Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үг

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дурсан тэмдэглэх талаархи Монголчууд бидний хүчин чармайлтыг хүндэтгэн дэмжиж, дэлхий нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэх уриалга тогтоол гаргасан НЇБ болон энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа бүс нутаг, олон улсын байгууллагууд, ойрын хөршүүдээс эхлээд хөгжлийн түншүүд болсон найрсаг дотно харилцаатай бүх улс орны ард түмэн хийгээд төр засгийн тэргүүн нарт хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс хувиасаа болон монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Арван гурван жаран, хорин оныг элээж, цаг хугацааны алс чанагшид одох тусмаа Хөх Монголын үр хойчис бидний төдийгүй хөвчин дэлхийн улс гүрний ухаант мэргэдийн ой дурдатгалд улам тодорч, оюун бодлын эрэл хайгуулд хөтөлсөн түүхэн энэ үйл явдлын учир холбогдол, ухаарамж сургамжийг эдүгээ ба хойч үеийнхэнд эргэн сануулах нь хүндэтгэлийн энэ чуулганы эрхэм зорилго билээ.
Аргын тооллын XIII зууны эхэн, билгийн тооллын 3 дахь жаран отголох улаан барс жил буюу 1206 онд Тэмүүжин-Чингис хаан Онон мөрний хөвөөнөө Есөн хөлт цагаан тугаа залж, Их хуралдайг хуралдуулж, Алтайн Мөнх цаст оргилоос Алтан Хинганы Ногоон нарст даваа, Байгал их далайгаас түмэн газрын цагаан хэрэм хүртэлх Төв Азийн өргөн уудам нутагт тархан аж төрөх 30 гаруй овог, аймгийн хоёр зуугаад түмэн иргэдийг хураан нэгтгэж Их Монгол Улсаа байгуулсныг хол ойрын хэл соёлоороо ялгарсан бүхүй олонд ёс төртэй тунхаглан зарласан нь түүх бичлэгт тодоос тод барлагдан үлджээ. Энэ бол манай Монгол Улсын түүхийн хамгийн бахархалт, мөнхийн дурсгалт, онцгой гайхамшигт, тод содон үйл явдал мөнөөс мөн.
Их Монгол Улс байгуулагдсан нь хагацсан улсыг хамтатгаж, бутарсан улсыг бүрдүүлж…, эсгий туургат улсаа шулуутган…, энх амрыг тогтоон, монгол угсааны нэгдмэл үндэстнийг бүрдүүлэн мандан бадрахын эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдолтой юм.
Их Монгол Улс хүчирхэгжин Эзэнт гүрний хэмжээнд хүртэл тэлж өргөжснөөр тэр үеийн ертөнц дэлхийн түгжигдмэл, хуваагдмал, тусгаарлагдмал байдлыг халж, улс төр, эдийн засаг, соёлын шинэ харилцааг буй болгож, олон соёл уулзан огтлолцох, зэрэгцэн орших, сүлэлдэн баяжих замыг нээж, дэлхий дахинаа шинэ дэг журам тогтоож, иргэншил хөгжлийн хүчирхэг давалгааг өдөөж, дэлхийн түүхийн шинэ өрнөлийг эхлүүлсэн нь нэгэн үндэстний төдийгүй нийт хүн төрөлхтний хөгжил дэвшилд учир холбогдолтой түүхэн үйл явдал болсон билээ. Їүнийг бид өнөөдөр тодоос тод хэлэх бололцоотой болжээ.
Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм цогцлоон хөгжүүлэхийг зорьж буй Монгол Улсын хөгжил дэвшлийг дэлхийн сайн санаат хотол олон талархан дэмжиж, монголын ард түмэнд нөхөр түшиг болж, энхжин найрамдах харилцааг өрнүүлж, өргөжүүлж буйн учир шалтгаан нь чухамхүү Чингис хаан тэргүүт өвөг дээдсийн маань хүмүүн төрөлхтний тусын тулд байгуулсан мартагдашгүй гавьяа, гандан бууршгүй аугаа их нэр төртэй шууд болон дам утгаараа холбоотой.
