Солонгос улсад сураггүй алга болсон 17, ял эдэлж байгаа 17 Монгол иргэн байна

Yүнийг дагаад хоёр орны хувьд харилцан шийдвэрлэвэл зохилтой асуудал их байдаг. Тиймээс Монгол Солонгосын хооронд Консулын зөвлөлдөх уулзалт болж тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж ирсэн уламжлал тогтоод байгаа. Анхных нь 2004 оны 10 сард Улаанбаатар хотод болж байсан бол энэ удаагийн уулзалт Солонгосын Сөүл хотод болсон юм. Уулзалтад Монголын талаас оролцоод ирсэн Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал О.Очиржавтай уулзаж зөвлөлдөх уулзалтын үр дүнгийн талаар ярилцсанаа хүргэж байна.

Хоёр орны Консулын зөвлөлдөх уулзалтаар нэлээн чухал асуудлууд яригддаг. Гол нь хэрэгжилтийн асуудал чухал. Тиймээс анхны уулзалтын хэрэгжилтийн талаар ярьсан л байхдаа. Ямар дүгнэлт хийв?

Анхны уулзалтаар ярилцсан зүйлсийг бид хэрэгжлээ гэж дүгнэсэн. Солонгостой нийгмийн хамгаалалын талаар хэлэлцээр байгуулсныг мэдэж байгаа байх. Солонгосын ерөнхийлөгч Монголд ажиллах үеэрээ заавар өгсөн. Энэ хэлэлцээр байгуулснаар иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой нийгмийн асуудлууд зохицуулагдаж байгаа. 2004 онд хоёр улсын консулын зөвлөл дэх уулзалтаар ярьсан асуудал бол гэрээт ажилчин авах орны тоонд Монголыг оруулахаар ярилцсан нь үр дүнтэй болсон. Өнөөдрийн байдлаар хөдөлмөр зуучлалын товчооны шугамаар 8 мянга гаруй монгол иргэн гэрээгээр Солонгост ажиллаж байгаа юм. Гэх мэтээр үе үеийн зөвлөл дэхь уулзалт үр дүнтэй болоосой гэж хүсэж байдаг.

Манайхан энэ уулзалтаар олон асуудлыг нэг тийшээ шийдэгдэх байх гэж хүлээж байдаг. Энэ удаагийн уулзалтаар ярьсан гол асуудал юу байв даа?
Энэ удаагийн уулзалтаар нэлээн олон асуудал яригдсан. Тухайлбал ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахаар тохиролцлоо. 1999 онд гэмт этгээдийг харилцан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцах гэрээ байгуулсан. Энэ хэрэгжилт сайн байгаа. Гэхдээ Солонгост хорих ял эдлэж байгаа Монголын 17 иргэн байна. Эдгээрийн 10 нь хүн амины хэрэгтэй. Бусад нь танхайн болон хулгайн гэмт хэргээр хорих ял эдлэж байгаа. Харин ял эдэлж байгаа Солонгос иргэн манайд байхгүй. Манай 17 иргэдийн зарим нь эх орондоо очиж ялаа эдэлье гэж хүсэлт тавьдаг. Тэрийг нь бид зохицуулж чаддаггүй. 1999 онд байгуулсан гэмт этгээдийг харилцан шилжүүлэх тухай гэрээ гэдэг нь ялтан болоогүй, мөрдөн байцаах шатанд гэмт этгээд гэдэг утгаар нь шилжүүлэх гэрээ болохоос шүүхийн шийдвэр гаргахаас ял эдлэж байх үед нь шилжүүлэх гэрээ байдаггүй юм билээ. Тийм болохоор зарим иргэдийн хүсэлтийн бид гэрээгүй болохоор шийдэхгүй байгаа.
Гэрээ байгуулсны дараа хэрэгтэн шилжүүлэх эрх зүйн үндэс нь бүрдэнэ. Яриа хэлэлцээр хийгдээд хүсэлт гаргасан иргэдэд эндээ ялыг нь эдлүүлэх бололцоотой болно гэсэн үг. Мөн манай Хил хамгаалах байгууллага Солонгосын талтай хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохирсон. Энэ нь манай паспорт визийн зөрчилтэй иргэд Солонгосын хил дээрээс нэвтэрч чадахгүй буцаж ирдэг. Энэ тал дээр хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохиролцсон. Хоёр улсын цагдаа поркурорын байгууллагын хамтын ажиллагааг идэвхижүүлэх тал дээр тохирч байгаа. Буруутай этгээдийг шилжүүлэх эсвэл ямар нэгэн иргэний бэрхшээлтэй асуудал гарах юм бол мэдээлэл солилцох, Солонгос Монголын цагдаа прокурорын хамтын ажиллагааны асуудал их чухлаар яригдсан.
Өөр нэг асуудал бол Солонгост очоод сураггүй алга болсон Монголын 17 иргэн байгаа. Тэднийг эрэн сурвалжлахад туслалцаа үзүүлээчээ гэж хүссэн энэ талаар хамтран ажиллана гэсэн байгаа. Монголын 17 иргэний зарим нь 1997 оноос сураг нь гарахгүй байгаа. Энд ар гэр нь ирээгүй гээд байдаг. Тухайн үед нь бид Монгол Солонгосын гадаад явдлын яаманд сураг гаргаж өгөөч гэж хүсэлт гаргаж байсан. Энэ удаагийн уулзалтаар асуудал болгож тавьсан. Энэ талаар Солонгосын элчин сайдын яам манай гадаад хэргийн яам ар гэрийнхэнтэй нь олон талаасаа хамтарч ажиллаж алга болсон хүмүүсийн сургийг гаргах шаардлагатай болж байгаа юм.

