Далай аварга А.СҮХБАТ Миний энэ алхам бол миний тэмцэл юм

Далай аварга олныг цочоосон мэдэгдлийнхээ дараа Өдрийн сонин-д цээжний үгээ нээлээ. Уншигч авхай та таалан сууж, тухлан уншина уу.

-Юуны омнө аваргадаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн мэндийг уншигчдынхаа өмнөөс хүргэе?
-Баярлалаа. Та бүхэнд, танай сонины уншигчдад энэ сүрлэг сайхан ойн мэндийг би хувиасаа чин сэтгэлээсээ дэвшүүлж байна. Өдрийн сониныхоо уншигчидтай уулзаагүй их удсан байна.

-Баяр наадам сайхан боллоо. Гэхдээ наадамчин олны сэтгэлийг үймрүүлсэн сонин алхам Далай аварга таны зүгээс ирж биднийг тун их гайхшрууллаа. Чухам та яагаад ийм шийдвэр гаргав аа?
-Намайг зүлэг ногоон дэвжээн дээр энэ олон түмэн цаг үргэлж дэмжиж, халуун сэтгэлээ харамгүй өгч, унахад минь хамт унаж, давахад минь хамт давж ирлээ. Монгол бөхөө хайрлаж түшиж ирсэн ард олны тэр агуу сэтгэлийг юутай ч зүйрлэх аргагүй. Тэр тусмаа жижиг Сүхбат хэмээх эгэл ардын хүү намайг гэсэн онцгой дотно сэтгэл цаг үргэлж тээж явдаг ард түмнийхээ зүрх сэтгэлийг би тэр өдөр урьд урьдынхаас илүү их мэдэрч. шаналлаа.

-Зарим нь таныг хүнд өвчин туссан гэж оаихад, зарим нь тухайн үед багтраад огцом шийдвэр гаргачихлаа гэлцэж байна. Олон түмний сэтгэлд тодорхой бус нэгэн зовнил үүсчихлээ. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй яримаар байна?
-Гэмтлийн улмаас болоод ард түмэндээ сэтгэлийг нь хангасан урамтай сайхан барилдаан үзүүлж чадсангүй. Олон жил хурдтай, хүчтэй барилдаж түмэн олноо цэнгүүлж явсан аварга хүний хувьд үүндээ шаналж байна.Та ойлгож байгаа байх.

-Таныг барилдахаа больсон гэх мэдээлэлтэй зэрэгцэн өөрийг тань дэмждэг мянга мянган фенүүдийн сэтгэлд эрүүл мэнд нь зүгээр байгаа гэсэн айдас бий болсон?
-Би ноднин өвөл дэлхийн аваргаар барилдаж байгаад эгэм, мөрний хүнд гэмтэл авчихсан. Тэгээд эдгээчих санаатай нэлээн үзлээ. Болсонгүй. Наадмын бэлтгэлийн үеэр эргээд сэдэрчихсэн. Ингээд сайн бэлтгэл сургуулилт хийж, сайхан барилдаж чадсангүй дээ.

-Улс, Хувьсгалын 80 жилийн ойгоор та яг Д.Сумъяабазар шиг арав давж түрүүлж байсан санагдах юм. Харин тэр үед хэдэн бөх зодоглосон билээ дээ?
-1024 бөх барилдсан юм. Намайг ес давангуут аварга болчихсон гээд зарлачихсан. Тэгээд арвын даваанд би даян аварга гэдэг цолны төлөө Б.Бат-Эрдэнэ аваргатай барилдаж түрүүлж байлаа. Гэтэл тэр цолыг маань өгөөгүй л дээ.

-Тэр үед та ямар цолтой байлаа?
-Би арслан цолтой барилдаад арав давчихсан байсан байхгүй юу.