Ийм гавьяа түүхт үйл хэргийг хэрэгжүүлсэн Эзэн богд Чингис хаан тэргүүтэн сэцэн билигт, баатар дайчин, зориг чанга, золбоо хийморьлиг өндөр дээд өвөг дээдсээрээ бахархах бүрэн эрх та бидэнд бий. Бат журамт хэв ёсыг сахин мөрдөж үндэс угсаа, түүх соёлоо үүрд бататган хөгжүүлэх үүрэг хариуцлага ч бас бий.
Их Монгол Улс байгуулагдсан нь санамсаргүй, гэнэтийн үзэгдэл ч биш, тайлбарлаж үл болох ид шидийн зүйл ч биш, нүүдлийн нийгмийн хөгжлийн зүй ёсны үр дүн, түүхэн цаг үеийн зайлбаргүй үйл явц байжээ.
Эзэгнэх эрх мэдэл, эдлэх эд баялгийн төлөө атгаг санаатнууд олзлолдон булаалдаж, алалдан арцалдаж, Хамаг Монголын төрийг бусниулж, халуун голомтыг сандаан Хөх Монголыг хөлдөө чирсний уршгаар ам бүлийн эе эвдэрч, эр нөхөр, эхнэр эмсийн хооронд хэрүүл тэмцэл үл тасрах болж, ахас ихсийг үл хүндэлж, эцэг эхийн үг сургаалыг үр хүүхэд нь үл дагаж, ахан дүүс, анд нөхдүүд өширхөн дайсагналцаж (Судрын чуулган) харийн халдлага, хар санаатны өмнө хүчин мөхөсдөн доройтож, орших, эс оршихын хувь заяаг дэнсэлсэн цаг түүхийн зайлшгүй шаардлагаар нэгдсэн улсаа байгуулж, нэгдмэл үндэстнээ авран амаржуулах нь нийгмийн хэрэгцээ байлаа.
Энэ түүхэн үйл хэргийг Есүхэй баатрын хөвгүүн Тэмүүжин-Чингис хаан нэр төртэй гүйцэлдүүлж, монгол үндэстний нэр алдрыг мандуулан бадраасан мөнхийн гавьяатан, дээдийн шүтээн болж түүхэнд алдаршжээ.
Суут Алангуа эхийн үеэс эв нэгдэл, бат цулын ариун бэлгэдэл болох домогт түүх, багцалж боосон таван цугтай мөсний тухай эв эе, энэрэл нигүүслийн сургаалыг Олхонудын оюут сэцэн Өүлэн эхээсээ сонссон, хатуужил тэмцлийн хатан тэвчээр, ялах, ялагдахын нарийн учир холбогдол, зорилгодоо хүрэх дайчин зориг, удам угсаагаа удирдан манлайлах үүрэг хариуцлага, ухаан санааг хиад боржигин удмаасаа өвлөсөн; хар багаасаа өнчрөл хагацал, өлөн зэлмүүн амьдрал, өшөөтний заналхийлэл, хүчтэний доромжлол, жөтөөтний басамжлал, хагацуулагчийн хар гай, бялдуучлагчийн ов мэхийн бэрх бүхнийг биеэр туулж хэрсүүжин ухаажсан Тэмүүжин тэр цаг үедээ бутарснаа нэгтгэж, буруутныг номхотхож, энх амгалан бүтээхийг бусдаас илүү ухаарч, өөрийн нэгэн насны эрхэм зорилго болгож байжээ.
Арван зургаан насандаа булаагдсан агтаа буцааж авахаар анх мордсон хөвгүүний тэмцэл, дараа жилээс нь хагацсан улсаа хамтатгах их зорилгод шулуудаж, үүнийхээ төлөө тэрбээр хар нүдээ ирмэс үл хийн, хавтгай чихээ дэрэнд үл тавин, магнайн хөлсөө уланд хүртэл, улны хөлсөө магнайд гартал өрсөн хичээн явж, 27 насандаа Хамаг Монгол Ханлиг Улсаа сэргээж, 45 насандаа Их Монгол Улсаа байгуулж, улс иргэнээ хөл хөсөр, гар газар тавиулж, энх амар жаргаах чин хүслээ гүйцэлдүүлжээ.
