Судрын чуулган-ы сүрд дарагдсан Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх

Тэрээр одоогийн Сири орны нутагт 1226 онд төржээ. Жувейни Персийн сурвалжит угсааны хүн. Сельжук болон Хорезм Шахын хаанчлалын үед Жувейнийн гэр бүлийн хүмүүс өндөр дээд тушаалд тохоогдож өөрсдийнхөө Рабиягийн хөвгүүн Базэлийн үрс хэмээдэг байв.
Түүний өвөг дээдсийн нэгэн хуланц эцэг Бат Ад Дины /нагац/ эцэг Мүтжов Ад Дин Бадиг бол Сельжукийн султан Санчарын нарийн бичгийн дарга бөгөөд хайртай түшмэл нь байв.
Жувейни өвөг эцэг Шэмс Ад Дин заяа муутай Мухаммед Хорезм Шах Балхаас Нишапурт зугтах үед тэр түүнийг дагаж дагаж явжээ. Хорезм шах үхэхээсээ өмнөхөн түүнийг Сахиб Ад Диваны тушаалд томилсон байна. Түүнчилэн Мухаммедын хөвгүүн Ивлэл Ад Дин ч Шэмс Хи Диныг энэ тушаалд томилжээ. Мухаммедыг нас барсны дараа тэр Желал Ад Дины шадар хүн болжээ. Желал Ад Дины нарийн бичгийн дарга бөгөөд түүний намтарыг зохиогч Нүшдэм бол Шеймс Ад Дины гэрээсийг гүйцэтгэгч нь юм. Энэ хүн талийгаачийн хүсэлтийг биелүүлж шарилыг нь түүний төрсөн нутагт хүү Жувейнид хүргэж, эд хөрөнгийг нь итгэлтэй хүнээр дамжуулан өв залгамжлагчдад нь хүргэв.
1256 оны намар Кажейны зүүн хойш орших Алмалүт /Бүргэдийн үүр/ хэмээх газрын Исмалыг цайзыг монголчууд бүхэлд нь бүслэн хаажээ. Зоригт баатар Хасан Эл Саббах Эдийн залгамжлагч Рүкэн Ад Дин нь өвөл болохыг хүлээж цас их унавал монголчууд довтолгооноо зогсооно гэж боджээ. Гэсэн ч хөх тэнгэр монголчуудыг ивээж байгаль дэлхий ер бусаар дулаарчээ. Энэ мэт хүлээсээр арваннэгдүгээр сар гарч тэрээр монголчуудын талд орохоор шийджээ. Yүний тул өршөөн хэлтрүүлэх зарлиг гарахыг тэр хүлээж байв. Энэхүү зарлигийг Жувейни бичсэн бололтой. Жувейни ассасинчуудыг буун өгсөн хойно Yлэгхү вангийн зөвшөөрөлтэйгээр Алмалүтын номын санг үзсэн бөгөөд тэндээс цөөнгүй ховор чухал ном шастир түүх авчээ.
Yлэгхү вангийн дараахь зорилт нь даруй Багдадыг байлдан дагуулж Аббас Халифын төрийг түлхэн унагаах гэсэн хэрэг байв. Yлэгхү ван Багдадыг эзэлж асар их алт эрдэнэс эд зүйлийг олзлон авч Аббас Халифыг дарсан аж. Энэ талаар Персийн философич Назир Ад Дин түшмэлийн тэмдэглэлд дурдсан байдаг ажээ.
Yлэгхүгийн шадар болж байсан Жувейни удалгүй 1259 онд Халифын эзэмшил нийт нутаг дэвсгэр болох Межифетан Египстаны тэргүүн ноёноор томилжээ. Удалгүй Yлэгхү таалал төгсч, Жувейни уг мужийг захиран хориод жил болов. Энэ хугацаанд тэрээр тариачдын аж ахуй амьдралыг дээшлүүлэх талаар их зүйл санаачлан хийлгэжээ. Суваг шуудуу татаж, түүний дагуу 150 тосгон байгуулав. Ийнхүү Персийн байлдан дагуулсан газар нутгийг Халифын ноёрхлын үетэй харьцуулахад багагүй хөгжүүлжээ. Жувейни нь тухайн үед Сахиб Ад Диваны тушаалтай байлаа. Удаан хугацаанд идэвх үр бүтээлтэй ажиллаж асан Жувейни болон түүний ах Шамс Ад Дин нарт улс төрийн дайсан цөөнгүй байв.
Улсын сангийн хөрөнгө шамшигдуулсан гэх буюу Египетийн Халифтай нууц захидлаар харилцсан гэх зэрэг шалтгаанаар нэг бус удаа баривчлан гянданд хорьж шалгаж байжээ. Өөрийг нь хийгээд мөн ахынх нь эсрэг хийсэн ийм явдлын талаар Жувейни хоёр зохиол бичжээ.
