Ашигт малтмалын шинэ хуулиар орон нутагт эрх дарх өгчээ

Гэсэн ч Ц.Нямдорж амьсгаа дээгүүр сууна. Спикер яарсандаа болоод АН-ынхны зүтгүүлээд байгаа Нийгмийн даатгалын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг алгасах шахав. Халамжийн мөнгийг нэмэх санаатай хэл ам татлаж буй С.Ламбаа гишүүн үүнийг нь сануулж, Манай дарга яараад байнаа даа гэнэ. Байнгын хороо хуралдах зуур Ашигт малтмалын хууль батлахад ачааны хүндийг үүрсэн гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
УИХ-ын дарга Ц.Нямдорж ч уг хуулийг батлагдсаны дараа Парламентад суудалтай намууд зөвшилцөж, харилцан ойлголцож, хөрөнгө оруулагчид, болон үндэсний эрх ашиг, байгаль хамгаалах асуудлыг тусгаж, алтан дундажийг барьж чадсан болов уу хэмээн найдаж байгаа гэж үнэлэв. Хуу­лийн ажлын хэсэгт багтсан Ц.Дамиран гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Уг ажлын хэсэгт иргэний нийгмийн төлөөлөл оролцсоныг онцолж байна лээ. Гишүүдийн өргөн барьсан болон, Засгийн газрын санал болгосон гурван төслийг нэгтгэн хэлэлцсэн болохоор будилах юм ч байсан гэнэ.

Лицензийг бүртгэлтэй аж ахуйн нэгжид олгох болов


Пиценз тойрсон асуудлыг шийдсэн гэж Ц.Дамиран гишүүн тайлбарлав. Хайгуулын болон ашиглалтын лицензийг Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд олгох болсон байна. Хувь хүний гарт хуримтлагдсан их хэмжээний лицензийг хурааж авах аргагүй учраас хуу­лийн ийм хязгаарлалт хийж өгсөн бололтой юм. Иргэн өөрөө аж ахуй нэгж байгуулаад, лицензээ шилжүүлж авах зургаан сарын хугацааг өгснөө гишүүд мэдээлэв. Мөн лицензийг арилжааны хэрэгсэл болгохоос сэргийлж, үнийг нь нэмж, эдийн засгийн хөшүүрэг хэрэглэсэн аж. Гадаадын хөрөнгө оруулалтад халтай хууль гарах вий гэсэн болгоомжлол явсан. Харин хууль тогтоогчид хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаагүй гэцгээв. Гэсэн ч таван жилд 50 сая долларын хөрөнгө оруулалт хийвэл хөрөнгө оруулалтын гэрээ хийж, тогтвортой байдлыг нь хангах болжээ. Уул уурхайн том компаниудад ажиллагсдын 10 хүртэл хувь нь гадаадын ажиллах хүч байж болох агаад хэрэв үүнээс хэтэрвэл төлбөр төлөх аж. Бид бүх төлбөрийг өндөр болгосон ч хоёр зүйлд уян хатан хандсан гэж Д.Одхүү ярилаа. Нөөц ашигласны төлбөр 2.5 байсныг 5 хувьд хүргэжээ. Экспортод гаргадаг нүүрсний нөөц ашиглалтын төлбөр
нэмэгдсэн ч харин дотоодын эрчим хүч, дулаан үйлдвэрлэхэд ашигладаг нүүрснийхийг нэмээгүй гэв. Нөөц ашигласны татвар нэмэгдсэн ч татвар буурсантай холбоотойгоор уул уурхайн компаниудад ачаалал нэмэхгүй гэж уул уурхайнхныг мөн тайвшруулаад авав.

Улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудад төрийн оролцоо 50 хувь хүртэл байж болно.