-Тэгвэл яагаад таны даян аварга цолыг тэр үед өгөөгүй юм бол?
-Мэдэхгүй. Ер нь А.Сүхбат гэдэг хүн дээр ирээд олон юм болохоо больчихдог л доо. Бусад дээр бол болох ёстойгоороо л болоод явцгаачихдаг. Ам нээвэл уушги нээ гэдэг. Илэн далангүй хэлчихэд би үүнд маш их гомдолтой явдаг. Бөх хүний хамгийн гол юм бол цол шүү дээ. Бидний хооронд цолны төлөөх л өрсөлдөөн байдаг. Харин энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай энэ Их Ойн жилийг бусдаас онцлон хүндэтгэж үздэг хуучны ёсыг сэргээж Монгол Улсын Гарьд Д.Сумъяабазарт арслан цолыг алгасуулж аварга цол өглөө. Манай Д.Сумъяабаэар угаасаа аваргын дайтай төрчихсөн сайхан бөх юм шүү дээ. Би Д.Сумъяабазарыг аварга болсонд үнэхээр их баярласан. Улсын аварга хэмээх сайхан цолыг энэ их ойн жил Ерөнхийлөгчөөсөө гардсан Д.Сумъяабазартаа Өдрийн сонин-оор дамжуулж чин сэтгэлийг баяр хүргэе.

-Тухайн үед таны даян аварга цолыг олгох тухай яриа чих дэлсэж байснаа нам жим болсон. Албан ёсны түвшинд харин хэр яригдсан юм бол?
-Тухайн үед Монгол бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Данзан гуай нар чиний даян аварга цолыг намар хуралдаад өгчихнө гэж худлаа хэлж хуураад өнөөдрийг хүртэл таван жил миний голыг харлуулж явна даа. Хүний барилддаг ид үе хэдий хэрийн хугацаанд үргэлжилдэг билээ. Хүний идэр залуу нас хэд билээ. Миний амжилтын тэр ид хавтай үед өгөх ёстой цолыг минь шударгаар өгсөн бол өнөөдөр би ингээд цээжиндээ шархтай, нүдэндээ нулимстай яваа ч уу, үгүй ч үү. Өгчих болов уу гэж харж явсаар таван жил боллоо. Гэтэл бусад хүнд өгч болдог юм байна. Харин А.Сүхбат гэдэг хүнд бол болдоггүй юм байна гэсэн ойлгоцтой л сууж байна даа.

-Та ахин барилдахгүй гэсэн тэр мэдэгдлээ урьд нь бодож төлөвлөж байж хийсэн үү. Эсвэл тухайн үед гаргав уу?
-Би баяр наадмын уур амьсгалыг ажиглаж байгаад л тэр шийдвэрийг гаргасан.

-Цэнгэлдэх хүрээлэн дээр үү?
-Тиим ээ. Цэнгэлдэх хүрээлэн дээр.

-Хэнтэй ч зөвлөөгүй юу?
-Хэнтэй ч зөвлөөгүй. Өөрөө өөртэйгөө л ярьж сууж байгаад тэр шийдвэрийг гаргасан. Ер нь үндэсний бөхийн спортод улс төр орчихсон шүү дээ. Хуйвалдаан, ёс бус зүйлүүд газар авсан. Би аварга хүний хувьд зүгээр хараад сууж чадахгүй. Урьд нь ч тэмцэж ирсэн. Цаашдаа ч тэмцэнэ.

-Та бол монгол бөхийн царцанги ертөнцөд ардчилсан хувьсгалын салхитай хамт дэрвэсэн цэнхэр туг. Таны тэмцэгч чанар ч анх гарч ирсэн тэр цаг үетэйгээ холбоотой санагддаг?
-Тиим ч байж магадгүй. Би бол эгэл ардын хүү. Энэ маань намайг илүү их чимсэн. Ер нь тэмцэгч чанар даргын хүүхдүүдэд, баян тарганы хүүхдүүдэд байдаггүй юм ш дээ. Гагцхүү ардын хүүхдүүд л тэмцэгч байдаг. Би А.Сүхбатын гэх бухэл бүтэн барилдааны урлагийг үлдээсэн шигээ Аварга Сүхбатын гэх тэмцлийг энэ бохирдсон бөхийн ертөнцөд бас үлдээх болно.

-Бөхөд улс төр орчихсон гэсэн үг тань их анхаарал татаж байна?
-Улс төр орчихсон шүү дээ. Тэгээд л хэдэн нөхдүүд дээгүүрээ хуйвалдаад сууж байдаг болсон. Хуйвалдаан хавтгайрсан. Илтэд нэгийгээ хавчиж хяхсан, хааж боосон алхмууд явагдах болсон. Надад энэ бүхнээс үүдэлтэй тодорхой сэтгэл зүйн дарамт байсан. Тиим учраас би ийм алхам хийсэн. Миний энэ алхам бол миний тэмцэл юм. Би шавь нараа ийм бохир ертөнцед хөл тавиулж байгаадаа гутаж байна.

