Нойр булчирхай хайлах гэмтэй

-Монгол хүний биеийн онцлогт ямар хоол илүү тохиромжтой, шингэцтэй вэ?


-Монголчууд эртнээс нааш нүүдэлчин амьдралын хэв загвараар амьдарч, үүндээ тохирсон хоол хүнсийг хэрэглэж ирсэн. Тухайлбал, өвөл нь илчлэг ихтэй хоол иддэг, энэ нь бидний эрхэлж байгаа ажилтай холбоотой. Худгаас ус татах, эмнэг сургах, адуу мал маллах зэрэгт тохиромжтой байдаг. Намар болохоор нутгийн жимс ногоо, өвөл хавартаа идэх тэжээл, хоол хүнсээ базааж авдаг, жимс ногоог хатаах, нөөшлөх, махаа борцлох, өвөл хаврын улиралдаа тохируулж ирсэн нь эрүүл мэндээ бодсон, нөгөө талаар амьдралын хэв маягт нь тохирсон зүйл байлаа. Харин хавартаа тэжээллэг, шар идээ буюу шар тос, шар уураг зүйлийн хоол хүнс, зундаа цагаан идээ хэрэглэж ирсэн. Зун цагаан идээг түлхүү хэрэглэж, махан хоол бага иддэг. Энэ нь халуун дулаан улиралд хүний биед илч бага шаардагдаж байгаатай холбоотой. Одоо Монголчуудын амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөж байна. Эрүүл агаарт, нэг газраас нөгөө газар руу явах, биеийн хөдөлгөөний үед хоол нь шингэдэг байсан. Гэтэл одоо суурин газар халуун байшинд сууж байгаад, гараад машин барина. Биеийн хүчний хөдөлмөр хийж байсан үеийнхтэй харьцуулахад түүнээс ч илүү илч ихтэй хоолыг идэж байна. Зуны улиралд махан хоол их хэрэглэдэг. Хорхог идэж, айраг, архи хэрэглэнэ. Монголчуудын хоол хүнс эртний зөв уламжлалаасаа гажуудаад, хоол зүйн үүднээс, хооллохуйн ухаанаас үзэж байгаа дэг жаягт ч гэсэн нийцэхгүй талууд гарч ирсэн. Yүнийг хүмүүс яагаад монгол хүнд монгол хоол зохихгүй болчихсон юм бэ гэж эргэлздэг.

Сүүлийн үед ялангуяа ногоон навчит ногоо, шинэ ногоо, жимсийг голчлон хэрэглэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ер нь монгол хүн хоногтоо хүнсний бүтээгдэхүүний таван бүлэг бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэж байх хэрэгтэй. Нэгдүгээрт, будаа, гурилын бүлэг. Yүнээс ихэвчлэн бүдүүн ширхэгтэй, бор гурилын төрөлтэй хар, бор талх, арвайн гурил, хивэг, хоёрдугаар гурил зэргийг түлхүү хэрэглэх. Аль болох сайн шигшигдсэн гурилан бүтээгдэхүүн, дээд гурилын хүнсний бүтээгдэхүүнийг бага хэрэглэх хэрэгтэй. Хоёрдугаарт, махан бүтээгдэхүүн. Тодорхой хэмжээгээр хэрэглэж, уургийнхаа нөөцийг эндээс авах шаардлагатай. Гуравдугаарт, хүнсний ногоо, дөрөвдүгээрт, сүү, цагаан идээ, тавдугаарт, жимс. Тийм ч учраас олон төрлийн бүтээгдэхүүнийг бага багаар хэрэглэх хэрэгтэй байдаг. Сүүлийн үед хүмүүс үүнийг сайн ойлгодог болжээ. Аль болох олон төрлийн хоол хүнс хэрэглэж, ногооны салат идэж байна. Гэхдээ зарим нь амьдралын боломжоос ч шалтгаалан нэг төрлийн хоол идэж байгаа. Монголчуудад ямар хоол хүнс зохидоггүй вэ гэхээр давс болон амьтны гаралтай өөх тосыг хэтрүүлэх, архи дарсыг ихээр хэрэглэх нь муу тул энэ бүхнээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

-Өдөрт хэдэн удаа хооллох нь зүйтэй вэ?


-Өглөө, өдөр, орой гурван удаа хооллож, үүний хооронд боломжоороо бага үд, үдээс хойш хөнгөн цай ууж болно. Хоолныхоо ихэнх хувийг өдөр идэх хэрэгтэй. Хоногийнхоо хоолыг 100 хувь гэж үзвэл, 40 хувийг нь өдөр идэж байх ёстой. 20-ийг нь өглөө, 25 хувийг нь орой идэж байгаарай. Тогтмол цагт хооллож, орой 7 цагаас өмнө хоолоо иддэг бол эрүүл мэндэд ч тустай.

-Орой 11 цаг өнгөрөхөд өлсөөд байдаг. Энэ үед яах вэ?


