Ханнс-Зайделийн сангийн тэргүүнд Шүүх засаглалынхан хүндэтгэл үзүүлэв

Саяхан ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, төрийн сайд асан, доктор, сенаторч Х.Цэетмайр, Тэр­гүүн дэд захирал бөгөөд Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны институтын захирал, доктор Р.Гепперт нар Монголд зочлоод буцав. Хамгийн гол нь тэд аялж, зочилж бус сангийнхаа Монгол дахь үйл ажиллагаа хэрхэн явагдаж буйг үзэж танилцахаар иржээ. Манай улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдаж хөлөө олоход нь энэ сангийнхан л тусалж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэр утгаараа энэ чиглэлийн сургалт, зөвлөгөөнийг байнга санхүүжүүлэн явуулдаг билээ. Сангийн тэргүүдийг Монголд айлчлах үеэр ч төлөөлөгчийн нь газар болох Эрх зүйн боловсрол академиас Эрх зүйт төр сэдэвт хуульчдад зориулсан сургалт, семинарыг явуулж байлаа. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн хуульчид үндсэн хуулийн эрх зүй, үндсэн хуулийн процесс, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй гэсэн үндсэн дөрвөн сэдвээр номын дуу сонсож, сангийн тэргүүний өөрийн нь гараас гэрчилгээ гардан авсан юм, Х.Цэетмайр, Р.Гепперт нар хуульчдад Эрх зүйт төрийн талаар зохих мэдлэгтэй болсон гэж гэрчилгээ олгосны дараа Өвөрхангай аймгийн шүүгчдийн ажил байдалтай танилцлаа. Х.Цэетмайр тэргүүн басхүү наргианч зантай, энгийн нэгэн юм билээ.

Тэдэнд Монголын нүд
алдам уудам тал, уруул чимчигнүүлсэн айраг нь их таалагдаж байх шиг байсан. Түүнчлэн малын хулгай хийсэн хүмүүст яагаад тийм хүнд ял өгдгийг, яагаад хүнд хэрэгт тооцдогийг нэлээд сонирхоно лээ. Малын хулгайчдыг хатуу шийтгэдэг нь уламжлалт зан заншилтай чинь холбоотой юу ч гэж асууж байлаа. Мөн манай монгол эрчүүдийн дийлэнхийн нь хуруунд зүүлттэй явдаг очиртой бөгжийг ихэд сонирхож, бүр хуульч, шүүгчдийн бөгж юм уу гэж асуун түмнийг хөгжөөж явав. Х.Цэетмайрын өөр нэг учиргүй гайхан, сонирхсон зүйлийн нэг нь аймгийн Ерөнхий шүүгчийн өрөөний хойморт Ерөнхийлөгч Н.Энхбаярын зураг байлаа. Шүүгчийг Ерөнхийлөгч томилдог учраас та нар ингэж тахьдаг юм уу гэж тэрээр нэлээд нухацтай асууж байсан. Захиргааны хэргийн шүүхийнхэн болоод хуульч­дад Ханнс-Зайделийн сан гэдэг хүндэтгэхээс аргагүй буянтнууд нь.

Тэр үүднээс тус сангиин Монгол дахь төлөөлөгчийн газар болох Эрх зүйн боловсрол академи тэргүүлэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхим, Тамгын газар, Захиргааны хэргийн шүүгчид, Өвөрхангай аймгийн шүүх засаглалынхан, Х.Цэетмайр, Р.Гепперт нарт хүндэтгэл үзүүлэн Хархорин суманд бэсрэг наадам зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ш.Сүхбаатар оролцож, үг хэлсэн. Монголын эртний нийслэл Хархорумд ирсний нь орой хийсэн хүлээн авалтад ХБНГУ-ын Төрийн загалмай одонт, Тува улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсаноролцож,тэр үдшийг яруу найргийн үдэш болгон хувиргаж орхисон. Тэрээр ичиж үхмээр сарампай хашаагаар өөрсдийгөө тойруулан амьдардаг монголчуудыг, хэтэрхий нарийн чангаасаа болж өтөлтлөө ганц биеэр амьдардаг германчуудыг шүүмжилсэн шүлгүүдээ уншиж энэ оройг хөглөсөн юм. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд ч муугүй шүлэгч гэдгээ тэр үдэш харуулна лээ. Ийнхүү сургалт семинар голлосон ажил хэргийн айлчлал Хархоринд бэерэг наадам үзсэнээр өндөрлөсөн юм.

Хувьтай хүн хур борооноор гэдэгчлэн улс орны маань сайхныг нь илүүтэй олж харан баярлаж, байсхийгээд зураг дарахаар бууж явсан германчуудад Эрдэнэзуугаас нийслэл хүргэх төв замын заагт Монгол төрх нэртэй бэсрэг цэнгүүн таарав. Найр наадам хийж буй айл таарвал буугаад морддог. Тэр утгаараа сангийнхан тэнд буудаллаж, нүүдэлчин монголчуудын түүх соёл, зан заншлыг хэдхэн хоромд үзэж сонирхов. Эртний баатрууд, ноёд хатдын дүр төрх, тэдний хэрхэн наадамладаг байсныг ердөө хагас цагийн дотор л үзчих юм билээ. Жуулчин, гийчид хэрэв хүсвэл гэр барих, хонь муулах зэргийг хэдхэн хормын дотор сонирхоод өнгөрч ч болно гэсэн шүү.

Өдрийн сонин 175 /2309/

С.Энхтуул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button