Манай талаас Солонгосын талд ямар асуудал тавьсан бэ?
1999 онд зөвхөн эрүүгийн хэргийн талаар зөвшилцөх гэрээ байгуусан. Одоо иргэний хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх шаардлагатай болчихжээ. Хоёр улсын ашгийн байгууллагын хамтын ажиллагаа өргөжсөн байна. Бизнесийн үйл ажиллагаандаа маргаан гардаг болсон байна. Энэ бүхнийг зохицуулахын тул иргэний хэргийн талаар эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах шаардлагатай болсон байна. Манай тал асуудал тавьсан, Солонгосын тал судалж үзье гэсэн.
Өөр нэг асуудал бол хүн наймаалах хэрэгтэй тэмцэх тухай гэрээ байгуулъя гэдэг санал манай тал тавьсан. Монгол Солонгосын хооронд хооронд хүн наймаалах асуудал байгаа юу гэвэл байгаа. Монгол эмэгтэйчүүдийг Солонгост аваачаад гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлсэн гэх мэт эгзэгтэй асуудал гардаг. Тэр бүгдийг зохицуулах, хүн наймаалах асуудал дээр хамтран ажиллах шаардлагатай байна гэсэн саналыг тавьсан. Солонгосын тал судалж үзье гэсэн.
Дараагийн асуудал Цагаач иргэдийн эрхийг хамгаалах тухай НYБ-ийн 1998 оны конвенц гэж байдаг. Гэхдээ энэ конвенцид Монгол улс нэгдэж ороогүй Солонгос ч нэгдэж ороогүй. Бид нэгдэж ороосой гэж хүсдэг. Солонгос улс цагаач иргэдийн эрх ашгийг хамгаалах НYБ-ийн конвенцд нэгдэж орох талаар судлаж үзээч гэдэг хүсэлт тавьсан.
Мөн Монголын визийг 90 хоногоор болгох тухай хүсэлт тавьсан. Улаанбаатарт байгаа Солонгосын элчин 14 хоногоор виз олгодог. Очсон хүмүүсээ эмчилгээний онош нь гардаггүй 14 хоногоос хэтэрдэг түүнээс болоод визийн зөрчил гардаг. Энэ нь зарим хүмүүст хараар үлдэх шалтгаан болдог. Тиймээс уртхан хоногоор виз олгож байгаач гэдэг санал тавьсан. Мөн судалж үзье гэсэн. Эдгээр асуудлаар бид цааш цаашдаа эргэж хөөцөлдөж хариулт авч мэдээлэх болно.