Їүнийг ард нийтээр хүлээн зөвшөөрч, хүндэтгэн биширч, Тэмүүжин-Чингисийг Далай хаанаар өргөмжлөн, Их Монгол Улсынхаа төрийн жолоог эгнэгт атгуулсан нь хаан албатын итгэл сэтгэл нэгдсэн хамгийн гайхамшигт учрал бөгөөд өдгөөгийн хэлээр төр, иргэн нэгдмэл байхын түүхийн тод жишээ юм.
Түүхэн их үйл хэргийг оройлон удирдсан суут Богд Чингис хаан мянганы хүнээр тодорсон тэнцэшгүй гавьяатан, эгнэшгүй алдартан мөн боловч тэрбээр цор ганцаар энэ гавьяаг өөртөө хүлээгээгүй юм. Түүхийн жам ч тийм байдаг бөлгөө. Мөнх тэнгэрийн ивээлээр гүр улсыг зүглүүлж бүхийд үзэх нүд, сонсох чих болж, үхэх амиа хайрлалгүй үнэнчээр зүтгэж, Төрийн товч, төмрийн хадаасан болж, шадарласан нөхөддөө Чингис хаан төрийн их цол хэргэм, гавьяа шагнал, алдар хүндийг хэрхэн хүртээсэн нь түүх бичлэгт тодорхой байна.
Түүнээс үзэхэд Их хаан гавьяа горилогсдыг бус гавьяат үйлийг бүтээгчдийг хэн ч байсан үл ялгаварлан алдаршуулан дархалсан нь улсын эзний их бодлого ухааны хэрэг бөгөөд эрэмгий сайнаар эзэн боллоо, хамгаас илүүдээ хаан боллоо, өөрийн сайнаар өөдөө гарлаа гэж битгий бод, өргөн түмний хүчинд мөргөж биширч яв хэмээн захиж сургасан нь эдүгээ ч хүн бүрд сургамжтай хэвээр байна.
Монгол гэрийн хорол тооныг хөх тэнгэрт өргөж түших 88 унь лугаа адил Их улсыг байгуулж, тулгар төрийг тогтоон бэхжүүлэхэд Эзэн хаанаа шадарлан чин шудрагаар зүтгэсэн Чингисийн 9 өрлөг тэргүүтэй 88 гавьяатны гавьяа зүтгэлийг та бид өнөөдөр нэхэн дурсаж, тэдэнд гүнээ мэхийн ёслох нь түүхэн үнэнд нийцнэ хэмээн бодож байна.
Их Монгол Улс байгуулагдсан нь зөвхөн монголын үзэгдэл, монголчуудын хэрэг төдий биш байлаа. Їйл явдлын цаашдын өрнөл, Эзэнт гүрний тэлэлт нь дэлхий дахинд нөлөөлж, хүн төрөлхтний түүхнээ тод ул мөр, үр дагавар бүхий, эдүгээгийн судлаач шинжээчдийн анхаарал сонирхлыг соронздон татсан үйл явдал болон үлджээ.
Чингис хаан Монгол туургатнаа нэгтгэн, мандах төрийн нэгэн жолоонд оруулан тал нутагтаа тайван амгалан байхыг хүсэвч Одтой тэнгэр орчиж, олон улс байлдаж, хөрст этүгэн хөрвөж, гүрэн улс байлдаж асан түүхэн нөхцөл байдал, басхүү байгуулсан Их улсыг нь басан доромжилж, бутарган сөнөөх гэсэн халдлага, өдлөг түүнийг баталгаатай хил хязгаарыг эрэлхийлж явсаар дэлхий дахиныг засан түвшитгэх дараагийн их үйл хэрэгт даллан дуудсан ажгуу.
