Шинэ соргог бүхнээр дүүрэн наадлаа

Мөн нэгэн үед монгол бөхийн дэвжээнд ижилгүй сайхан бие хаа, уран дайчин барилдаанаараа онцгойрч байсан улсын харцага Ж.Бор зодоглосон нь сайхан сэтгэгдэл төрүүлэв. Ахмадууд дотроо бэлтгэл таслалгүй барилдаж ирсэн улсын начин Б.Батхуяг гуай маань сураг алдарсан байсан юм. Тэгсэн аваарт орсон байжээ, хөөрхий. Тэрээр тэргэнцэртээ ирсэн харагдана. Энэ мэтээр бөхийн орчныг дэлгэж барамгүй.

Баяр наадмын гурвын даваа сонирхолтой байв. Дархан аварга Ж.Мөнхбат тус даваанд зээ дүү улсын начин Б.Бадам-Очиртоо даваа өглөө. Аварга маань ил цагаахнаар Би цаад муу Бадам-Очирт чинь хоёр суйлаа заасан. За тэгээд тэрүүгээрээ хаа хүртэл барилдахнав харья гэж наадмын дундуур хэлсэн юм. Энэ нь зээ дүүгээ начнаас дээш нь явуулчих санаатайгаа нуугаагүй хэрэг юм. Харин Д.Цэрэнтогтох аваргын хувьд нутгийн бөх, аймгийн арслан С.Мөнхнасангаар даваагаа ахиулсан.

Мөн улсын заан Р.Давааням энэ даваанд зээ дүү а/а Н.Ганбаатарыг, улсын харцага Л.Бадарч, өөрийн хүү а/н Б.Мягмардоржийг, улсын начин Ц.Цоггэрэл төрсөн дүү а/а Ц.Түвшинбаатарыг, улсын харцага Т.Наранмандах шавь ц/а Д.Цогзолдоржийг гэхчлэн ахмад бөхчүүд өөрийн гэсэн бүхнээ дамжлан дөрвийн даваанд хүргэлээ. Энэ даваанд Завханы наадамд түрүүлсэн аймгийн арслан Л.Нямсүрэн, а/а Д.Энхбат нар тунаж Л.Нямсүрэн нь давсан юм.

Харин дөрвийн даваанд улсын цолонд баараггүй хүрнэ гэсэн олон сайхан залуус нурлаа. Энэ даваа нь оноолтоор хийгддэг болохоор найраа бага. Их л дээгүүр барилдана гэгдэж байсан аймгийн арслан Л.Нямсүрэн нутгийн ах М.Баяржавхлантай, аймгийн арслан Н.Ганбаатар улсын начин Д.Пүрэвсүрэнтэй, Өвөрхангайнхны хувьд бараг Улсын начин гээд зарлачихаад байсан аймгийн арслан Т.Санчир нутгийн ах улсын начин До.Ганхуягтайгаа таарч дүү цолтнууд бүгд уналаа. Үүн дээр нэмэгдэж цол ахиж барилдана гэгдэж байсан улсын начин Ду. Батбаяр, Н.Бүрэнбаатар, Б.Сайнбаяр, Б.Бадам-Очир, Д.Баасандорж нар дуу дуугаа аван өвдөг шороодсон. Энэ даваанд оноолтоор Улсын начин Т.Амартүвшин, Д.Баасандорж нар тунасан юм.

