Мэндчилгээ

Дэлгэр Монгол оронд минь саатан морилж байгаа дэлхийн олон улсын зочид, гийчид ээ,
Арав гаруй жарны тэртээ Эзэн богд Чингис хаан тэргүүтэн мун зовлонг туулан хатуужиж, цогцлоон байгуулсан Их Монгол Улсын 800 жилийн тэгш дүүрэн ой, хорьдугаар зуунд ардын эрхт Монгол Улсаа тунхаглан мандуулах их үйлсийг эхлүүлсэн Ардын хувьсгалын 85 жилийн ой давхарлан зэрэгцсэн Їндэсний их баяр наадмын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлж, юу санасан есөн цагаан хүсэл тэнь сэтгэлчлэн бүтэхийг төрийн сүлд, есөн хөлт цагаан тугандаа шившин ерөөе.
Бүтэн жилийн бүтээлч үйлээр тэмдэглэх Их Монгол Улсаа байгуулсаны их тэгш дүүрэн ойг эх орондоо Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилготой Монголын ард түмэн бид дэлхийн хамтын нийгэмлэгийн улс орнуудын халуун дэмжлэг, эв санааны нэгдэлтэй өргөн дэлгэр тэмдэглэж байгаа энэ цаг үед уламжлалт Їндэсний их баяр наадмаа маргаашийн мандах нарнаар үүсгэн эхлүүлэх гэж байна.
Дэлхийн хамтын нийгэмлэгийн нийтлэг үзэл, нэгдмэл бодлогыг илэрхийлэн хэрэгжүүлж байдаг Нэгдсэн Їндэстний Байгууллага Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг таван тивийн улс орнууд өргөн дэлгэр тэмдэглэхийг уриалсан шийдвэр гаргасныг Та бид нэн их бэлэгшээн угтсан билээ. Энэхүү уриа дуудлагыг өрнө, дорнын олон улс орон нэгэн дуугаар талархан угтаж Монгол Улсыг газар газрын түмэн олонд таниулан сурталчлах, манай улстай тогтоосон бүх талын эрх тэгш найрамдалт харилцаагаа өргөжүүлэн бататгах, олон улсын хэмжээнд Монголыг дэмжих сайн үйлс өрнүүлж, эрхэм хүндэт зочид, элч төлөөлөгчид, олон мянган жуулчнаа илгээж буйд Їндэсний их баяр наадмаа тохиолдуулан гүн талархлаа өргөн дэвшүүлье.
Нэгдсэн Їндэстний Байгууллага дэлхийн хотол олонд хандан ийнхүү уриалсан нь Эзэн богд Чингис хаан тэргүүтэн сэцэн билигт, баатар дайчин, өндөр их өвөг дээдэс найман зууны тэртээх салж сарнисан олон монгол овог, аймгийг бүтэх төрийн нэгэн жолоонд оруулж, эвийн хүчийг зангидан Хөх Монголыг хөрст этүгэн дээрх манлай гүр улс болгосон хэзээ ч үл мартагдах их үйл хэрэг зөвхөн монгол туургатанд хамаатай бус, хүн төрөлхтний түүхнээ эерэг хандлага, дэвшилтэт дэг журам, олон соёлын таатай орчинд зохицсон шинэ иргэншлийн эринийг эхлүүлж, өнөөгийн даяаршлын үүд хаалгыг цэлийтэл нээсэн түүхт үйлс бүтээсэн болохыг эдүгээ үнэлэн дурсаж, хүндэтгэж байгаа нь та бидний гэгээн бахархал билээ.
Энэ гүн хүндэтгэл, түүхэн үнэн бол Хөх Монголын үрс хойчис Та бидний баясал, бахархал төдийгүй, өнө эртний түүхт Монгол Улсаа шинэ мянганд улам урагшлуулан хөгжүүлж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх урам зоригийг нэн хөгжөөн бадрааж байна.