-Та монгол бөхийн ертөнцөд шинэчлэл хийсэн. Бүхэл бүтэн шинэ үзэгдэл болж гарч ирсэн. Харин тэрхүү шинэчлэл мухардалд орсон учраас илүү хурц алхмууд хийхээр шийджээ дээ?
-Тиим ээ. Тэр шинэчлэлийн төлөөх миний тэмцэл хээээ ч зогсохгүй. Ард түмэн ид хаваа гайхуулсан, булчин шөрмөс нь зангирсан залуу сайхан бөхчүүдийн шударга тулаан, эрүүл өрсөлдөөнийг үзэхийг хүсч байгаа болохоос эрүү өвдөг нь нийлсэн, хамаг юм нь унжиж шалхайчихсан, чангахан дугтархад өнхөрөөд өгчих болсон улсуудын урьдын нэр сүрээрээ далайлган сайхан сайхан аавын хөвгүүдийг хүчээр өмнөө сөхрүүлж байгаа хуурамч жүжгүүдийг үзэх гэж хүсээгүй. Ард түмэн үнэнд л дуртай байдаг. Энэ монгол бөх спортын агуулга руугаа илүү ороосой. Хуйвалдаанаар дүүрсэн өнгөн даваргыг хуулж хаяад дороос нь дарагдаж, хавчигдаж, дарлуулж яваа залуус гарч ирээсэй гэж би олон жил тэмцсэн. Би бор эүрхээрээ явсаар өнөөдрийн А.Сүхбатын барилдаан гэдгийг бий болголоо. А.Сүхбатын гэж хаа ч омог бардам дуудуулах шавь нарыг бий болголоо. Энэ хангалтгүй гэж үү. Би өөрийгөө эцэг эх, нутаг уснаасаа өвлөж төрсөн өвөрмөц авъяас билгээрээ монгол бөхийн өртөнцөд олон зүйлийг хийсэн байх гэж итгэдэг.

-Аварга А.Сүхбатын шавь нар гэх хэсэг залуус урамтай сайхан барилдаж байх шиг байна. Энэ жилийн наадамд таны шавь нар хэр наадсан гэж та дүгнэж байна вэ?
-Надад 20-оод сайхан шавь байна. Энэ жил начин боллоо, эаан болцгоолоо. Аймгийн заан, арслангууд боллоо. Ирээдүйн зүлэг ногоон дэвжээг эзэгнэх бүхэл бүтэн шинэ үе бий боллоо. Тун удахгүй эдний маань дотроос улсын илүү том цолтон төрнө. Тиим болохоор надад шавь нарынхаа төлөө ажиллах, тэдэнд өерийн школыгэзэмшүүлэх нөр их ажил байна. Багш хүнд шавь нарын маань бүхэл бүтэн үе бэлэн болсныг харах шиг сайхан эуйл байдаггүй юм байна. Би ганцхан еөрийн хар толгойг бодож амьдраагүйгээрээ бахархаж байна.

-Өнөө жилийн наадмаар хамгийн уран барилдаантай бөх хэн байв. Хамгийн үнэн барилдаантай бөх бас хэн байв. Аварга хүний нүдээр харах мэдээж өер байх?
-Манай Д.Сумъяабазар аварга байна. Бид хоёр бол нэгэн үеийн бөхчүүд. Би Сумъяагаа хэзээ нэгэн цагт аварга болно гэж боддог байсан. Тэгээд тавын даваанд гарахаасаа өмнө Чи энэ жил ямар сайхан өнгөтэй байнаа. Хичээгээрэй. Чи түрүүлэх ёстой шүү гэж хэлж байсан.