Начны даваа буюу тавын даваа нь урьд жилүүдийнхээс дөлгөөхөн эхэллээ. Дархан аварга Д.Цэрэнтогтохын хувьд нутгийн хүүхэд аймгийн арслан П.Ганхүүг амлаж улсын начны босго алхуулав. П.Ганхүү нь дуулдаагүй хүүхэд. Өвөрхангайхан өсөж дэвжинэ гэж үзэцгээсэн юм байлгүй дээ. Мөнх-Эрдэнэ арслан, аймгийн заан Б.Баянжаргал гэж залууд тахимаа өглөө. Тэр залуу төдийлөн дуулдаж байгаагүй нэгэн. Ийнхүү эхний хоёр улсын начны болзол хангагсад туг тойртол тиймхэн байлаа. Харин дараагийн цолтнуудыг хараад овоо сэргэлээ. Цэргийн арслан Д.Цогзолдоржийг олон жил юм дуулгана гэж бөхийн хорхойтнууд харсан нь биелэлээ оллоо. Тэрээр ардын хувьсгалын 80 жилийн ойгоор дөрвийн даваанд улсын начин Л.Наранбаатарт уначихаад уйлж зогссон нэгэн. Харин 800 жилийн ойгоор инээсээр дэвжээн дээрээсээ буулаа. Архангайн арслан Мишкагийн Батжаргал, улсын харцага Э.Батбаатараар начны босго алхахад нь олон хүн баярласан. Говь-Алтайн Хантайшир дэвжээний бөхчүүд энэ наадмын начны давааг тодорхойлно гэж мэргэжилтнүүд үзэж байлаа. Гэвч санаснаар болсонгүй. Говь-Алтайн Бигэр сумын уугуул Н.Баярмагнай гэж бор хүү л ганцаараа Улсын начин боллоо. Энэ удаад далай аварга А.Сүхбатыг сүүлийн хэдэн жил бараадаж бэлтгэлээ базаасан Баянхонгор аймгийн арслан Б.Сэр-Од ураатай бөх улсын начин Б.Адъяахүүтэй барьц сонгон барилдаж баараггүй давлаа. Шударга барилдаан болсон. Өнөө цагийн өнгөнд Өсөхөө нэртэй хоёр сайхан залуу бөх хүч түрэн гарч ирж байгаа. Тэдгээр нь Сэлэнгэ аймгийн арслан Т.Өсөх-Ирээдүй, Булган аймгийн арслан М.Өсөхбаяр нар юм. Энэ хоёр залуу эгээтэй л тавын даваанд тунчихсангүй. Эрэмбээрээ хамгийн отгон начин болох улсын начин Д.Батболд гарын даа нар руу хандахад улсын начин Т.Амартүвшин, хоёр Өсөхөө л үлдсэн байлаа. Ингээд Д.Батболд начин, Т.Өсөх-Ирээдүйг амалсанаар Булганы арслан М.Өсөхбаяр, улсын начин Т.Амартүвшинтэй тунасан. Мэдээж гал гарсан барилдаанууд болж Т.Өсөх-Ирээдүй хутгах мэхээр начны болзолыг хангалаа. Өрсөн л бол зүгээр зогсдоггүй Өсөхбаяр маань мөн урамтай сайхан барилдаж Амартүвшин начинг давснаар хүссэн цолондоо хүрэв. Ийнхүү энэ наадмын Улсын начин-ы болзолыг найман залуу хүртлээ. Бөх сонирхогчид үүнээс ч олон цолтныг хүлээж байсан нь лавтай. Арга ч үгүй юм 800 жилийн ойгоор 17 начин төрж байсан юм. Гэтэл энэ наадмаар тэгсэнгүй. Бөхчүүд Улсын харцага цолонд тэмүүлдэг болж. Улсын начин цол хоёрт тавигддаг болсон бололтой. Энэ даваанд нэг хэсэг нь хүссэн цолондоо хүрч баярласан бол зэрэгцээ бас харуусал байлаа. Баараггүй улсын цолонд хүрнэ хэмээн бяр чадал нь багтаж ядан байцгаасан Хантайшир-ын Б.Соронзонболд, Л.Гантулга, Ж.Бат-Эрдэнэ нарын од гийсэнгүй. Энд бас нэг уйлсан бөх бол цэргийн арслан А.Бямбажав байв. Тэрээр улсын начин Д.Амгаланбаатарыг ардаа алдаж унаснаар энэ жилийн ажлаа дуусгалаа, тун харамсалтай. Мөн Завхан аймгийн арслан Ш.Жаргалсайхан, Архангай аймгийн арслан Р.Түвшинбаатар, Булган аймгийн арслан А.Сүмбээ нар бүгд бүдэрлээ. Хажуугаар нь энэ даваанд нэг эвгүй барилдаан болсон нь улсын харцага М.Баяржавхлан, улсын начин Д.Пүрэвсүрэн нарын барилдаан байлаа. Өнгөн талаас харахад Пүрэвсүрэн, Баяржавхлангийн нүүрэнд яах аргагүй гар хүрсэн. Гэвч нарийн харсан хүнд Баяржавхлан харцага, Пүрэвсүрэн начинг хаяхдаа дээр нь нэдэрч тохойлдон хэрэггүй зан гаргасан юм билээ. Энэ бол их муухай. Басчиг Пүрэвсүрэнгийн хувьд түүнийг хэн ч биш байхад самбо бөхийн дэлхийн аварга болж, тив дэлхийд улс орныхоо нэрийг гаргаж явсан бөх. Иймэрхүү эрэмбэ, ёс жудгаа улсын начин Д.Пүрэвсүрэн бодож хор шар нь хөдлөө байлгүй дээ. Наймын даваанд ч гэсэндээ Баяржавхлан өөрөөсөө болж Өсөхбаяр аваргад нудруулж байгаа харагдана лээ. Тэрээр залуу хүн хойшид иймэрхүү араншингаа хазаарлаж явахад гэмгүй. Өнөө сайн барилдаж буй болохоор магтах хүн олон таарахаас энэ мэт алдааг чинь ил хэлэх нь цөөн юм. Цолгүй бөх байхаас чинь мэдэхийн хувьд аашаа битгий эвдээрэй гэж залуу нөхөртөө хэлье.