Эзэн Чингис хааны маань дээд гэрээслэл – эв нэгдэл, эрх чөлөөт амьдрал, ахуй төр, бүрэн улсын тухай үзэл санаа нь 1911 онд төрийн тусгаар байдлаа сэргээн тунхаглахад ч, 1921 онд гадаадын түрэмгийлэл, дотоод хямралыг эцэслэн төвхнүүлж, үндэсний ардчилсан хувьсгалыг амжилттай хэрэгжүүлж, энх тайванч бүтээн байгуулт өрнүүлж, ээдрээ нугачаат он жилүүдийг туулахад ч, ХХ зууныг сэргэн мандлын зуун болгоход ч монгол түмний минь сэтгэлийн дуудлага болж, голч, холч үйлийнх нь чигийг зааж итгэл, зүтгэлд нь хөг нэмж байсан юм.
Өмнөх зууны ерээд оноос Монгол Улс нийгэм, улс төрийн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд эргэлт буцалтгүй дэвшин орсноороо даян дэлхийд Чингисийн хэмээн алдаршсан улс, эх орноо хөгжлийн шинэ өндөрлөгт хүргэх сэдэл тэмүүллээр жигүүрлэж, хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг хандлагад нэгдэн орсон билээ.
Хангирсан одсон арван зургаан жилийн хугацаанд монголын ард түмэн шилжилтийн үеийн хямрал, хүнд бэрх сорилго, саад тотгорыг туулан хатуужиж, чармайн зүтгэсний хүчинд сүүлийн жилүүдэд улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын бүхий л хүрээнд эерэг хандлага, өөдрөг бодит үр дүн гарч байна. Гэхдээ амьдрал өөрөө ямагт хийж бүтээснийг дадал дасал болгож, харин улам ихийг хийж бүтээхийг шаардаж байдгийг хаа хаанаа санаж, хичээл зүтгэл гаргах ёстойг анхааруулая.
Төр, түмний нэгэн үзүүрт хамтын хичээл зүтгэлээр цогцлон буй болсон амжилт бүхэн Монгол Улс шинэ мянганд сэргэн мандах суурь тулгуурыг бөхөлж байгааг тэмдэглэн хэлье.
Найман зууны тэртээ Эзэн богд Чингис хаан Их Монгол Улсын сүлд тугийг өргөж, гал голомтыг залгамжлах үрс хойчистоо хандан
Хөхрөхүй дор мандсан
Хөх Монгол улс гэрээ
Хатан болд хүрээ мэт
Хатамжлан бат сахигтун

