АН-ынхан огцруулах бичгээ өргөн барих гэнэ

Хэдийгээр хаврын чуулганаа-наадмын өмнө завсарлуулахаар төлөвлөж байсан ч АН-ын зөвлөл завсарлага авснаар энэ нь боломжгүй болсон юм. Төлөвлөсөн хугацаандаа завсарлаж чадаагүй УИХ энэ долоо хоногт үргэлжлүүлэн хуралдана. Зарим хүний ярьж буйгаар улс төрийн амьдрал энэ өдрүүдэд халуухан болох гэнэ. Учир нь УИХ дахь АН-ын зөөлөлийн гишүүд Засгийн газрыг огцруулах бичгээ энэ долоо хоногт УИХ-д өргөн барих аж. Ямартай ч АН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах дээр санал нэгдэж, нэгдсэн чуулганаар хэлэлцэх хэмжээний буюу 19 гишүүний гарын үсэг цуглуулсан нь баттай юм байна.
УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь Засгийн газрыг огцруулах санал гаргасан тохиолдолд Тө­рийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор энэ асуудлыг авч хэлэлцэж санал, дүгнэлт гаргах ёстой. Байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш мөн долоо хоногийн дотор нэгдсэн хуралдаанаар энэ тухай авч хэлэлцэхээр хуульд заасан байдаг. Хэрвээ АН-ын зөвлөлийн гишүүд Засгийн газрыг огцруулах санал өргөн баривал УИХ-ын хаврын чуулган мөддөө завсарлахгүй байж мэднэ.

Зууны мэдээ сонин 170 /2306/

С.Тамир

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button