Зидан Мөргөсөндөө огтхон ч харамсахгүй байна

Италийн баг бүх цохилтоо оруулсан бол Францын Давид Трезеге алдаж цохилоо. Ийнхүү Италийн баг дэлхийн дөрвөн удаагийн аварга болов. Тоглолтын эцсийн дүнд нөлөөлсөн үйл явдал 110 дахь минутад болсон. Францын багийн ахлагч Зидан Италийн хамгаалагч Матераццитай үг сольж байснаа гэнэт цээжинд нь мөргөж унагасан юм. Yүнээс болж тэрээр талбайгаас хөөгдөв. Матерацци чухам юу гэж хэлсэн нь олны анхаарлыг татсаар байлаа. Тоглолтын гол баатар Зидан уржигдар л нууцаа дэлгэсэн. Тэрээр Францын Canal Plus-т ийн ярьжээ.

-Матерацци таныг алан хядагч гэж нэрлээгүй гэсэн. Yнэхээр тэгсэн юм уу?
-Тэр намайг алан хядагч гэж хэлээгүй.

-Тэгвэл чухам юу гэж хэлсэн юм бэ. Та их уурласан шүү дээ?
-Тоглолтын эхнээс л тэр намайг өдөөд байсан юм. Би ч тэсээд л байлаа. Гэтэл Матерацци миний ээж, эгчийг доромжилсон. Би ч эхэндээ тоогоогүй. Дахиад хэлэхээр нь дургүй хүрээд мөргөчихсөн юм.

-Энэ явдал танай багт сөргөөр нөлөөлсөн?
-Тийм ээ. Гэхдээ би ийм зүйл хийсэндээ огтхон ч харамсахгүй байна. Хэрвээ би гүрийгээд өнгөрсөн бол Матераццигийн үг зөв болоод өнгөрөх байв. Би хэзээ ч ийм доромжлолыг тэсвэрлэхгүй.

-Францын баг дэлхийн аварга болж чадах байсан уу?
-Хэлж мэдэхгүй байна.

-Таны цаашдын зорилго юу вэ?
-Шигшээ багт би дахиж тоглохгүй. Харин Рeaл-д үргэлжлүүлэн тоглоно.

-Зидан буцаж ирэх үү?
-Yгүй. Би үндэснийхээ шигшээ багт сүүлчийн тоглолтоо хийсэн.
Тэрээр ийн ярилаа. Дэлхийн аваргын шилдэг тоглогчоор сэтгүүлчид санал нэгтэйгээр Зиданыг нэрлэжээ. Зидантай сөргөлдөж хэвлэлийн баатар болсон Матерацци өчигдөр олон улсын хөлбөмбөгийн холбооны сахилгын комиссын хуралд оролцжээ. Тэрээр хурлаас гарч ирээд Одоо ямар ч асуудал байхгүй. Намайг шийтгэхгүй байхаар тогтсон гэж ярьсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button