Шинэчилсэн нэртэй *халтуурдсан* Төрийн дуулалд алдаа мадаг их байна!!!

Yгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Yндэс язгуур, хэл соёлоо
Yрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Хуучин төрийн дуулал


Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжин үүрд мөнхжинө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайрт Монгол орноо мандуулъя

Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож жаргалыг эдлэв
Жаргалын тулгуур хөгжлийн түлхүүр
Жавхлант манай улс мандтугай

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайрт Монгол орноо мандуулъя

Төрийн дууллаа өөрчлөн шинэчилэх тухай Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарч ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад багагүй хугацаа өнгөрсөний дараа ямар ч байсан баяр наадмынхаа өмнө дээрх шинэ төрийн дуулалтай болов. Анх төрийн дуулалд гар дүрэх тухай асуудал яригдаж эхлэхэд эсэргүүцэж элдэв юм ярьж байсан хүмүүс ч цөөнгүй байсан.

Гэвч энэ бол цаг үеэ олсон нийгмийн хэрэгцээ шаардлагаас урган гарсан зоригтой зөв зүйтэй шийдвэр байсан юм. Мөн Энэ удаа ноён ерөнхийлөгчид халуун баяр хүргэх хэрэгтэй болов уу. Гэхдээ баяр хүргэх үнэндээ эрт байнаа. Харин зөв юм санаачлаад *хулхи* зүйл хийсэнд нь том толгой гаргаж зэмлэх гэсэн юм…

Учир юу вэ гэвэл *ажил хийвэл дуустал* гэдэгчилэн санаачилж эхлүүлсэн энэхүү ажлаа *гурилдалгүйгээр* бүрэн дүүрэн дуусгах тал дээр санаа тавих хэрэгтэй санагдана. Монгол улсын төрийн дуулал гэдэг зүгээр нэг хувь хүний хийрхэл үзэл бодол шингэсэн эсвэл байдаг л шүлэг биш билээ.

Төрийн дуулал бол Монголын ард түмэн төр засаг улс орны маань тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, ард түмний хүсэл эрмэлзлэл, бахархал бахдал, хүч чадал, эрх чөлөө эв нэгдэл, жаргал цэнгэл, түүхийн гэрч, ирээдүйн захиас, өнөөдрийн итгэлийг илэрхийлсэн бидний зүрхний цохилт лугаа эрхэм нандин билгэдэл бүхий дуулал байх ёстой нь дамжиггүй. Энд явцуу, бүрхэг, буруу утга санаа бүхий нэг ч үг , өгүүлбэр, цэг таслал байх ёсгүй…

Хуучин төрийн дуулалд маань хоцрогдсон сольж өөрчлөх шаардлагатай мөр бадаг цөөнгүй байсан нь үнэн. Ганц жишээ дурдвал эхний бадагт *Дархан манай хувьсгалт улс*, *Дайсны хөлд хэзээ ч орохгүй* гэх мэт хуучирсан хоцрогдсон, үзэл сурталжсан, хүйтэн дайны үеийн, дайн дажин айдас хүйтэст автаж заналхийлэл дунд байгаа мэт мөрүүд ажиглагддаг. Мөн шүлгийн ерөнхий бүтэц *түг таг* гэсэн, бадгуудын төгсгөл нөгөө л *тугай, түгэй, тэгье ингэе* гэсэн худлаа лоозогносон шинжтэй гэхчилэн шүүмжлэх юм бий…

Төрийн дууллыг өөрчлөх ажлын хэсэгт Монголын урдаа барьдаг утга уран зохиолын мастерууд, ардын, гавъяат, болор цомын эзэн цолтнууд нэг үгээр хэлбэл *мундагууд* багтсан дуулдсан. Одоо ард түмэн ч итгэсэн хойноо ичиж байх шиг байна гэхэд хэтрүүлэг болохгүй биз.

Ямар ч байсан Төрийн дууллыг тэр чигээр нь шинээр өөрчлөхийг төвдөлгүй хуучин дуулал дээрээ ажиллаж зохиогч авторуудыг нь хэвээр үлдэхээр санал нэгдсэн. Энэхүү жудагтай шийдэл ч Монголын ард түмэнд таалагдсаныг энд хэлэх нь зүйтэй. Гэхдээ *мундаг*-дын засаж шинэчилсэн шинэ төрийн дуулал өмнөхөөсөө жаахан дээрдсэн мэт боловч үнэн хэрэгтэй тун тааруу болсон нь шууд ажиглагдаж гавъяа цолоор авьяасыг хэмжиж болохгүй гэдгийг нотлов бололтой. Зассан юм бол зассан шиг засаад нэг мөр аятайхан болгочихгүй яасан юм бол доо авъяас билэг дутаагүй юм бол сэтгэл дутаж дээ гэх бодол төрнө. Нэгэнт л төрийн дууллаа шинэчилж утга уянга төгс болгоно гэж сүр дуулиан болж хуруу дүрсэн юм, төгс болгож болгох нь зөв мэт санагдана?!