Стратегийн ач холбогдолтой орд гэдэг тодорхойлолт гишүүдийн дунд маргаан дэгдээж, хөрөнгө оруулагчдыг ч түгшүүлээд авсан. ДНБ-ий таван хувиас доошгүйг үйлдвэрлэдэг ордыг стратегийн ач холбогдолтой хэмээх ангилалд багтаах юм. Улсын төсвөөр хай­гуул хийж, нөөц нь тогтоогдсон ордуудад төрийн оролцоо 50 хүртэл хувь байж болно гэж заасан ч төр оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр, гэрээгээр л хувь эззмшиж болох гэнэ. Ерэн оноос хойш улсын төсвөөр хайгуул хийсэн орд байхгүй болохоор 50 хүртэлх хувийн төрийн оролцоо цөөн хэдэн ордод л байх бололтой. Тийм ч учраас энэ хууль гадаадын хөрөнгө оруулагчдад бус харин Лицөнзийн ченжүүдэд хохиролтой хууль болж байгаа гэж З.Энхболд гишүүн тодорхойлов. Дотроос мэдээлэлтэй, дарга нарын хүмүүс л лиценз олж авч байсныг халж, үнэхээр уул уурхайд хөрөнгө оруулах чадвартай. мэргэжлийн байх шалгуур тавьж, төрийн ордыг зарж, мөнгө олох боломжийг хаасан гэж тэр тайлбарласан. Ашигт малтмалын шинэ хуульд талийгаач О.Энхсайханы үзэл санаа хэр орсныг сонирхсон сэтгүүлч ч байлаа. Ажлын хэсгийн ахлагч Д.Одхүү Бид талийгаачтай хамт энэ хуулийн төслийг өргөн барьсан юм. Түүний бүх үндсэн үзэл санааг авч үлдэж чадсан. Засгийн газар бидний хуулиас зарчмын өөр төсөл оруулж ирсэн юм гэж тайлбарлав.

Хайгуул хийхийг орон нутгийнхан зөвшөөрөхгүй ч байж болно


Эцэст Муугүй хууль болсон гэж ажлын хэсгийн ахлагч Д.Одхүү гишүүн уран бүтээл-ээ магтав. Хувь хүнийхээ хувьд тэрбээр Айхавтар хэцүү ажлын хэсгийг толгойлоод, гарсандаа сэтгэл хангалуун байгаа гэлээ. Эхний үед ажлын хэсгийнхэн маргаж, барилцаж авахдаа тулдаг байжээ. Хуу­лийн төслөө англиар орчуулаад, гадаадын нэр хүндтэй уул уурхайн мэргэжилтнүүдэд илгээж, Тун гайгүй хууль болжээ гэсэн үнэлгээ ч авсан байна. Ч.Раднаа гишүүн Орон нутгийн засаг захиргаа, иргэдэд эрх дарх өгсөн хууль болсон хэмээн үнэлэв. Анх хайгуулын лиценз олгохдоо сумын ИТХ-аар хэлэлцэж, дараа нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцээд, Засаг даргад саналаа хүргүүлэх гэнэ. Ашигт малтмал эрж хайхдаа хууль зөрчсөн бол орон нутгийн засаг захиргааны саналыг харгалзаад, БОЯ дүгнэлт гаргаж, лицензийг нь цуцалдаг байхаар бол­жээ. Байгалийн баялгийг нь ухаж авдаг ч орон нутагт хүртэх юмгүй талаар иргэд гомдоллодог. Юутай ч энэ удаа улсын төсөвт 70 хувь, аймгийн төсөвт 20, сумын төсөвт 10 хувь нь үлдэхээр хуульчилжээ. Анхнаасаа хайгуул хийлгэхийг орон нутгийнхан зөвшөөрөхгүй байсан ч болно гэж З.Энхболд зөвлөж байна. Өмнө нь орон нутгийнханд тийм эрх байгаагүй бөгөөд яам мэдээд зөвшөөрөл өгчихдөг байжээ. Мөн Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын зарчмыг авч, мэдээлэл олон нийтэд нээлттэй байхаар заажээ.

Өдрийн сонин 175 /2903/

Б.Эгшиглэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button