улстөржүүлж болохгүй, энэ бол олон улсын олимпийн үзэл. Ямар ч намын хүн, аль ч шашны төлөөлөгч, ямар ч үзэл баримтлалтай хүн спортыг тэгш эрхтэй сонирхож байх ёстой. Гэтэл мон­гол бөхөд төрийн тэргүүний зарлигаар цол олгодог болсон нь улстөржүүлж бай­гаа явдал. Тэгээд бас барилдааны дүрмийг Засгийн газар баталж байна. Засгийн газрын сайдыг зөрчил гаргасан бө­хөд яаж арга хэмжээ ав гэх вэ. Бууж өг­сөн бөхийг хоёр жилээр барилдах эрхийг хасна гээд Засгийн газраас баталчихсан. Гэтэл цагаан сараар бөөн буулт боллоо. Хаана хэний эрхийг хасав. Чаддаггүй л байхгүй юу. Төрийн тэргүүн алдар, цолыг нь өгдөг, Засгийн газар нь дүрмийг нь баталдаг тийм спорт дэлхий дээр өөр хаана ч байхгүй. Хоёрдугаарт, тав дав­сан бөхөд цол өгч байна. Тэр бөх допинг хэрэглэсэн ч юм уу. Авлига өгөөд ч болж байгаа юм уу. Түүнийг мэдэх арга алга. Ямар нэгэн аргаар тав даваад л туг тойрвол зарлигийг бичиж байна. Тэгээд сэргээшийн хариу гараагүй байхад Ерөнхийлөгчийн зарлигаар цол өгчихөөд сэргээш хэрэглэсэн гээд гараад ирэхээр тэр нь хүчингүй болж байдаг. Ийм л замбараагүй байдалд орчихож. Бөхийн холбооныхон үндэсний бөхийг спорт биш ээ гээд байгаа. Тэгсэн мөртлөө допингийн шинжилгээ авна. Допингийг чинь олимпийн хөтөлбөрт багтдаг их спортод шинжилдэг юм.

-МYБХ-г шүүмжилж байна уу?


МYБХ бол ямар байгууллага нь мэдэгдэхээ байчихсан. Алдар цолыг нь Ерөнхийлөгч өгдөг, барилдааны дүрмийг нь Засгийн газар баталдаг болчихоор чинь ямар ч байгууллага биш болгоод байна. Энэ баяр наадмаар ямар нэгэн бөх дээр ноцтой зүйл гарвал энэ бөхийн холбоо ямар ч хариуцлага хүлээхгүй. Засгийн газар л хүлээнэ. Тийм болохоор энэ МYБХ дураараа авирлаж байна даа. Төрөөр хуулиа батлуулчихсан юм чинь өөрсдөө тэнд зүгээр л ажил хийсэн болоод л завшиж байна. МYБХ байгуулагдаад 16 жил болж байна. Энэ хооронд бүх санхүүг өөрсдөө барьж байна. Гэтэл сая баяр наадмын үеэр засуул цэцийн хувцас хийх зардал байхгүй гэнэ. Тэгээд наадмын төв комиссоос төсөв батлуулж байх юм. 16 жил ажиллаад засуулуудынхаа хувцсыг хийлгэх мөнгөгүй байгаа л бол ерөөсөө л ажиллахгүй л байгаа юм байна. Энэ мэтийг хэлэхээр л манай бө­хийн холбоог булаацалдаж байна гээд хэвлэлээр гүтгэчихдэг юм. Би бөхийн өргөөг мөнгөөр өгсөн ч авахгүй гэдгээ зарлачихсан шүү дээ.

-Тэгвэл монгол бөхөд учраад бай­гаа энэ бэрхшээлийг яаж давах вэ?


-Ганцхан зам бол мэргэжлийн болох асуудал. Yндэсний спорт ямар нэгэн хэмжээнд хурээд нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд уналтад ордог. Нийгэм урагшаа хөгжөөд байхад хуучнаараа байвал аргагүй шүү дээ. Өөрчлөгдөх ёстой. Түүхэн уламжлалыг алдахгүйгээр өөрчлөөд мэргэжлийн болгох ёстой юм. Дүрэм, ном, ёс зүйтэй, шагнал урамшил өндөртэй, хариуцлагатай, үзэгчдийн би­лет нь үнэтэй гэх мэт. Ийм байдалд манай Мэргэжлийн бөхийн холбоо ирэх есдүгээр сараас орж. Монголын бөх шал өөр замаар явна.

-Увсын бөхчүүд энэ жил яагаад тань дээр бэлтгэлд гарсангүй вэ. Уг нь Гачууртад жил болгон гардагсан.