Энэ тухай Чингис хаан өгүүлэхдээ Эргэн тойрон ёс бус олон хаад байна, тэд эрх дураар аашлан, олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүний амийг элс хийсэхтэй адил үзэх болжээ. Иймээс би тэднийг номхотгож дэлхий нийтээр энх түвшин болгох бодолтой байна гээд, Миний баясах нь юу хэмээвээс энэ дэлхийд нэгэн гэр бүл мэт болж, төв түвшин, энх амгалан тогтох явдал. Учир нь нэгэн хүн төрөөд түмэн газрыг энхжүүлэх нь хүн болж төрсөн бүх хүнд тустай. Їүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа, доод амьтанд өршөөл хэмээн хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ тодорхойлон хэлсэн байдаг.
Энэ үүргээ 66 насан хүртлээ зохих ёсоор биелүүлж чадсан дэлхийн түүхт хүн буюу Мянганы хүн гэдгийг эдүгээгийн соёлт ертөнц нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч буй нь юутай бахархалтай. Их Монгол Улсыг үндэслэн байгуулж, улам хүчирхэгжүүлсэн Эзэн богд Чингис хааны суу алдар үүрд мөнхрөх болтугай.
Их Монгол Улсын үүсэн бүрдсэн, алдаршин мандсан түүхэн учир шалтгаан ийм ажгуу. Тэгвэл дараа дараагийн үедээ төр улсын үлгэрлэл болсон эзэнт төрийн хүч чадлын эх ундарга, эрхэмсэг оршихуйн уг сурвалж, эдүгээ үеийн түүхэн сургамж юу вэ?
Их Монгол Улс бол монгол нутагт мандаж буурч байсан Хүннү, Сяньби, Нирун, Түрэг, Уйгар, Хятан зэрэг өмнөх үеийн төр улсын түүхээр нөхцөлдөж боловсорсон төр ёсны уламжлалд суурилсанаараа тухайн цаг үеийн төрийн сонгодог хэв шинжийг бүрдүүлсэн төдийгүй эдүгээгийн төр, улсын бүхий л шинжийг нэгдмэл байдлаар илэрхийлснээрээ түүхэнд үлгэрлэлтэй юм.
Төрийн туг, сүлд, тамга, дуулал, ёслол, хүндэтгэл, алдар цол, гавьяа шагнал, зэмлэл шийтгэл, үсэг бичиг, мөнгөн тэмдэгт, хууль цааз, цэрэг арми, засаг захиргааны нэгж хуваарь, зохион байгуулалт, удирдлагын бүтэц, албан татварын тогтолцоо, өртөө холбооны сүлжээ гээд төр, улсад байх ёстой бүхэн цогцолсон хийгээд тэдгээр нь хожмын цаг үед уламжлагдан шинэчлэгдсээр иржээ.
Чингис хаан Хархорумыг улсын нийслэл, худам монгол бичгийг төрийн бичиг болгож, Их засаг хууль-ийг даган мөрдөхийг зарлигдаж, Их хуралдай Сэцдийн зөвлөлөөр их хэргийг хэлэлцүүлж, иргэн оргоны саналыг сонсож, төрийн хэргийг төв, шударгуу явуулж, мандах төрийн бат суурийг тавьжээ.
Их Монгол Улсын төрийн бодлогын тулгуур философи нь эв эеийг эрхэмлэж, эрдэм боловсролыг дээдлэх үзэл онол байсныг Их эзний сургаал зарлигаас мэдэж болно. Арга хүчээ их болгоё гэвэл ард цэрэг юугаан асар, уужим сул жаргаая гэвэл эе эв юугаан ямагт хичээ, Бие хэврэг, билиг мөнх. Улсын эзэн сайд хэн ч бай олондоо хүндлэгдсэн эрдэмтэн мэргэд ухаантныг гүнээ хүндэтгэх хэрэгтэй хэмээн сургаж айлдсан нь хэзээ ч үл хуучрах суурь сургаал буюу. Хүмүүний хооронд, улсын дотоодод эв эеийг эрхэмлэх нь өрх гэр, улс орон энх амгалан, хүчирхэг хөгжингүй оршихын үндэс төдийгүй даяаршлын эринд ертөнц дахинаараа найрсан оршихуйн баталгаа болж буй.