Одоогоор Солонгост хэдэн Монгол байдаг вэ? Нарийн тоо байна уу?
Өнөөдрийн байдлаар Солонгосд 25820 Монгол иргэн байна. Энэ нь Солонгосын хууль зүй дотоод хэргийн яамны цагаачдын албанаас өгсөн тоо. Үүний 15 мянга орчим нь хууль ёсоор ажиллаж байгаа. 10 мянга орчим нь хууль бусаар ажиллаж байгаа. Хууль бусаар ажиллаж байгаа иргэдийн тоо 50 хувиас нэлээд давсан. Гурван жилийн өмнө хараар ажиллаж байгаа иргэдийн тоо хувь нь 90% тай байсан. өнөөдрийн байдлаар 50% гарсан өөрчлөлт байгаа. Энэ нь Солонгосын төр засгаас авч байгаа арга хэмжээтэй холбоотой.

-Солонгост ажиллаж байгаа Монгол иргэдийн эрх ашгийн хамгаалах талаар яригдсан асуудал байна уу? Манай иргэдийн хохирч байгаа гол зүйл бол цалингаа дутуу авдаг. Илүү цагийн хөлс олгодоггүй. Эсвэл цалингаа огт олгоддоггүй гээд асуудал байнга л яригдаж байдаг. Энэ талар яригдсан зүйл байна уу?
-Сүүлийн жилүүдэд Солонгосын бизнесийн орчин муудаад жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нь саатаад цалингаа тавьж чаддаггүй асуудал гарч байгаа. Эсвэл дампуураад Хятад руу шилжиж байгаа гэх мэт шалтгаанаас болоод манай гэрээт ажилчид ялангуяа цалингаа дутуу авдагаас болж эрх нь зөрчигддөг. Энэ талаар Солонгосын талтай нэлээд ярилцсан. Зөвхөн Монголын биш гадаадын иргэдэд ийм бэрхшээл тохиолддог юм билээ. Энэ талаар Солонгосын засгийн газар нэлээд арга хэмжээ авч байгаа юм байна. Тухайлбал Солонгосын хөдөлмөрийн яам нь хотуудын бүх дүүргүүдэд төлөөлөгчийн газраа байгуулж гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар ажилладаг тусгай ажилчинтай юм байна. Мөн Гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах төв гэж олон нийтийн төрийн бус байгууллага идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Хөдөлмөрийн яамтай ямар нэгэн талаар зуучлах тусламж дэмждэг үзүлдэг төв байна. Мөн гадаадын иргэдэд үйлчлэх төв хотуудад ажиллаж байна. Ингээд үзэхэд гадаадын эрх ашгийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагын тогтолцоо тогтсон юм байна. Гол асуудал юунд байна вэ гэхээр манай иргэд тэр төвүүдэд нь очиж хандаж мэдэхгүй, өргөдөл гомдол гаргаж чаддаггүй, солонгос хэл муутайгаас болоод асуудлыг тавьж чаддаггүй гэнэ. Хөдөлмөрлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн иргэд энэ төвүүдэд хандаж үйлчүүлээчээ энэ нь их үр дүнтэй юм.
Элчин сайдын яаманд очихоор элчин сайдын яам нь оронтоо бага болохоор хүссэн хэмжээр нь үйлчилж чаддаггүй. Солонгосын төрийн болон төрийн бус байгууллагад нь хандаж эрхээ хамгаалуулж сурах хэрэгтэй байна.
Нөгөөтэйгүүр манай иргэд явахаасаа өмнө Солонгост хэрхэн ажиллах талаар сургалтад хамрагддаг. Сургалтад хамрагдахаар энэ бүгдийг заадаг юм билээ. Гэтэл Монголчууд маань солонгост очоод бушуухан ажиллаж мөнгөтэй болохын төлөө зүтгээд байдаг. Гэтэл тэнд очоод эрхээ яаж хамгаалуулах вэ, хэнд хандах вэ, ямар заалт байдаг тухай огт санаа тавьдаггүй. Ийм нэг бэрхшээл байдаг юм билээ. Бид өөрсдөө үүнийг анхаарч, сургалтын хөтөлбөрт улам сайн тусгаж өгөх хэрэгтэй юм билээ.

