Манай гурван сая дахь иргэн 2018 онд мэндэлнэ

Тухайлбал Жорж Вернадский Чингис хааны их засгийн судалгаа, түүний агуулга гэдэг бүтээлдээМонголын эзэмшилд улс орнууд, хүн амыг нэгтгэсний дараа тооллого явуулж байхыг төрийн хуулиндаа заасныг тэмдэглэн үлдээсэн.
Түүнийг үл өгүүлэн XX зуунд Монгол улсын үнэт баялаг хүн ам хэрхэн өсөж, тэднийг хэрхэн тоолж байсан тухай YСГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга А.Амарбалтай ярилцлаа.

-XX зууны эхэнд манай хүн ам хэд байсан тухай баримтыг юунаас иш татдаг вэ?


-Монголын XX зууны хүн амын анхны тооллого 1918 онд хийгдсэн байдаг. Yүнийг Оросын судлаач М.А.Майский гэдэг хүн түүвэр судалгааны аргаар хийсэн байна. Энэ баримтаас иш татахад Монгол Улсад амьдарч байсан хүн ам 647,5 мянга гэж гарснаас 542,2 мянга нь Монгол, 100,0 мянга нь хятад, 5000 орос иргэн байжээ. Хүн амын 36,3 хувь нь 18 хүртэлх настан, 40,5 хувь нь 18-50 настан, 23,2 хувь нь 51-ээс дээш насныхан байв. Энэ тооллогын тухай орос хэл дээр байдаг номыг монгол руу орчуулан хэвлэсэн байгаа.

-Манай албан ёсны анхны тооллого хэзээ бол сон юм бол?


-1921 оны Ардын хувьсгалын дараах анхны тооллого 1935 онд болжээ. Энэ тооллогоор манай хүн ам 738,2 мянга болсон байдаг. Энэ хооронд хүн амын бүртгэл 1-2 удаа хийсэн байна. Дараагийн тооллого 1944 онд болоход хүн амын тоо өмнөх тооллогоос ердөө л 16 мянгаар нэмэгдсэн байна. Энэ үеийг XX зууны хамгийн бага өсөлттэй он жилүүдэд тооцдог юм. Энэ үед хүн амын жилийн дундаж өсөлт 0,3 хувь байжээ. Энэ нь бараг өсөлтгүй гэсэн үг л дээ. Yүнд дайны сүүдэр туссан байж болох юм гэж дүгнэдэг

-Манай нэг сая дах иргэн хэзээ мэндэлсэн бэ?


-Манай нэг сая дахь иргэн 1962 онд төрсен гэж тооцдог. Yүний өмнөхөн 1956 онд хийсэн тооллогоос эхлэн олон улсын аргачлалыг ашиглаж эхэлжээ. Энэ тооллогоор нийт хүн амын 21,6 хувь нь хотод, амьдарч байна гэсэн тооцоо гарсан байдаг. Голч нас нь /хүн амын тоог тэнцүү хувааж буй нас/ 26,7 байсан. Одоо бол энэ нас 21,6 болоод байгаа юм.

-Хүн ам хамгийн эрчимтэй өссөн оргил үе нь хэзээ тохиов?


-XX зуунд манай хүн ам хамгийн хурдтай өссөн үе бол 1979-1989 он юм. 1989 оны тооллогоор манай хүн ам 2044,0 мянга болсон. Энэ үеийн хүн амын жилийн дундаж өсөлт 2,9 хувь болжээ. Харин 2005 онд энэ үзүүлэлт 1,15 хувь болж буурсан байгаа. Хүн амын эрчимтэй өсөлтийг даган хот, суурингийн хүн ам эрс нэмэгдэж 1979 он гэхэд хотын хүн амын тоо нийт хүн амын 51,5 хувийг эзэлжээ.

-Манай гурав дахь сая иргэн хэзээ мэндэлнэ гэж тооцоолж байна вэ?


-Хоёр сая дах иргэн 1988 онд мэндэлсэн. Харин гурван сая дахь иргэн маань 2018 онд мэндэлнэ гэж тооцоолж байгаа юм. 2020 оны тооллогоор 3087,0 мянган хүнтэй болно гэсэн төлөв байгаа.

-Бид өнөөдөр хэдүүлээ байна?


-2005 оны эцсийн байдлаар Монгол Улсын хүн ам 2562,4 мянга байлаа. Yүнээс эмэгтэйчүүд нь 50,4 хувийг эзэлж байгаа юм. Насны бүлгээр нь авч үзвэл 0-14 насныхан 32,6 хувь, 15-64 насныхан 61,9 хувь, 65-аас дээш насныхан 5,5 хувийг эзэлж байна. өнөөдөр голч нас 21,8 байна. Дундаж наслалт 65,2 боллоо. Энэ оны тавдугаар сарын мэдээгээр Монгол Улсад өдөрт 141хүүхэд мэндэлж байгааг YСГгаргасан байна.

Монцамэ 25 /1001/

Ж.Сэлэнгэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button