Улсын баяр наадмын зургаагийн давааг бид төдийлөн тоодоггүй байж. Өнөө тэгсэн онц сонирхолтой даваа энэ болжээ. Учир нь Улсын харцага цолны төлөө бөхчүүд энэ даваанд уралцдаг болж. Шинэхэн начингууд дотор Мишкагийн Батжаргал гэдэг залуугаас бусад нь авсан цолондоо ханасан бололтой. М.Батжаргал л улсын гарьд Б.Гантогтохыг давуулж гуядан давж бахтай сайхан барилдаан үзүүлэн Улсын харцага цолонд хүрлээ. Энэ даваанд харцага цолонд их зүтгэсэн бөх бол улсын начин До.Ганхуяг байлаа. Гэвч у/н Д.Азжаргалд барьц сонгуулж унав. Наадмын өмнөхөн До.Ганхуяг начин их юм бодсон харагдсан. Бэлтгэл дээр нь очиход урьдын Ганхуяг биш болчихсон, дуугаа хураагаад нэг л биш. Уг нь бол тэгэх дэмий байсан юм. Байгаагаараа байгаад, бэлтгэлээ чамбайхан хийж, сэтгэл санаагаа зөвхөн барилдаандаа төвлөрүүлээд барилдсан бол яах ч байсан юм. Сүхбаатар аймгийн арслан Ц.Магалжавын хувьд сайн бөхөөр зургаа давж Улсын харцага цолонд хүрсэн. Унасан Т.Мөнгөнцоож бол улсын заан цолонд яригдаж байсан бөх юм. Магалаагийн хадам ах у/н Б.Адьяахүү хүр дүүгээ энэ цолонд хүргэх гэж эгээтэй л өөрөө өмнөөс гарч барилдчихаагүй. Тус цолонд хүрсэн бас нэг бөх бол у/н Д.Азжаргал байв. Гэвч түүнд энэ зун, энэ дэвжээн дээр, энэ цол жижигдэх байж. Тэрээр харцага, заан, гарьд цолыг алгасан шууд Улсын арслан болдог юм байна. Жинхэнэ аатай барилдаан гэж Азжаргалын барилдааныг хэлэх биз. Улсын начин Д.Амгаланбаатарын хувьд ч гэсэн дээ Улсын заан л болох өдөр нь байжээ.

