ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Ерөнхийлөгчид бараалхав

Ерөнхийлөгч Монгол, Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 12 дугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсан явдалд нь баяр хүргээд энэхүү хуралдаан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны яриа хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгон хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Мөн өнгөрсөн сард Шанхай хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын ээлжит хуралдаанд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж хоёр талын хамтын ажиллагааны томоохон төслүүдийн талаар ярилцсанаа тэмдэглээд Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, уул уурхай ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалт, эдийн засгийн нээлттэй бүс байгуулах, иргэдийн харилцан чөлөөтэй зорчих визний асуудал, төмөр зам барих хамтарсан төсөл зэрэг хоёр талдаа санал нэгдэн ярилцаж ирсэн асуудлуудыг цаг алдалгүй, ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг сайдад зөвлөв.
Ноён А.В.Гордеев Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монголын ард түмэнд хүргэсэн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлаад Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Москва хотноо уулзах өдрийг хүлээж байгааг нь дамжууллаа.
Мөн ОХУ хуучин социализмын үед хуримтлагдсан өр зээлээ барагдуулж дуусаад одоо эдийн засгийн бүхий л харилцаанд орох боломжтой болсныг тэмдэглэн хоёр талын худалдаа, эдийн засгийн салбарт хуримтлагдаж ирсэн асуудлуудаа ажил хэрэг болгон шийдвэрлэхэд бэлэн байгааг мэдэгдэв.
Ерөнхийлөгч уулзалтын төгсгөлд Монгол Улсад тавтай зочлохыг ерөөгөөд ОХУ, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button