ХYЙ ДОЛООН ХУДАГ наадамчдаа хүлээж байна

Баяр наадмын комиссын холбогдох албаныхан болон тохижилт үйлчилгээний ажилтнууд оролцож сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулсан юм. Хур бороо элбэгтэй болохоор газрын гарц сайн, тоосжилт бага байх ч Зэвсэгт хүчний тусгай зориулалтын 16 машин замын тоос дарах усалгаанд явах аж.Энэ жилийн баяр наадам Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Гадаадаас ирэх жуулчдын тоо ч ихээхэн нэмэгдэнэ. Жуулчдын хувьд бие засах газрын асуудал нэн тэргүүнд тавигддаг.Энэ үүднээс боловсон жорлон байгуулах асуудалд ихээхэн анхаарал тавьж морь барианы газраас холгүйхэн 7-8 суултуур бүхий хоёр жорлон байгуулжээ. Цэвэр устай, гар угаах угаалтууртай хоёр жорлонгийн дэргэд газар доор 10 тоннын хоёр ёмкост байрлуулсан байна. Yйлчилгээний тариф нь ч боломжийн. Нэг удаа ороход 100 төгрөг төлөх юм билээ. Гадна байрлах нийтийн жорлонг ч нэмж барьсан байна. Хүй долоон худгийн дэнжид нийт 100 гэр байрлуулж худалдаа үйлчилгээ явуулах юм байна. Гэрүүдийн гадна талд үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах зорилгоор асар бүхий суудал байрлуулж, ундаа болон ойр зуурын хэрэглээг мөөгөн хэлбэртэй түргэн үйлчилгээний цэгээр хангах аж. Ногоорсон их тал өдрийн тужид хүн, морьдын хөлхөөнд талхлагдахаас гадна хогондоо дарагдаж өнгө алддаг. Тэгвэл энэ жил уг асуудлыг Сонгинохайрхан дүүргийн хот тохижилтын хэлтэс бүрэн хариуцаж 60 ажилчин наадмын талбайг цэвэрлэхээр болжээ.

ЭНЭ ЖИЛ МОРИНЫ УРАЛДААН БУДЛИАНГYЙ БОЛНО

Баяр наадмын комиссын хурдан морины салбар хорооны дарга Самданжамц ийн өгүүлсэн юм. Сүүлийн зургаан жил хурдан морины уралдааныг ямар нэг будлиангүйгээр зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн наадмаар таван насанд нийт 3000 гаруй морьд уралдах урьдчилсан тоо бий гэнэ. Монгол Улсыг аймаг, сум бүрээс хурдан шандаст хүлгүүд Хүй долоон худагт хүрэлцэн ирээд байгаа. Харин Улаанбаатар хотоос алслагдсан зайтай Ховд, Баян-Өлгий, Увс аймгаас хурдан хүлгүүд хүрэлцэн ирээгүй юм байна. Морины бүртгэлийг энэ сарын 9-ний 14.00 цагаас эхэлж өнөөдөр дуусах аж. Харин морь уяачдад анхааруулахад, морьд гарахаас өмнө бүртгүүлээгүй араас нь гаргах зам тосуулах зэрэг нь хориотой бөгөөд шууд хасах юм байна. Иймд цагийн хуваарийг сайн баримталж тогтсон цагаас өмнө морьдоо бүртгүүлэхийг анхааруулж байсан юм. Хурдан морины бай шагнал өнгөрсөн оныхоос 20 хувь нэмэгдэж унасан хүүхдүүдэд ч тусгайлан шагнал олгох гэнэ. Нийт уралдах морьдын 30 хувийг барианд оруулж тусгай шагнал өгөх, бүх уяачдад шагнал хүртээхээр болжээ. Хурдан морь унах хүүхдийн насыг 7 наснаас дээш байлгах, хамгаалалтын хувцас өмсгөх, даатгалд хамруулсан байх шаардлагыг баяр наадмын комиссоос тавьж байсан юм. Хурдан мордыг дагах машины тоо долоо байх бөгөөд хүн эмнэлэг, мал эмнэлэг, телевизийн гурван машин дагаж явах юм. Хүн, мал эмнэлгийнхэнтэй холбоо барих утсыг тусгайлан олны нүдэнд ил байрлуулах юм байна. Хурдан морьдын наадмын талбайд Хаан бууз, Монгол хуушуур компани үйлчлэх бөгөөд наадамчдад хуушуур, бууз олдохгүйн зовлон энэ жил байхгүй гэнэ. Ийнхүү Хүй долоон худгийн ногоон дэнж наадамчдаа хүлээн авах бэлтгэл ажлаа хангаад наадмын салхи сэвэлзсэн өдрүүдээ хүлээж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button