Эзэнт төрийн эрхэмсэг, хүчирхэг оршихуй хийгээд хүн ардаараа хүрээлүүлж, хүлээн зөвшөөрөгдсөн байдлын нэг үндэс нь хууль цаазыг сахин мөрдүүлж, ёс заншлыг даган хүндэтгүүлж, хүн ахтай, дээл захтай-г мэдүүлж, захирах захирагдах зарчмыг ёсчлон, засаглан гүйцэтгэх ёсыг чанд хатуу хэрэгжүүлж байсанд оршино.
Их Монгол Улсын төрийн хууль цааз эрх зүйн эх сурвалж нь Их Засаг хууль бөгөөд уг хуулиар төрийн хэлбэр, дэглэм, хааны эрх мэдэл, төрийн байгууллагын зохион байгуулалт, эрх, үүрэг, ажиллах журам, засаг захиргааны хуваарь, газар нутаг, байгаль хамгаалал, эзэн албатын ёс, алба татвар, ёс заншил, эрүүгийн бодлого, ял ногдуулах ба эдлүүлэх зарчим, журмыг тодорхойлон тогтоож, тэр үеийн нийгмийн харилцааны олон салбарыг эрх зүйн зохицуулалтад оруулж байжээ. Иймд Их Засаг хуулийг Монгол төрийн бүх хууль тогтоомжийн эцэг хууль хэмээн нэрлэдэг билээ. Зөвхөн төрийн ашиг сонирхолд төдийгүй монголчуудын эртнээс тогтоосон ёс заншилд тулгуурласан эл хуулийн ач холбогдол нь Монгол төрийн анхны тулгуур хууль болж, улс орны эрхзүйн төлөвшлийг тухайн үеийн нөхцөл, шаардлагатай нийцүүлж байснаараа Их Монгол Улсын тулгар төрийн тулах алтан багана, орших эрхийн баталгаа болж чадсан юм.
Хуулийг тогтоож батлахаас гадна ягштал даган мөрдүүлж, улс гүрэн даяарын их амар амгаланг тогтоож чадсан тэр түүхэн сургамжийг эдүгээ ч, хойшид ч чандлан хэрэгжүүлж байх хэрэгтэй.
Их Монгол Улсын төрийн бодлогын нэг чухал чиглэл нь иргэд олноо тэтгэх, хөгшид, залуус, өнчдийг асрах буюу нийгмийн халамж, хамгааллын шинжтэй бодлого байсан нь ард олныг ямагт хайрла, асрах тэтгэхээс өөр зорилгоор улсын санд хэн ч гар хүрч үл болно гэсэн Хаан эзний айлтгалаас харагдана.
Нийт олныхоо тусын тулд чиглэсэн нийгмийн цэгцтэй бодлого, оновчтой шийдвэр нь аль ч цаг үеийн төрийн нэг гол үүрэг байсаар ирснийг бид умартах учиргүй ээ.
Их Монгол Улсын цараа ихт төрийн бодлогоос уламжлан өвлөх нэгэн шижим бол хан тэнгэр, хангай дэлхийгээ бүхэлд нь хайрлан хүндэтгэж, байгальд хандах зан үйлийн хорио цээрлэлийг тогтоон мөрдүүлж, тэр бүхнээ үеийн үед ухааруулан мэдүүлж, амьдрал ахуйгаа байгаль орчинтойгоо нягт хослуулан зохицуулж ирсэн өвөрмөц арга уламжлал юм. Байгаль хамгаалах энэхүү монгол уламжлалыг алдалгүй сахин авч явах нь үндэсний төдийгүй дэлхий дахины учир холбогдолтой асуудал болохыг онцлохын сацуу энэ тухай Эзэн Чингисийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийн тайллагад оролцохдоо Төрийн тэргүүн миний бие бодлого, байр сууриа тодорхой илэрхийлснээ тэмдэглэн хэлье.