Монгол Солонгосын иргэд гэрлэх явдал сүүлийн жилүүдэд нэлээд өсч байгаа. Гэтэл тийшээ гэр бүл болохоор явсан иргэдийн маань эрх зөрчигдөх явдал их гарса байгаа шүү дээ. Yүнийг ярилцсан уу?
-Тиймээ, Одоогийн байдлаар гадны хүнтэй гэр бүл болсон 1800 хүн байна. Өнгөрсөн жилийн байдлаар буюу зөвхөн нэг жил 542 гэр бүл бүртгэгдсэн. 1800 гэр бүлийн 90 гаруй хувь нь солонгос нөхөртэй гэр бүл болсон. Тэдгээрээс 350 орчим нь Монголын харъяатаас гарч Солонгосын харъяат болсон байна. Энэ тал дээр ямар асуудал гарч байна вэ гэхээр гэрлэлт манай гэр бүлийн хуулийн зарчимын дагуу явагдахгүй байгаа. Манай гэр бүлийн хуулийг судлаад үзэх юм бол Монгол улсын иргэн зуучлалаар гэр бүл болж болно гэсэн заалт байхгүй. Монголын гэр бүлийн хуулинд эрэгтэй эмэгтэй хүн хоёулаа гэрлэлтийн ордонд биеэр очоод батлуулах үндсэн зарчимтай. Солонгосын гэр бүлийн хуулиар зуулчлалаар гэрлэхыг зөвшөөрдөг юм билээ. Ингээд Солонгосын талтай ярилцаад Монголд зуулчлалаар гэр бүл болохыг хориглоно гэдгийг мэдэгдсэн.

Ямар үндэслэлээр хориглох гэж байгаа юм бэ?
-Энэ үйл ажиллагааг зогсоомоор байна. Аль ч улсад танилцах алба бол байж болно. Танилцсан хойноо суух уу үгүй юу гэдгээ хэлэлцэж дараа нь шийдэх асуудал. Танилцаагүй байж зуучлалаар гэрлэнэ гэдэг асуудал манай гэр бүлийн хуулийн үндсэн зарчимд нийцэхгүй байгаа юм. Солонгост зуучлалаар гэр бүл болсон хүмүүс тэнд очоод бие биеэ таньдаггүй. 35 настай эрэгтэйн зураг ирүүлээд, очихоор нь 70 настай өвөө байдаг гээд хуурамч байдал их гардаг. Зарим нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Зарим нь баар цэнгээний газруудад дамжуулан зарагддаг жишээ зөндөө байна. Өнгөрсөн жилийн 10 сард дөрвөн Монгол эмэгтэй худалдагдсан хэрэг гарсан. Иймэрхүү сөрөг үр дагавар байгаа.
Тийм болохоор үүнийг зогсоох талаар хамтран ажиллахаар ярьсан.

-Манайхан өөрсдөө энэхүү хууль бус үйлдлээс өөрсдийгөө хамгаалах асуудал бас чухлаар тавигдах ёстой юм шиг байна л даа? Энэ тааар та бүхэн ямар нэг арга хэмжээ авах бодол байна?
-Тиймээ. Тухайлбал зарын сонин дээр гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилна гэдэг зар байдаг энэ бол монголын хуулинд харш зүйл шүү. Тийм болохоор бид хууль хяналтын байгууллагатай хамтрах болно. Ийм зар тавьсан сонинд хуулийн дагуу арга хэмжээ авч болно. Ер нь бид солонгост байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр Солонгосын талтай хэд хэдэн зүйл тохиролцлоо. Цаашид ярих зүйл нэлээд байна.
-Ярилцсанд баярлалаа

Ж.Алт
/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button