Долоогийн даваанд мэдээж тулхтай хэд нь бүгд үлдлээ. Бат-Эрдэнэ аварга, Батжаргалаар даваагаа ахиуллаа. Хачирхалтай барилдаан Сүхбат аварга, Амгаланбаатар нарын дунд болсон. Тэр хоёрын дунд тэмцэл өрнөсөнгүй. Амгаланбаатар ааглуухан барилдаж, аваргын ард нь гараад өвдөглүүлэв. Өгөх л гэж өгсөн бололтой, далай аварга маань. Энэ давааны дараа хэрэг явдал хэрхэн өрнөснийг та бид зурагтаар харсан. Долоогийн давааны төгсгөл рүү А.Сүхбат аварга улаан хүрэн дээлээ өмсөж, гартаа цагаан цаас бариад, гарын даа нарын зүгээс шууд төв узель рүү алхаж харагдсан. Аваргыг давааныхаа байг авч явна гэж бодов. Гэтэл тэгсэнгүй, өнөөх айхавтар шийдвэрээ зарлуулах гэж л цаасан дээр биччихээд явж байсан нь тэр байж. Харамсалтай нь нэвтрүүлэгчийн үгийг хүмүүс эхлээд ойлгосонгүй. Далай аварга Сүхбат барилдахаа зогсоолоо, болилоо гэхчлэн баахан юм уншив. Энэ наадмаар барилдахаа түр больж байгаа нь тэр юм уу, эсвэл бүр мөсөн больж байгаа нь тэр үү. Тэгэх нь ээ, бүр мөсөн больж байгаа нь тэр аж. Нэвтрүүлэгч нөхөр Далай аварга А.Сүхбат зодог тайллаа гэж хэлэх гэж л баахан будилуулсан нь тэр аж. Залуу аваргын энэхүү шийдвэр хэн бүхний сэтгэлийг доргиосон үйл явдал болсон. Тэрээр өөрийн шавь улсын начин Д.Амгаланбаатарыг улсын заан болгож ийнхүү зодог тайллаа. Амгаланбаатарын хувьд итгэл алдахааргүй хөдөлмөрч залуу. Анх Алтайн барс клубын Амгаланбаатар гэж чөлөөт бөхөөр барилдаж гарч ирсэнээсээ хойш даруй есөн жилийн дараа тэрээр ийм өндөр цолонд хүрлээ. Харин Д.Рагчаагийн хувьд Улсын заан гэж хүрэх ёстой цолондоо хүрлээ. Түүний өнгөрсөн хугацаанд үзүүлсэн барилдааны амжилт, бэлтгэл сургуулилтын эрчимжилт бүгд түүнийг энэхүү цолонд хүрэх бөх юм байнаа гэсэн итгэлийг төрүүлж байсан юм. Баяржавхлан харцагын хувьд ч санасан цолондоо хүрсэн. Түүнийг үүнээс ч дээш цолонд хүрэх бөх гэж Д.Мөнх-Эрдэнэ арслан ярьсан байдаг. Азжаргал начныг аанай алгасъя. Арслан цолных нь даваан дээр тогтож ярья. Дээрх дөрвөн бөхтэй хамтдаа улсын заанд зүтгэсэн бөхчүүд бол у/х Г.Элбэг, у/х Г.Ганхуяг, у/н Ц.Магалжав нар юм. Энэ гурвын өрсөлдөгчид нь үнэхээр энэ цагийн монгол бөхийн өнгө болсон хүчитнүүд байсан болохоор арга байхгүй өвдөг шороодоцгоосон юм.

Наймын даваа, найман бөх үлддэг даваа. Эндээс л их баяр наадмын өнгө тодорхойлогддог. Энэ жилийн хувьд их аварга Б.Бат-Эрдэнэ арга байхгүй үлдлээ. Түүгээр ч барахгүй залуу начин Д.Амгаланбаатарыг ааглаж, барьцаар багалж байгаад хаялаа. Их ч мэрийж барилдсан, Бат-Эрдэнэ аварга. Магадгүй Цагаан сарын барилдааны хэл ам түүнийг ингэж барилдахад хүргэсэн бизээ. Өсөхбаяр аваргын хувьд өндрөөшөө чацуу Баяржавхлан харцагатай туллаа. Эн тэнцүү энэ тулаанд Өсөхөө аварга давлаа. Харамсах юмгүй барилдаан болсон. Харин Сумъяабазар гарьдыг энэ наадмаар тогтоох хүн байхгүй юм шиг эхний өдрөөс л харагдаж байв. Тэрээр Ганбат зааныг хутгах мэхээр хаясан. Наадмын арван даваанд Сумъяабазар ганцхан удаа хутгах мэх хийсэн нь энэ. Тэрнээс бусад давааны бүх өрсөлдөгчдөө дан ганц зүүн сэнжигний барьцнаас баруун хонгодох мэхийг хийж давсан юм. Тунасан хоёр бөх буюу у/х Д.Рагчаа, у/н Д.Азжаргал нар энэ даваанд хүчээ барав. Азжаргал начин, Рагчаа харцагыг тумбарайдаж цээжин дороо хийж дарав. Начингийн зузаан цээжин дороос баргийн бөх гарахгүй нь тодорхой. Рагчаа харцага эцэхийн туйлыг үзэж багагүй хором тэссэн ч арга байхгүй сөхөрлөө.