-Энэ жил үү?
-Тийм ээ. Саяны наадмаар тавын даваанд гарахаасаа өмнө. Тэгээд амны билгээр Сумъяа маань түрүүлж аварга боллоо. За тэгээд Д.Азжаргал байна. Их даруухан, биеэ сайхан зөв авч явдаг, их тиим буянтай сайхан дүр төрхтэй залуу байгаа. Энэ хүн бас бэлтгэл сургуулилтаа эөв хийсний хүчинд сайн барилдаж улсын арслан цол хүртлээ. Заан болсон М.Баяржавхлан, Амгаланбаатар, Д.Рагчаа нар байна. Үнэхээр сайхан барилдаан үзүүлж түмэн олноо ңэнгүүллээ. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг маш сайхан дааж явж, үлгэр жишээ сайхан ноён нуруутай бөхчүүд яваарай гэж захимаар байна. Начин, харцага болсон залуучууд байна. Энэ сайхан залуучууддаа бүгдэд нь амжилт хүсье. Хичээж, хөдөлмөрлөх юм бол ахиад цолоо ахиулах бүрэн боломж бий шүү. Монгол бөхийн спорт бол төрт ёсны уламжлалт баяр наадмын гол онцлох хэсэг болон хөгжсөн, их нэр хүндтэй, сайхан спорт шүү. Үнэнч шударга амьдраарай. Шударга бус явдлын эсрэг эогсч чаддаг эр зоригтой яваарай гэж аварга хүний хувьд захия даа.

-Хуучин ах цолтой монополь бохчүүдтэй нэр нь тодроогүй эалуу бөхчүүд айгаад хүч үзэж чаддаггүй байсан. Энэ айдсыг жижиг хэмээх Сүхбат арчиж хаясан. Энэ жил долоогийн даваанд та өөрийн шавь Амгаланбаатартай барилдлаа. Тэр танаас айж байна уу. Та шавь нарынхаа тэр айдсыг алга болгож чадсан уу?
-Би шавь нартаа монгол бөхийн эрэмбэ ёсдэг жаягийг чанд сахиж, ёстой төртэй явахыг чухалчлан захидаг. Чамаас нэг цолын дээр байгаа бөх хүн чиний ах чинь, багш чинь гэж хэлдэг. Харин яг барилдаан гэдэг юм бол огт өөр зүйл юм шүү дээ. Тэр дэвжээн дээр айдас гэдэг юм байж болохгүй. Биеэ ингэж суллана. Ингэж байрлуулна гэх мэт арга тактикийн зүйлүүдийг сэтгэл харамгүй зааж сургадаг. Тиим болохоор миний шавь нарт айдас гэдэг юм байхгүй болсон. Одоо ч залуучууд айж жийрхэх юмгүй сайхан барилддаг болж дээ.

-Энд таны оруулсан хувь нэмэр асар их байгаа байх?
-Байгаа байх аа. Би чинь барилдаанаас огт бэрхшээдэггүй, зүрхшээдэггүй тиймэрхүү онцлогтой хүн ш дээ. Өөрийгөө нэлээн өндөр хувьтай дайчилж чаддаг бөх гэж үздэг.

-Таны одоогийн бэртэл хэдий хугацааны дараа илаарших бол. Өөрийг тань илүү ноцтой өвдсөн гэх шуугиан газар аваад байгаа?
-Хоёр сар нягт нямбай эмчилгээ хийхэд л бүрэн эдгэрнэ. Өөр надад ямарч өвчин зовлон байхгүй.