-Энэ нь нэлээд орой унтдаг хүний асуулт байна. Хоолны хооронд шингэн юм, ялангуяа буцалсан ус ууж байх хэрэгтэй. Хүний бие организмд шингэн шаардлагатай байдаг. Нэг талаар ходоод хоолтой байх мэдрэмжийг төрүүлж байдаг. Ойрхон хоол идмээр санагддаг, мөн өлсөөд байгаа мэт санагддаг бол өөрийгөө чагнаж мэд. Хэрэв тийм бол мэдрэлийн ядаргаа ч юм уу, ходоодны хүчиллэг, шүүс ихэссэн үед ийм мэдрэмжийг төрүүлж болно.

-Хоносон хоол халааж идэх нь зөв үү?


-Хоносон хоол халааж иддэг зуршил нэлээд хувьд ажиглагддаг. Энэ нь тухайн хүн зөвхөн ходоодныхоо эзлэхүүнийг дүүргэх зорилгоор хоол идэж байгаа гэсэн үг. Хоолонд хадгалагдаж байсан шим тэжээл, эрдэс бодис саармагжиж, идэвхгүйжсэн байдаг тул тэр бүхнийг халаасан хоолоос нөхөж авч чадахгүй. Тийм учраас хоолыг шинээр бэлдэж, хэмжээндээ тохируулж хийж байх хэрэгтэй.

-Махтай мөртлөө жин нэмдэггүй ямар хоол байдаг вэ?


-Хүн хэвийн жинтэй байгаад, дараа нь жин хэтэрдэг, тэгээд таргалалт гэдэг өвчиндөө ордог. Орчин үед таргалалтыг эмгэг, өвчин гэж үзэж байгаа. Таргалалт нь бодисын солилцооны олон зүйлс хямарч, өөрчлөгдсөний улмаас цаашдаа, чихрийн шижин, зүрх судасны өвчинд нэрвэгдэх эрсдэлт хүчин зүйлийн нэг болдог. Таргалалтаас сэргийлэх, биеийн жингээ хэвийн барьж байх нь тухайн хүнээс шалтгаална. Хоол ундаа зөв тохируулан хэрэглэж, биеийн хөдөлгөөн сайн хийвэл идсэн хоол бүхнийг шатааж, биедээ зөв шингээж өгнө. Харин жин барина гэдгээс хоол ундаа хэтэрхий хязгаарлавал биедээ хэрэгтэй, зайлшгүй авч байх шаардлагатай, өөх тос, уураг, нүүрс ус, аминдэм, эрдэс бодисыг авч чадахгүй. Yүнээс болоод биеийн эсэргүүцэл сулрах, аминдэмийн дутагдалд орж, өвчинд нэрвэгдэмтгий байдал үүсч болно. Ер нь хальсгүй цагаан мах биеийн жин нэмэгдэхэд тэр болгон нөлөөлөөд байдаггүй гэж үздэг. Цагаан маханд гэрийн тэжээвэр шувууд, загасны мах орно. Тахианы мах идчихээд хүмүүс би өөхгүй мах идэж байна гэж боддог. Гэтэл тахианы махыг хальсгүй идэх хэрэгтэй. Тахианы махны хальсанд их өөх дагалдаад явж байдаг. Тийм учраас тахианы мах авахдаа аль болох өөх багатай, хальсгүйгээс нь авах хэрэгтэй. Их жин нэмж байгаа тохиолдолд загасны хайрс өөхийг авах хэрэгтэй. Хүмүүс загасыг ер өөхгүй гэж боддог. Гэтэл загас өөрөөсөө тодорхой хэмжээгээр тос ялгаруулдаг. Загасны тос амьтны гаралтай тос учраас тодорхой хэмжээгээр холестерин агуулж байдаг. Хэдийгээр загасны тосонд хүний бие организмд шаардлагатай, тосонд уусдаг аминдэмүүд, зарим нэг хэрэгцээт бодисууд бусад тосыг бодвол илүү их хэмжээгээр агуулагдаж байдаг ч амьтны гаралтай тосны хувьд холестерин агуулж байдаг учраас холестерин нэмэгдэхэд дэм өгч байдаг.

-Цагаан хоолны хувьд?