Есийн даваанд д/а Б.Бат-Эрдэнэ цолны эрэмбээр у/н Д.Азжаргалыг амлаж, Өсөхөө, Сумъяа хоёр туналаа. Үнэндээ Сумъяабазарын хувьд энэ л шийдвэрлэх даваа байлаа. Магадгүй гарьдын хувьд бүтэн жил бодсон, бэлдсэн даваа нь байсан болов уу. Бодсоноос тэр хоёрын барилдаан нэг их удсангүй. Сумъяабазар гарьд эхлээд хутгасан ч дутуудлаа. Гэвч зүгээр зогссонгүй. Үргэлжлүүлэн Өсөхөө аваргын цөмөрсөн хөл дээр мордож зүтгүүлсэн нь хаях мэх нь болов. Өсөхбаяр аваргын цээжээ сөхөж зүүн хөлөө цөмөрсөн алдааг Сумьяабазар алдсангүй. Ийм л барилдаан тэр хоёрын дунд боллоо. Сумъяабазар гарьдын хувьд энэ давааг туулсны дараа уужирах шиг болсон. Улсын наадмын түрүү ирлээ гэж дүүрэн итгэсэн болов уу. Урьд үзүүр түрүүний барилдаанд гарахынхаа өмнө Сумъяабазар ойр орчиндоо түмэн амьтан шавуулж, баахан захиас сургаал аваад гардаг байсан. Харин энэ удаа тэгсэнгүй. Өөрийгөө бусдаас тусгаарлаж, хүйтэн юмаар хоолойгоо зайлаад, дүү у/н Д.Сэржбүдээтэйгээ ойр зуурхныг яриад барилдахаар гарсандаа. Түүнд аав нь ч ойртсонгүй. Харин Бат-Эрдэнэ аварга, у/н Д.Азжаргал хоёрын хувьд тэмцэл болсон. Их аварга эцсээ хүртэл залуу начинтай хүч үзлээ. Азжаргал начин, аваргыг унаган мэхээрээ хаясан. Дотуур өхийлдэх гэж. Энэ мэхээр Азжаргал олон даваа авч байсан юм. Харин сүүлийн үед төдийлөн нэг их хийж харагдаагүй, наадмаар л найдвартай ганц хийхээр бэлдэж байжээ. Бат-Эрдэнэ аваргыг бөхийн мэргэжилтнүүд арагшаа унадаггүй бөх гэж ярьдаг. Гэтэл энэ удаа тас гэдэргээ унасан. Нас явж байгаагийн шинж бизээ.

Үзүүр түрүүний даваа. Үнэхээр сэтгэл догдлом барилдаан. Шинэ цолтнуудын үзүүр түрүүний тулаан. Д.Азжаргал чухам ямар барилдаан төлөвлөж гарч ирснийг мэдэхгүй юм. Харин гарьдын хувьд зүүн сэнжиг, баруун хонгодоогоо бодож гарч ирсэн бизээ. Гарьд санаснаараа дайрлаа. Түүний эсрэг Азжаргал юу ч хийж чадсангүй. Түрүү үзүүрийн бөхчүүд индэрт гарсны дараа Ерөнхийлөгчийн зарлиг уншив. Энэ хоёр бөхөд Монгол улсын арслан цол олгоё гэж. Үүнийг нь ард түмэн эсэргүүцэн Аварга цолоо өг гэж шаардав. Манай хууль боловсруулагчдын цар иймхэн юман дээр ч мэдрэгдэх. Арав давсан хүнд аварга цол олгоё гэж баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар нэгэн гишүүн санаачлан наадмын өмнөхөн Их хуралд оруулсан юм байна лээ. Дэмжлэг аваагүй гэсэн. Энэ нь наадам дээр Улсын Ерөнхийлөгчийг ацан шалаанд оруулав. Ингээд Ерөнхийлөгч Улсын баяр наадмын тухай хууль буюу УИХ-ын гишүүдийн баталсан хуулийг хойш тавьж, МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан дүрмийг гол болгон Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн улсын гарьд Д.Сумъяабазарт Монгол улсын аварга цолыг олгов. Зүгээр нэг ТББ-ын дүрэм журам УИХ-ын гишүүдийн баталдаг хуулиас илүүтэй эрүүл, амьдралд ойр байгааг энэ жишээ харууллаа. Ардчилал үнэртсэн наадам гэж үүнийг хэлэх байх. Ард түмэн нь төрийнхөө алдааг хэлж байгаад Ерөнхийлөгчөөрөө хормын дотор зарлиг гаргуулчихаж байна. Ямартаа ч монгол түмний эрийн гурван наадмын нэг үндэсний бөхийн барилдаан шинэ соргог бүхнээр дүүрэн боллоо.

П.Хашчулуун
(Өдрийн сонин 2006-07-17 176)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button