Суу билигтээ дээдэлж
Эе зангиагаа бөхлөгтүн
Хөх Монголоо дархалж
Хөрстөд манлай болгогтун
хэмээн зарлигласныг түүх шастирт тэмдэглэжээ. Энэ зарлиг өмнөх мянганы өвөг Монголтой хүйн холбоотой өнөөгийн Монгол Улсын иргэн бүрт, аху төрийн үйлсэд хүчин зүтгэгчид хийгээд эх орныхоо сайн сайхны төлөө сэтгэл зүтгэлээ зориулах үүрэгтэн бүрт хамаатай захиас гэрээс юм.
Эзэн богд Чингис хааны билиг сургаал, зарлиг захиасыг хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг зорьж байгаа Монгол Улс шинэ эрин үед үр бүтээлтэй хэрэгжүүлснээр дэлхийн хамтын нийгэмлэгээс дэвшүүлсэн Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд тулгамдаж буй асуудлаа амжилттай шийдвэрлэж, үндэсний хамгийн эрхэм дээд баялаг болох хүнээ хөгжүүлж, улам өнгөтэй, өөдтэй болгож, өндөр өвөг дээдсийнхээ алдар суу, өнөөгийн Монгол Улсынхаа нэр төрийг дээдлэн өргөж чадахсан билээ.
Хорьдугаар зууны ерээд оноос олон улсын харилцааны шинэ улирал эхэлснээр болон ард нийтээрээ Ардчиллыг санал нэгтэй сонгосноор эх орноо мандал бадралын шинэ өндөрлөгт хүргэх хөгжлийн гадаад, дотоод ээлтэй орчин, таатай боломж, ерөөлт учрал бүрдсэнийг та бид гүнээ ухамсарлаж байна.
Гэхдээ боломж бололцоо бүхэн өөрөө аяндаа бодит байдал болон хувирдаггүй, эзэн хүний хичээл зүтгэл, уйгагүй чармайлтыг шаардаж байдгийг илүү гүнзгий ухаарвал зохилтой. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийн гүн утга ч үүнд оршино. Ээлтэй, таатай энэ боломжийг ончтой, авхаалжтай мэдэрч, үр бүтээлтэй эдэлсэн хүний аж амьдрал, байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ өөдрөг байх болно. Амьдрал бол азын сугалаа бишээ. Хичээхтүн, чармайхтүн.
Даяаршиж буй дэлхий ертөнц, шинэ мянганы хөгжлийн хурдац, хүмүүсийн өдөр тутам өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, монгол хүний аж амьдралын түвшин, чанар, хөгжлийн үзүүлэлт нь Монголын төр засгийн байгууллагууд, төрийн албан хаагчдад алсыг харсан холч бодлого, аливааг зохицуулах шуурхай удирдлагын аль алиных нь хүрээнд сануулга, шаардлага тавьсаар байгааг анхааруулан хэлье.
Энэ дохио санамж хүн амын нилээд хэсгийн ядуурал, орлогын хомсдол, ажилгүйдэл, үнийн хөөргөдөл, гэмт хэрэг, хот хөдөө, баян хоосны ялгаа ихсэж, эдийн засгийн өсөлт тогтворжихгүй, хүний хөгжлийн олон зүйл үзүүлэлтээр Монгол Улс олон улсын хэмжээнд дундаас доогуур байр эзэлж шинэ мянгантай золгосноор илэрч байна.
Ийм үед буурал түүхээсээ сургамж, урамын аль алиныг нь авч, найман зууны тэртээ Монгол туургатны эвийн хүчийг зангидан Их Монгол Улсаа байгуулж хөрст этүгэн дээр дархлан мандуулсан Эзэн богд Чингис хааны төр улсаа засан төвхнүүлсэн мэргэн бодлого, гүн ухаан, сэцэн билиг, амь бие хайргүй чин шударгуу хичээл зүтгэлээс бүтээлчээр суралцах, үлгэр дуурайл авах нь өнөөгийн Монгол оронд чухалчлагдаж байна.
Өмнөх мянганы манлай суут Чингис хааны найман зууны тэртээ хүн төрөлхтний түүхнээ байгуулсан хосгүй гавьяа, эрин жаран улиравч үл мартагдах аугаа их нэр төрийг он жил алгасал үгүй өргөн мандуулж, хаан эцгийнхээ онол номлол, гүн ухаан, зарлигласан сургаал, захиас гэрээсийг судлан суралцаж, ёс төртэй сахин дагах үүрэгтэн бол Их Монгол Улсын туг сүлд, гал голомтыг сахин залгамжилсан өнөөгийн Монгол Улс, түүний бүрэн эрхт ард иргэд Та бүхэн маань мөнөөс мөн билээ.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн тэгш дүүрэн ойг энэ жилийн турш зориг урмас төгөлдөр, үр бүтээл арвинтай тэмдэглэх эрхэм сайн үйлсээ улам эрчтэй өрнүүлэхийг Та бүхэндээ дахин уриалъя.
Хайрт Монгол Улсаа хөгжүүлэн мандуулах дүүрэн итгэлтэйгээр энэ жилийн Їндэсний их баяр наадамтай золгон буй хотол олон Та бүхэндээ баяр баясгалангийн дээд эв эе, эсэн энхийн жаргаланг хүсэн ерөөе.
Маргааш эхлэх Їндэсний их баяр наадам айл өрх, хүн бүрт баяр баясгалангийн өлзий хутаг оршоох болтугай.

Та бүхэн хөөр баясал дүүрэн, төвшин сайхан наадаж цэнгээрэй.

2006 оны долдугаар сарын 10.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button