Түүнийг нас барсан талаар янз бүрийн таамаглал, мэдээлэл байдаг. Тухайлбал, Тахабийн тэмдэглэснээр бол Жувейни мориноосоо унаж нас баржээ. Ямар ч гэсэн Жувейни 1283 оны гуравдугаар дугаар сарын 5-нд Муган буюу Аланд тавин долоон настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг Табризад оршуулсан гэдэг. Жилийн дараа Ахмедыг устгаж гарч ирсэн Аргун нь Шамс Ад Дин болон түүний дөрвөн хүүг егүүтгэжээ. Ийнхүү Жувейнийн нэгэн гэрийнхэн цаг бусаар хорвоог орхицгоосон ажээ.
Жувейни Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх номоо 1252-1253 онд Хархорумд сууж байх үедээ туурвиж эхэлжээ. Энэ номыг 1260 он гэхэд Жувейни бичиж дуусаагүй л байв. Мөн үед Жувейни тэргүүн ноён хэвээр байв. Качени хэлснээр, Багдадын засаг захиргааны хүнд тушаал нь түүнд энэхүү том зохиолыг бичих зав олгоогүй байж мэдэх юм.
Жувейни алс газар аялж явах зам зуур зав чөлөөндөө амрах нэг хоёрхон цагийг боловч алдалгүй ашиглан түүхэн үнэнийг тэмдэглэсээр энэ зохиолоо туурвисан гэдэг. Жувейни түүхэнд өдөр хугацааг заримдаа тэмдэглэсэнгүй. Заримыг нь оновчгүй тэмдэглэсэн бөгөөд заримдаа өөрийнхтэйгээ зөрчилдүүлж тэмдэглэсэн явдал ч хааяа тааралддаг.
Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх-нд Луи есдүгээрт элч илгээсэн Монголын их жанжин Илжигдэйн тухай Мөнх хаанд бараалхахаар очсон элч нарын тухай гэх мэт өгүүлсэн байдаг. Жувейни нь эхний хоёр ботидоо дээрх асуудлуудыг өгүүлсэн боловч гурав дахийг нь бичиж чадаагүй байна.
Нэрт эрдэмтэн Бартольдын тэмдэглэснээр Жувейнийн бүтээл нь Олбол зохих үнэлэлтээ олж хараахан чадаагүй гэжээ. Түүний бүтээлийн үнэ цэн нь хожим гарсан Рашид ад Диний Судрын чуулган-ы алдар хүндэд дарагджээ. Рашид ад Диний бүтээлийн ач холбогдол нь чухам Жувейнийн ашиглаагүй түүхийн сурвалжийг өргөнөөр авч хэрэглэгдэхүүнээ болгосонд байдаг. Тэгвэл Жувейнийн түүнээс ялгаатай тал нь өөрийн эцгээс шууд сонсч дуулсан хийгээд өөрийн биеэр үзэж туулсан Монголын байлдан дагууллын түүхийг бичсэн явдал билээ. Жувейни нь Монгол болон Дорнод Азид хоёр удаа зорчсон. Энэ нь бас түүний гол давуу тал. Монголчууд хийгээд туркуудын талаархи тэмдэглэл нь түүний аян замынх билээ. Жувейнийн бичсэн түүхийн үйл явдлын он цаг хугацаа нь Рашид ад Дин, Карпини, Рубрук, Марко Поло нарын түүхээс илүү бодитой бөгөөд оновчтой гэж судлаачид үздэг.
Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх нь XIII зууны үеийн Монголын байлдан дагуулагчдын тухай өгүүлсэн чансаатай бүтээл болсон төдийгүй зохиогчийн үе тэнгийнхний болон түүний дараа үеийн араб, перс түүхчдэд чөлөөтэй ашиглах түүхийн сурвалж болсон билээ.
Жувейнийн бүтээлийг европууд Д Оссоны 1824-1834 онд хэвлэгдсэн Монголын түүх-тэй танилцсаны дараа л мэдэх болсон ажээ. Д Оссоны дараа Жувейний бүтээлийн ач холбогдол үнэ цэнийг мэдэрч өөрийн судалгааны гол тулгуур болгон ашигласан хоёр дахь эрдэмтэн бол Бартольд юм.
Жувейнийн бүтээлийг Рашид ад Динийхтэй харьцуулахад нэлээд өвөрмөц хэл найруулгатай байдаг ажээ. Рашидынх нь харьцангуй хялбар бөгөөд энгийн ойлгомж сайтай. Харин Жувейни нь Персийн уламжлалт хэл найруулгыг ягштал баримталдаг хүн байжээ. Тэрээр эртний персийн түүх сударчдын нэгэн адил давхар утгатай үгсийг өргөнөөр хэрэглэдэг байв. Түүний бүтээлд араб перс яруу найрагчдын шүлэг найраглалаас иш татсан байх нь олонтаа. Уг номын эхлэл, өрнөл болон төгсгөлд нь хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийн хоосрол хувь тавилангийн хатуу ширүүн байдлын тухай өөрийн үзэл бодлоо бичсэн байдаг. Гэхдээ Жувейни хэт чамирхсан хэл найруулгад хөтлөгдөлгүй түүхэн үйл явцыг энгийн хийгээд цөөн үгээр оновчтой гарган бичиж чаддаг байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button