-Телевиэүүдийн эфирээр цацагдсан мэдээллүүдэд залуу аварга үүрд дэвжээгээ орхилоо гэх үг хавчуулагдсан нь сэртхийлгэж байсан. Та эргээд нээрээ дэвжээндээ зодоглохгүй юм уу?
-Миний хүч хариагүй. Миний авъяас билэг алга болчихоогүй. Миний хурд хариагүй. Би идэр залуугаараа байна. Гэхдээ болохгүй байгаа юмны эсрэг босч тэмцэхээр шийдсэнээ ард түмэндээ дохио болгон зарласан. Хэрвээ сэтгэлийг тань гонсойлгосон бол уучлаарай гэж л түмэн олондоо хэлье дээ. Би монгол бөхийн ертөнцөд битгий ингэж хуйвалдаан нүүрлээсэй, битгий аавын хүүг алаг үзэж байгаасай гэж хүсч байна. Аяганы алагаас адууны алаг нь сайхан гэж үг бий. Миний дараагийн залуу үеийн өмнө ийм балиар босго зоож, хавчиж хяхан дарамтлахыг тэвчихгүй. Би Х.Баянмөнх гэдэг хүний хүргэн болсноороо заавал бүх насаараа ингэж дарамт шахалтан дор амьдрах ёстой юу. Үнэхээр тэвчихийн аргагүй уур хүрч байна. Хэзээ манайхан энэ арчаагүй яс үндэс ярьсан, халх дөрвөд болсон гадны хүн сонсвол ичиж үхмээр балиар тамын тогооны үлгэрээсээ салах юм бэ. Энэ улс орон хэзээ энэ жижиг араншингаасаа салах юм бэ. Энэ бөхийн ертөнц хэзээ энэ заваан талцал, нэг нэгийгээ хааж боосон увайгүй сэтгэлээсээ ангижрах юм бэ. Надад газар газраас ирсэн олон янзын үндэс угсаатай шавь нар байна. Одоо тэр яс үндэс ярьж, үе удмаар нь хавчиж хяхдаг үзэгдэл чинь хуучирсан. Бид цоо шинэ зуунд амьдарч байгаа улс биз дээ. Хэрвээ миний шавь нарт миний толгой дээрээс дарж байсан шиг ийм муухай дарамт амсуулах гэвэл би нэгийгээ үзнэ шүү. Хэн ухаантай, хэн хүчтэй, хэн тархиа ажиллуулсан нь л гарч ирдэг ийм шударга нийгэмд амьдарч байж хуучны тэр нэг бохир сэтгэлгээгээ чирээд л явдаг улсуудыг үнэхээр үзэн ядах юм.

-Б.Гантогтох гарьдыг бас олон түмэн сайхан барилдаасай гэж хүсдэг. Аваргын хүү аварга болоосой гэж ерөөдөг. Харин энэ жил яагаад ингэж тааруу барилдав аа. Сэтгэл зүйн бэлтгэл муу байв уу. Та хамт бэлтгэл хийсэн болохоор сайн мэдэж байгаа байх?
-Б.Гантогтохын гар бэртэлтэй байсан. Гар нь атгаж өгөхгүй хэцүү байсан л даа.

-Таны олон жил тэмцсэн найраа гэдэг зүйл ер нь алга болсон уу. Энэ жил байсан уу?
-Начны найраа түрүү бөхийн шагналаас 20 дахин өссөн гээд бод доо. Үүнийг бид таслан эогсоох ёстой. Хүчээрээ начин цол авж байгаа сайхан залуучууд байна л даа. Гэтэл хажуугаар нь найраагаар начин болж байгаа улсууд байна. Энэ бол залуучуудын амьдралд маш хортой үзэгдэл. Хар залуугаараа өр тавьж, хүний барьцаанд орж байна. Энэ нь цаашдынх нь бүх амьдрал худал хуурмаг явахын эхлэл болно. Тиим болохоор үүнийг халах хэрэгтэй. Ямар нэгэн арга зам байж л байгаа. Гарах гарцгүй юм гэж нэг ч байдаггүй. Энэ начны найраа гэдэг юм монгол бөхийн нэрийг их сэвтээж байна. Ингээд худал хуурмагийг цэцэглүүлээд байх юм бол монгол бөх үзэгчдээ алдана. Үзэгчдээ алдана гэдэг шуудхан хэлэхэд сөнөхийн л дохио шүү дээ. Хүн үзэхээ байчихвал бид хичнээн хоорондоо барилдаад яах вэ дээ.

-Тэгээд таны мэтийн улсууд зайгаа бариад явчихаар яах болж байна аа. Та нийтийн барилдаанд нээрээ гарахгүй юу?
-Би нийтийн барилдаанд л гарахгүй болохоос бүх бэлтгэлээ хийгээд л, шавь нартаа арга техникээ өвлүүлэх ажлаа. багш хүнийхээ ажлыг хийгээд л явчихна.

-Х.Баянмөнх аварга таны энэ алхмыг яаж хүлээж авсан 6э?
-Тэр хүн бол монгол бөхийн нэгэн үеийн гайхамшиг. Домогт их аварга хүн. Миний хадам эцэг, миний хүүхдүүдийн өвөө гэхээсээ илүү миний багш юм шүү дээ. Бид хоёр өнөөдрийг хүртэл энэ талаар нэг ч үг солиогүй байна. Би үнэхээр огцом шийдвэр гаргасан. Яагаад ч юм би тухайн үед хэнтэй ч зөвлөөгүй. Миний хувь тавилан ийм байсан юм байлгүй дээ.Төв цэнгэлдэхээс багш бид хоер уйлалдаад л салсан. Түүнээс хойш дуугараагүй л байна даа.

