Их наадам эхэллээ

Нээлтийн ажиллагаа өглөө 11 цагт төв цэнгэлдэхэд есөн хөлт төрийн их цагаан тугыг морьтон цэргүүд сүл жавхаатайгаар залснаар эхэлсэн. Наадам бүхний хамгийн бахархалтай, хамгийн сүл жавхаатай үйлдэл болох энэхүү туг залах үйл ажиллагаа байдаг.

Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ой, Ардын Хувьсгалын 85 жилийн ойн их баяр наадам Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нээж үг хэлж төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн.
Цэнгэлдэхэд Их эзэн Чингис хаан Өүлэн эхийн хамт гэр тэрэг хөлөгдөн наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлэн орж ирсэн. Тэрээр энэ жилийн наадмын бас нэг сүр сүлд нь 800 уртын дуучин, 800 морин хуурч хөг аяыг нийлүүлэн Эртний сайхан, Уяхан замбуу тивийн наран дууг өргөн барисан нь наадамчин олны сэтгэлийг хөдөлгөж, наадмын үйл ажиллагааг улам хөг оруулсан эгшиглэж, төв цэнгэлдэх төдийгүй дэлхий нийтэд цангиналаа гэж хэлж болохоор байлаа.

Түүнчлэн үндэстэн ардуудын гоёлтой, эртний хувцастай урлагынхан дуулж бүжиглэж, морьтон эрсийн үзүүлэх тоглолт гээд 5000 гаран хүний бүрэлдэхүүнтэй урлаг соёлын арга хэмжээ өндөр түвшинд болсон.
Дэлхий хүртэл газраараа аргадаж, нар нь хүртэл элчээрээ ээсэн налгар зуны наадам ийнхүү их сайхан эхэлсэн. Манай их ойн наадмыг үзэхээр 30 гаруй орны 300 гаран зочид төлөөлөгчид хүрэлцэн ирээд байгаа бөгөөд бид үзүүлэх юмтай, ярих бахархах түүхтэй ард түмэн юмаа гэдгийг энэ жилийн үйл ажиллагаа дэлхийн соёлт түмэнд хүргэж байгаа нь дамжиггүй юм.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button