Утга уран зохиол сонирхогч хэдэн мөр холбох дуртай төдий миний хувьд шинэ төрийнхөө дууллыг хараад голмор аядаж шүүмжлэлтэй хандах зүйл цөөнгүй ажиглагдсанаа иргэн хүний хувьд энд сийрүүлж байна. Бүр *бяруу болоогүй байж бухын баасаар баах*-ын үлгэрээр ингээд засчихаж болдоггүй юм байхдаа гэж толгой сэгсэрч ганц нэг үг өгүүлбэр дээр нь ажиллаж хүртэл үзэв. Ямар ч байсан төрийн дууллаа нэгэнт шинэчилэн засахаар шийдсэн юм бол засах л хэрэгтэй. Хэн хүнгүй оюун бодлоо чилээж санаа тавим л ёстой гэж бодно. Дахиад хүсэхэд эрхэм ерөнхийлөгч, эрдэмтэн мэргэд болгоож анхаарал хандуулж ард түмэн ч гэсэн өөрсдийн санал бодлоо илэрхийлж Төрийн дууллаа төгс болгох тал дээр хичээх буйзаа гэж найдна. Битгий л мордохын хазгай болоосой доо.

Ингээд шинэчилсэн хувилбар дээр шүүмжлэлтэй хандаж байгаа зарим нэг мөр бадгуудийг өөрчлөх шаардлагатай байгааг өөрийн бодлоор өөрчлөн бичиж та бүхний мэргэн оюун таалалд толилуулж байна. Алдаа мадагтай аваас болгооно биз ээ…

*Халтуурдсан* шинэ төрийн дууллыг шүүмжилж, засах нь буюу шинэчилсэн гэх төрийн дуулалын *но*-нууд

Дархан манай тусгаар улс – Энд *манай* гэдэг үг дэндүү *модон* хэллэг мэт санагдана. Тэгээд ч *дархан* гэдэг үгтэй нэг их сайн уялдан холбогдож чадахгүй байна. *Дархан манай* гэж юу гэсэн үг вэ? Дархан мужаан манай юу, Дархан хотын манай юу? гэж мунхаг надаас эхлээд төөрөлдөх оньсого таах хэрэг хэн нэгэнд гарч мэдэх юм. Мэдээж энд дархан улс, дархалсан, дархан хил гэх санаа буй биз. Тиймд дээрх *манай * гэдэг үгийг *хилтэй* гэдэг үгээр сольвол утга төгс, хэллэг эвтэй болох мэт санагдана. /жш Дархан хилтэй тусгаар улс/

Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс – *Дээдсийн* гэдэг үг явцуу утга илэрхийлж байна. Мөн хүнийг ялгаврлан гадуурхсан ардчилсан зарчмыг зөрчсөн харагдана. Зөвхөн дээдсийн гэгээн үйлс дандаа энхжин мөнхжих хэрэг үү? Харин эгэл ард явсан өвгөдийнх маань бол сөнөж балрах уу? Дээдсийн гавъяа их ч ардгүй бол хэзээч бүтэхгүй билээ. Тиймд энэхүү *дээдэс* гэсэн үгийг *өвгөд* гэсэн үгээр солих хэрэгтэй санагдана. Монголчууд бид *Өвөг дээдэс* гэж хэлдэг билээ. Тэгэхээр *өвөг* гэдэг үг *дээдэс*-ээс илүү дээр том өргөн утга агуулагтай аль алийг нь багтаасан аж. Тэгээд ч бидний өвөг дээдэс бүгд багтан зөвхөн хаан ихэс дээдэст зориулсан *манжилсан* бус болж бидний бүх л өвөг дээдэс буюу ард түмний гэгээн үйлс дандаа энхжин үүрд мөнхжих утга агуулах бусуу. /жш Далай их өвгөдийн гэгээн үйлс/
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж – Энэ мөрөнд *хамтран нэгдсэн* гэж үг дараалан орж утга давхарджээ. Өөрөөр хэлбэл *хамтран хамтран эвээ*, *нэгдсэн нэгдсэн эвээ* бэхжүүлж гэдэгтэй агаар нэг юм. Манай Монгол үгийн сан баялаг утга санаа өргөн билээ. Тэгэхэд төрийн дуулалдаа үг утга харамлаж ядмаг болгох хэрэг юусан билээ. Иймд аль нэг үгийг эсвэл өгүүлбэрээр солих нь зөв мэт.1-р бадгийн 2-р мөр маань *Далай Монголын ариун голомт* гэж төгсөж байгаатай уялдуулвал зүгээр мэт санагдана. /жш Хамтран хөгжсөн найрамдлыг өлгий/ гэвэл илүү утга уянга төгс болох мэт.
Хатан зориг, бүхий л чадлаараа – Энд *бүхий л* гэж үг мөн л *модон* сонсогдож утга бүрхэг харагдаж байна. Тэгээд ч *хатан зориг* гэдэг хүнд үгийн араас нь зөөллөх нь зүйтэй мэт. Иймд *бүхий* гэдэг үгийг *эвийн* гэдэг үгээр сольж болох юм. Эвтэй бол хүчтэй гэдэг биз дээ. /жш Хатан зориг эвийн хүчээрээ/
Хайртай Монгол орноо мандуулъя – Энэхүү мөрний *мандуулья* төгсгөл бас л биш юмаа. Урд нь мандаагүй байж байгаад л өнөөдөр гэнэт санаад л мандуулья гэж орилж байгаа мэт худлаа лоозогносон шинжтэй. Тэгээд ч өмнөх бадгийн *мөнхөжнө* гэсэн төгсгөлтэй ч зохицохгүй байна. Иймд төгсгөлийн *мандуулья* гэдэг үгийг зүгээр л *мандуулна* болгож болно. Энэ нь үүрд мандуулсаар ч байсан, одоо ч мандуулна, мандуулсаар ч байх болно гэсэн ашдын утга билгэдэл болох бусуу. Ер нь бүх бадгийн *тугай түгэй тэгье ингэе* гэдийг энэ мэт өөрчлөх нь зүйтэй мэт. Мөн ая аялгуунд ч эвтэй таарах боловуу гэж санагдана. /жш Хайртай Монгол орноо мандуулна/

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Yндэс язгуур, хэл соёлоо
Yрийн үрдээ өвлөн бадраая – *Yрийн үрдээ өвлөн бадраая* гэж юу гэсэн үг вэ. Зөвхөн 2-хон үедээ л үндэс язгуур хэл соёлоо өвлүүлэх хэрэг үү. Өөрөөр хэлбэл ачдаа өвлүүлээд цааш тасрах уу? Энд харин илүү өргөн утга санаа илэрхийлж *Yеийн үедээ* болгож засаж болох мэт. Ингэснээр үеийн үед буюу үүрд өвлүүлэн бадраана гэсэн утга тодорно. Энд мөн төгсгөлийн *бадраая* гэдэг үгийг дээр дурдсан адил болгож *бадраана* болгох нь зүйтэй болов уу. /жш Yеийн үедээ өвлөн бадраана/

Эрэлхэг Монголын золтой ардууд– Энэ бадгийн эхлэл *Эрэлхэг* гэдэг үг илүүц мэт. Өнөөдөр орчин үед эр зориг илд зэвсэгээр бүхнийг дийлэх айлгах бус харин оюун ухаан эвийн хүчээрээ энх тайван оршин тогтнож амьдардаг болсон цаг. Тэгээд ч *Эрэлхэг Монголын -золтой ардууд* гэж нэг л наалдаж өгөхгүй байна. Эрэлхэг улсад төрөхөөрөө л золтой болдог гэж үү? *Эрэлхэг гэдэг үгийг *энх* гэдэг үгээр орлуулбал илүү утга өргөн мөн доод *Эрх чөлөө жаргалыг эдлэв* гэсэн мөртэйгээ илүү зохицож наалдаж байна. /жш Энх Монголын золтой ардууд*
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай – /жш Жавхлант манай орон мандана/

Утга зохиол, яруу найраг сонирхогч, сэтгүүлч Болодын Мөнхдөл миний ганц нэг үг утга дээр засвар хийх тухай дахин шинэчилсан хувилбар

Төрийн дуулал

Yгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж

Дархан хилтэй тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их өвгөдийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран хөгжсөн найрамдлын өлгий
Хатан зориг, эвийн чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулна

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Yндэс язгуур, хэл соёлоо
Yеийн үедээ өвлөн бадраана

Энх Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэж
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандана

/Болод.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button