Их Монгол Улсын төрийн алтан аргамж болсон гадаад бодлого нь хил хязгаарын аюулгүй байдлыг хангах, гадаад улсын халдлага довтолгооноос сэргийлэх, өрнө дорнын олон улс оронтой улс төр, эдийн засаг, соёлын хэлхээ холбоогоо өргөтгөх, чөлөөт худалдаа арилжааг хөхиүлэн дэмжих, соёл, мэдээллийн солилцоог идэвхжүүлэх, улс орноо засан тохинуулах гээд олон талыг хамаарч байв. Элчин төлөөлөгчдийн эрх ямба, аюулгүй байдлыг баталгаажуулах, Гэрэгэ тэмдэг шийтгэн олгох зэргээр өнөөгийн дипломат ёсны соёлын төлөвшилтэд монголчуудын оруулсан хувь нэмрээр бид бахархах эрхтэй.
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлого хэзээ ч хувиршгүйг хүндэтгэлийн чуулганы индрээс нотлон тунхаглахын сацуу манай улс энхийг сахиулах, бүс нутагт итгэлцлэл, түншлэлийг бэхжүүлэхэд идэвх санаачлагатай оролцохоо илэрхийлж байна.
Бадрах төрийн бат оршихуйн нэг үндэс нь шулуун цэгцтэй, төв шударга, чадал эрдэмтэй, цэцэн ухаантай хүнийг хэн ч байсан итгэл хүлээлгэж, төрийн хэргийг тушааж, улсыг засахад зүтгүүлэх явдал бөгөөд Чингис хаан чухам тийм хүмүүсийг сонгож, төрийг бэхжүүлсэн нь Их Монгол Улсын хүчирхэн мандахын нэгэн нууц байжээ.
Өглөө хэлснээ үдэш нь, үдэш хэлснээ өглөө нь няцаагч туйлбаргүй зантан, бусдыг бүү хэл өөрийгөө захирч эс чадах ичгүүргүй явдалтан, эд хөрөнгө эрх мэдэлд ташаарагч шунаг зальхай, харгис, журамгүй хэнд боловч төрийн хэрэг бүү даатга хэмээсэн Эзэн Богдын сургаал эдүгээ ч төрийн албаны үндсэн зарчим болсоор байх учиртай.

Эрхэм нөхөд өө,
Монголчууд Их Монгол Улсаа байгуулсаны 800 жилийн ойг хүндэтгэн дурсаж, Та бид өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ хүмүүн төрөлхтний түүхнээ алдар суугаа дуурсгасан Эзэн богд Чингис хаан тэргүүт эцэг өвгөд маань амь наснаасаа илүү эрхэмлэн дээдэлж асан Монгол, Монголын төр гэдэг их нэрийг өндөрт өргөн, ариунаар сахин хамгаалах үүрэгтэйгээ гүнээ ухамсарлах нь монгол хүн бүхний харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ санаж явах зүйл мөн.
Энэ эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн тулд хорьдугаар зууны ерээд оноос шилжилтийн үетэй давхцан ужгирсан хямралын уршгаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ороо бусгаа байдал, шударга ёсны хөсөрдөл, оюун санааны хоосрол, ёс суртахууны доройтол, ажилгүйдэл, ядуурал, авлига, хүнд суртал гэх зүсэн зүйлийн саад тотгорыг үтэр түргэн арилгаж, даван туулаад улам бүр эрч хүчээ авч буй дэлхийн хөгжлийн хурдыг гүйцэн зэрэгцэхийн төлөө эвийн хүчээ зангидан, эрдэм чадвараа дайчлан урагшлахаас өөр зам мөр үгүйг айсуй цагийн аяс Та бидэнд өдөр бүр, алхам тутамд маань сануулж байна.
Ойрын ирээдүйд улс монголоо хөгжил дэвшил, мандал бадралын өндөрлөгт хүргэхийн төлөө та бид эрмэлзэн хичээхдээ эдүгээгээс найман зууны тэртээ Эзэн богд Чингис хаан тэргүүтэн зовлон бэрхийг туулан байж хагацсан улсаа хамтатгаж, төр улсаа төвхнүүлэн засаж, ард иргэнээ амаржуулан жаргааж, Хөх Монголоо хөрст этүгэн дээр дархлан манлай болгосон тэр аугаа их суу билиг, зарлигласан онол сургаал, шантаршгүй хатан зориг, амь хайргүй хичээл зүтгэл, бахархаад баршгүй үлгэр дууриалаас эдүгээ бүхүй олноороо бүтээлчээр шимтэн суралцаж, дор бүрдээ сайн үйлс шамдан бүтээх нь эрхэм болоод байна.