-Би ядраад байна. Надад тэр бөхчүүдийг дасгалжуулах чадал алга. Олон жил тэднийг дасгалжууллаа. Гачууртад 40-50 бөх гардаг. Тэр бүгдийн хоол хүнс, бэлтгэл дасгал гээд бүх зүйлийг би хариуцдаг байсан. Өөрсдөө бэлтгэл сургуулилтаа зохион байгуулаарай гээд Балжинням аварга, Ганбат, Бумбаяр заан гээд бүгдэд нь хэлсэн. Тэд зөвшөөрөөд өөрсдөө зохион байгуулаад гарсан даа.
-Та саяхны нэг барилдаанд хүү Гантогтох, Баяраа гарьд нарыг арслан гэж дуудуулаад барилдуулж байсан. Энэ нь баяр наадмын тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэцгээж байна л даа.
-Энэ бол туршилт барилдаан гэж зарлаад хийсэн. Дүрэм, цол нь ийм байх ёстой л гэж бид хэлээд байгаа юм ш дээ. Тэрийг нь мушгиад л байгаа.

-Хоёр бөхийн холбооноос барил­даан зохион байгуулахад танай холбооны шагнал урамшуулал өндөр байна лээ. Санхүүжилт хаанаас хийдэг вэ?


-Санхүүжилтийн менежментийг бид хийнэ гэж төлөвлөсөн байгаа. Өмнөх дөрвөн барилдааны шагналыг манай удирдах зөвлөлийн гишүүд гаргасан. Ер нь бөхчүүдийн бай шагнал их бага байгаа. Улсын баяр наадамд өгдөг шагналыг чамлаж байна. 1024 бөх барилдахад түрүүлбэл нь сая таван зуун мянган төгрөг өгч байгаа нь бага байна шүү дээ. Ийм шагналд хүн барилдсан ч яадаг юм, барилдаагүй ч яадаг юм гэнэ. Шагнал, урамшил гэдэг бол тамирчдын үзэгчдийн өмнө хүлээх хариуцлагыг тодорхойлж байдаг. Өндөр шагнал өгчихөөд хариуцлага тооцож чаддаг байя л даа. Автобусны мөнгө өгчихөөд яаж хариуцлага ярих юм.

-Наадмын өнгө ямар байх бол оо. Б.Бат-Эрдэнэ аваргыг түрүүлнэ гэцгээх юм. Их шөвөгт ер нь хэн хэн үлдэх бол. Yүн дээр таны бодол ямар байна вэ?


-Бат-Эрдэнэ аварга түрүүлэхгүй дээ. Тэр бол мэдээжийн асуудал. Их шөвгийн хувьд таах арга алга. Өнөөдөр тэгж худлаа хэлээд яахав. Цаана чинь бөөн комбинаци, найраа явагдаж байна. Yнэнээсээ барилдах юм бол би нэлээн ойрхон таана. Их тодорхой хувилбар хэлнэ. Өмнө бид тэгж хэлдэг байлаа. Одоо бол чадахгүй. Яагаад гэвэл хэн нь хэнтэйгээ зохицсон, хэн хэнтэйгээ наймаалцсаныг мэдэхгүй.

-Тэгэхээр наадмаар та телевизээр л бөх хараад суух нь уу?


-Yгүй. Би энэ жил наадам дээр очно. Нэгийн даваанаас эхлээд дуустал нь байна. Энэ хумүүс яаж барилдааныг зо­хион байгуулж байгааг, хэрхэн барилдахыг, нөгөө барьц сонгуулдаг шоогоо яаж хаяж байгааг гээд цөмийг нь харж бичиж авна. Видеогоор ч хуулж авна. Тэгж бөх судлаачийн ажлаа хийнэ.

-Тантай нэг үед ид өрсөлдөж явсан Цэрэнтогтох аварга хөдөлмөрийн баатар гэсэн эрхэм алдрыг сая хуртлээ. Таны сэтгэгдэл ямар байна вэ. Баяр хүргэсэн үү?


-Би их баярлаж байна. Манай Цэрэн­тогтох бол маш сайхан барилддаг хүн. Барилдааны ур чадвараар бол биднээс илүү. Мөнхбат бид хоёрыг ид байхад хоёр Мөнхийг хаяж түрүүлж, Монголын ард түмний дунд өндөр нэр хүндийг авсан хүн. Yнэхээр хоёр Мөнхийн хаанчлалыг задалсан тийм сайхан дархан аварга. Би баяр хүргэсэн.

Өдрийн сонин 175 /2309/

С.Содбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button