-Гадаадад махнаас татгалзсан хүмүүс махан бус бүтээгдэхүүн, ногоо, жимсээр хооллодог. Тэр хүмүүс ч гэсэн эрүүл чийрэг, янз бүрийн өвчин эмгэгт нэрвэгдэх нь бага, таргалалт байхгүй, хөнгөн шингэн явдаг. Хамгийн гол нь эрүүл мэндийн л ач холбогдолтой. Тийм учраас махан хоолоос татгалзаж болно, эсвэл махан хоолоо багасгаж болно.
Гэхдээ хүн болгон махгүй хоол иднэ гэж туйлширч болохгүй. Тухайн хүн өөрийнхөө бие организмын онцлог, ээж, аавынхаа эрүүл мэндийн байдал, ямар өвчнөөр өвчилж байсныг хүртэл хоол идэхдээ бодолцож байх хэрэгтэй. Тэгэхээр махнаас татгалзах уу, үгүй юү гэдэг нь тухайн хүний өөрийнх нь асуудал. Ажил, нас, бие организмын онцлогт л тохируулах шаардлагатай.
Махан хоол өсч байгаа хүүхдийн өсөлт бойжилтод зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Гэтэл 40-өөс дээш насны хүмүүст бодисын солилцооны онцлогтой холбоотойгоор махан хоолоо цөөлөх, ялангуяа зөвхөн өдөр махан хоол идэх, эсвэл таргалах, янз бүрийн өвчинд өртөх магадлал өндөр байвал долоо хоногт хоёр удаа махан хоол иддэг ч юм уу, өөрийн онцлогтоо тохируулан махан хоол идэх хэрэгтэй.

-Монголчуудын олонхи нь орой хүнд хоол идээд заншчихсан. Энэ талаар?


-Буруу. Манайхан дэлхийн жаягаас нэлээд зөрж явж байгаа нь нэгэнт нотлогдчихсон. Энэ хандлагаа өөрчлөх шаардлагатай. Хоногийн хоолныхоо 40 хувийг өдөр идэх хэрэгтэй гэж хэлсэн. Орой хоол хийж иддэг арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Орой хөнгөн маягаар хооллож, гэр зуураа байж, зурагтаа үзэж байгаад унтаад өгдөг учраас хоол бүрэн шингэж илч нь бүрэн задардаггүй. Тэр илчээ зарцуулдаггүй. Тийм учраас өөх тос зэрэг хүнд хоол хуримтлагдаад үлдчихдэг.

-Гүүний саамыг олон өвчинд, тэр дундаа хоол боловсруулах эрхтэнд сайн гээд өргөн хэрэглэх болсон. Yнэн үү?


-Гүүний саамыг Монголд нэлээд судалсан. Тодорхой хэмжээний уураг, нүүрс устай бүтээгдэхүүн. Хоол боловсруулах эрхтэнүүдийн өвчний үед хэрэглэж болдог. Гэхдээ дангаараа европ эмчилгээг орлоод, ямар нэг өвчнийг илааршуулан, эдгээхгүй. Энэ нь зөвхөн хоолны эмчилгээний нэг хэсэг болж чадна. Эсийн ханыг бэхжүүлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах зэрэг сайн нөлөөтэй. Ер нь эмчилгээг хийхдээ туйлширдаг. Олон талаас нь бодож, судалж байж хийх хэрэгтэй. Хүмүүс бусдын амнаас нэг зүйл сонсчихоод, тэр мэдээлэлдээ итгэдэг. Гэтэл хүн бүрийн биеийн онцлог өөр. Тийм учраас тухайн бүтээгдэхүүн нэг хүнд зохисон байж болно, надад зохих уу, үгүй юү гэдгээ бодож байх шаардлагатай.

-Наадам, цагаан сар зэрэг томоохон баярын дараа хоолны хордлого ихэсдэг. Энэ юутай холбоотой вэ?


-Yнэн л дээ. Хоолны хордлого, нойр булчирхайн цочмог үрэвсэл тохиолдох, архаг үрэвсэл дахих, ходоод гэдэсний архаг өвчин сэдрэх гэх мэт хоол боловсруулах замын өвчин тохиолддог. Энэ нь баяр ёслолын үеэр хоол цай бэлдэж байгаа газар ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийн шаардлага хангаагүйтэй холбоотой. Нөгөө талаар, үйлчлүүлэгчид, тухайн хүн өөрийнхөө эрүүл мэнд, биеийг бодолгүйгээр гэнэт их хэмжээгээр идэж, уун хэтрүүлэн хооллосноос болдог. Ялангуяа цагаан сараар өөх тостой бууз, тос иддэг. Хөдөөд нэг айлаас нөгөө рүү мориор явж хүрэхэд эхний хоол нь шингэсэн байдаг. Гэтэл хотынхон тэгэхгүй. Айлаас гараад л таксинд суугаад дараагийнх руу нь явна. Мөн хоолыг ёс болгож, амсах төдий иднэ үү гэхээс, цадталаа иддэггүй. Бялууртлаа идсэнээс хоол боловсруулах эрхтэн ачааллаа даахгүй болж архаг өвчин сэдрэх, эрүүл ходоод гэдэс хүртэл өвчилнө. Ялангуяа наадмаар хорхог идээд, айраг уудаг. Энэ нь нойр булчирхайд их ачаалал өгнө. Yүнээс болж, нойр булчирхайн бүх фермент цусанд ихээхэн хэмжээгээр ялгарч улмаар нойр булчирхайг өөрийг нь хайлуулах тохиолдол элбэг. Энэ нь эрүүл мэндэд маш аюултай. Yүнийг зогсоох эмчилгээний арга байхгүй гэж хэлж бараг болно.

Зууны мэдээ сонин 168, 169 /2304, 2305/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button