-Б.Гантогтох гарьд яаж хүлээж авсан бол?
-Ганаад их хэцүү байсан л даа. Энгийн үгээр жишээ авах юм бол 20 жил хамт сайн сайхан явчихаад нэг л өдөр хоёрхон минутын дотор шийдвэрээ гаргаад Би саллаа гээд яваад өгөхөд ямар байхав. Надад бол маш хүнд байсан. Б.Гантогтох бол миний хонгор бага наснаас ижил дасал болсон нөхөр минь. Түүнд ямар байсан нь ойлгомжтой. Намайг дэмжиж явдаг миний нэг фен эгч байдаг юм. Авирмэд гээд. Тэр эгч маань шөнөжин нойргүй уйлж хоноод над руу маргааш өглөө нь ярьсан. Миний хүү яаж байгаа юм бэ гээд. Гэх мэтчилэн миний эргэн тойрны найз нөхөд, ах дүү амраг садан, нутаг усныхан, намайг үргэлж дэмжиж ирсэн ард түмэн маань их цочирдож хүлээж авсан юм шиг байна.Тэдэндээ уучлаарай л гэжхэдьедээ.

-Тэр эгчдээ та юу гэж хэлсэн бэ. Ойр дотны хүний яг тулгасан асуулт хэцүү шүү дээ?
-Эгчээ та тайван бай. Миний бие, сэтгэл сайн байгаа. Дүү нь ахиад барилдаж магадгүй ээ гээд хэлчихсэн. Би тайвшруулах гээд л тэгээд хэлчихсэн.

Олны хайртай Далай аваргын барилдахаа зогсоолоо хэмээсэн мэдэгдэл наадамчин олныг хамгийн их гайхшралд оруулсан явдал байлаа. Идэр залуу аварга яагаад огцом ийм шийдвэр гаргах болов гэсэн асуулттай хамт төв цэнгэлдэх хүрээлэнд Аварга бэртсэн, Аварга хүндээр өвдсөн, Аварга арга буюу өөрийгөө, зольж байгаад монгол бөхийн ертөнцөд нүүрлэсэн бусармаг явдалтай тэмцэхээр шийдсэн… гэх зэрэг тоо тоймшгүй олон нулимстай таамаг нисч эхэлсэн. Залуу сайхан аварга нэг л гутранги, сур жавхлангүй харагдаж сэтгэл үймрүүлээд зогсохгүй есөн хөлт цагаан тугнаасаа адис авч, олон жил дэнж хотойтол дэвж, уран гавшгай барилдаануудаараа наадамчин олноо баясгаж ирсэн зүлэг ногоон дэвжээндээ сөхөрч үзэгчдийг асгартал уйлуулсан. Юутай ч аваргын энэ халуухан сэтгэгдэл уншигч та бүхэнд нэгийг бодуулж, нөгөөг төрүүлсэн хэмээн найднам. Жижиг хэмээх Сүхбатын монгол бөхийн үзэгчдийг торгоон барьж, уран, үнэн барилдаануудаараа сэтгэлийн шавайг нь хангаж явсан олон олон жилийн нартай, хуртай наадам бидний сэтгэлд үлдсэн. Аварга бид хоёр олон удаа ярилцлагын ширээний ард сууж явжээ. Гэхдээ энэ удаагийнх шиг цээжиндээ асуултын тэмдэг үлдээгээд буцаж байсан нь үгүй. Бодоод байхад ахиад л бидэнд идэр залуу аварга эргэж бөхдөө ирэх үү, эсвэл исгэлэн халуун цустай, идтэй хавтай шавь нараа үлдээгээд үзэгчдийн суудалд шилжих үү гэсэн нөгөө шаналгаатай асуулт үлдсэн байна. Хэрхэхийг цаг хугацаанд даатган энэхүү ярилцлагаа өндөрлөлөө.

Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ
(Өдрийн сонин 2006-07-17 176)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button