Бүтэн жил үргэлжлэх их ойн нэрэмжит бүтээлч ажлын хүрээнд манай ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага салбарууд багагүй ажил өрнүүлж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Гэхдээ бас эрч хүч, эрчим далайцыг эрс нэмэгдүүлж ажиллах шаардлага ч байгааг анхааруулая. Сайн үйлс бүтээхэд саад болдог үгүйсгэн туйлшрагч үзэл, эв эвдэгч хов үг, хорон явуулга, залхуурал, бэлэнчилгээ, ах захгүй, замбараа дэггүй байдлыг халж, Эзэн богд, Их жанжныхаа сургаснаар эв саналаа нэгтгэн, нэгэн үзүүрт сэтгэлээр зориглон хөдөлвөөс бидэнд мэдэхгүй чадахгүй гэх явдал үгүй, давахгүй бэрхшээл үгүй гэдгийг сануулах юун.
Чингис хааны маань захиж хэлсэн Өндөр уулыг зорь, өргөн далайд гар, хол хэмээн бүү цөхөр явбаас хүрнэ, их хэмээн бүү шантар оролдвоос гатална гэсэн билиг сургаал нь иргэн хүнд ч, төр улсад ч нэн чухаг байсаар байгааг онцлон тэмдэглэе.
Эдүгээгийн төр ёсонд энэ нь алсын хараатай, хэтийн зорилготой, тодорхой хөтөлбөртэй, цэгц бодлоготой удирдлага, үйл ажиллагаа хэмээн буулган ойлгож болно. Иймээс Төрийн тэргүүн миний бие Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан Їндэсний хөгжлийн цогц бодлого хөтөлбөрийг энэ онд багтаан боловсруулахыг эрмэлзэж, Засгийн газарт чиглэл өгсөн юм. Иргэд ч гэсэн хувь хувьдаа хэтийн зорилготой байж өөрөө хөгжье, улсаа хөгжүүлье гэсэн эх оронч, монгол тэмүүлэлтэй байх нь өөдлөхийн эрч хүч болно.
Чингис хаан бээр бас …ноёд түшмэд, цэрэг байлдагч, жич хөтөч зарц хүртэл тус тусын тушаалаа гүйцэтгэн чадваас мөнх тэнгэрийн хүчинд их үйл бүтээх ажгуу хэмээн тэртээ XIII зуунд зарлиглаж байсан нь энэ цаг үед ч яг таацах мэт ээ. Үлгэрлэвэл, өнөөдөр төрийн түшээд, сайд, түшмэд, төрийн албан хаагчид, ажилчин, малчин, тариаланчид, оюутан сурагчид, цэрэг цагдаа, жолооч тээвэрчин, эмч сувилагч, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, ер хүн бүхэн өөр өөрийн үүрэгт ажлаа чин шударгаар хийж гүйцэтгэвээс, хувь заяандаа эзэн болох аваас чухам их үйлсийг бүтээж, хүндтэй гавьяа байгуулан хөгжил дэвшилд хүрэх боломж бололцоог нээнэ гэсэн үг юм. Их ойн жилдээ эв эеэ бататган, их ажил бүтээл өрнүүлэхийг хүндэтгэлийн чуулганы индрээс хүн арддаа хандан дахин уриалъя.

Элэг нэгт монголчууд аа,
Эзэн Чингис хааныхаа голомт нутгийг эзэгнэж, Их Монгол Улсынхаа төр ёсыг залгамжилж, туурга тусгаар улсын бүрэн эрхийг эдэлж, туг сүлд, хөх тэнгэртээ сүслэж, хамгаас эрхэм эрх чөлөөг эдлэгч Монгол түмэндээ заяа буян тэгширч, зам мөр нь өлзийтэй байхыг ерөөе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хаанаар ивээгдсэн Монгол төрийн өлмий бат, мэлмий тунгалаг оршиг ээ.

* * *

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button