Хун шувуун гарвалтны наадам хийгээд Улаан-Yдийн тэмдэглэл

Дэлхий дээр өнөөдөр таван зуун мянга хүрэхтэй үгүйтэй буриад амьдарч буй гэсэн тоо буй. Гэхдээ тэд таван тив, дөрвөн далайн чандад тархжээ. Тэгвэл эдгээр буриад зон цуглаж хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Yд хотноо гурван өдөр үргэлжилсэн буриад түмний урлаг соёл, спортын олон улсын Алтаргана-2006 наадмыг зохион байгуулсан юм.
Анх Алтаргана наадам 1994 оны хавар Хэнтий аймгийн Дадал сумаас гараагаа эхэлсэн түүхтэй. Анхны наадамд буриадууд голдуу амьдардаг Дадал, Биндэр, Батширээт, Норовлин сумын дуу хуурт дуртай хэдэн хүн цугларч Ёохор-оо хатирч олны мэдэх хэдэн дууг дуулсаар Алтаргана наадам ахархан хугацаанд хүчээ авч олон улсын хэмжээний том наадам болох юм гэдгийг тухайн үед хэн ч төсөөлөөгүй юм.
Улаан-Yд хотод болсон энэ удаагийн Алтаргана наадамд ОХУ-ын Буриад улс, Эрхүү, Чита муж, Ага, Усть-Орда-ын Буриадын өөртөө засах тойрог, Москва хот, Өвөр Монголын Хөлөнбуйр аймаг, Монгол Улсын Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Булган аймаг, Улаанбаатар хотын ардын авьяастнууд бие даан оролцов. Мөн Башкер, Тува, Хакас, Киргиз, Казахстанаас ч хүмүүс ирсэн байв. Бодвол тэд Монгол туургатны нэгэн бүлийн дээвэр дор зогсох хүсэл болоод л тэр биз ээ. Наадмыг нээж Буриад улсын Ерөнхийлөгч Л.В.Паталов үг хэлэв. Олон зуун жилийн турш нүүдэлчний хатуу амьдрал сөрж явсан буриад түмний үндэсний онцлогийг илтгэсэн намуун зөөлөн атлаа сүр жавхаатай хөгжим эгшиглэхүй Алтаргана-2006 наадмын тугийг өргөж, хөх мөнгөн тэнгэрээс хун шувуун Байгал далайн уснаа бууж буйгаар наадам эхлэв. Наадамд хүрэлцэн ирсэн газар газрын буриад зон хоргой, торго, хамба, булганы арьсаар хийсэн үндэсний дээл хувцсаа өмсч алт мөнгөн хэт хутга, өмсгөл зүүлтээ агсаан отог, омог бүрийнхээ сүлд хиураа өндөрт өргөж яваа нь харагдсан юм. Энэ удаагийн наадмын онцлог гэвэл буриад хэлээр яруу найраг туурвигсад шүлэг зохиолоо уншиж, буриадын амьдрал ахуйг харуулсан телевизийн баримтат киног шалгаруулав. Мөн эсгий туургатны эрийн гурван наадмыг уламжлалт урлаг, соёл, спортыг цаашид хэрхэн хөгжүүлэх тухай олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын зохион байгуулсан нь цөөнх үндэстний урлаг соёлын талаархи олон чухал санааг дэвшүүллээ.
Энэ үеэр Буриад улсын соёлын яамны сайд В.Б.Прокофьев хэлэхдээ,
-Бид Алтаргана наадамд бүтэн жилийн өмнөөс бэлтгэсэн. Наадмыг зохион байгуулах хороог Ерөнхийлөгч толгойлж байсан нь нийт ОХУ хийгээд манай Буриад улс Алтаргана наадмыг зохион байгуулах гэж хэрхэн хүлээж ядаж байсны илрэл гэж байв.
Энэ наадмыг сурвалжлахаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс гадна Өвөр монголын Одон телевиз, Москвагийн Мир телевиз болон муж, өөртөө засах тойрог, хотуудын телевиз, радио, сонин, сэтгүүлийн 60 гаруй сэтгүүлч, сурвалжлагч иржээ. Сэтгүүлч бид Буриадын зохиолчдын байгууллагын дарга Баяр Дугаров, яруу найрагч Булад Жанчипов нартай Бүгд Найрамдах Улсын Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд Валерий Чимитовичитай хоромхон хугацаанд уулзав. Булад Жанчинов манай Б.Галсансүх найрагчийг юу хийж буйг лавлаад эрхийгээ гозойлгон Ийм бичдэг хөвүүн дээ гэснээ дэлхийн жишигт дүйцүүлж бичнэ гээд суурь хөрснөөсөө тасарч болохгүй тэгвэл дэлхий ч үгүй, үндэснийхээ онцлог ч үгүй, ер юу ч үгүй болж мэдэх юм шүү. Манай буриад найрагчид өөрийн юмнаас нэг хэсэг сүрхий холсон. Гэхдээ энэ нь муу юм болоогүй. Одоо бид жинхэнэ буриад шүлэг найргаа туурвиж байна гэсэн юм. Мөн энэ үеэр Хэнтийн Биндэрийн яруу найрагч Б.Энхжаргал буриад хэлээр бичсэн шүлгээ уншиж Алтаргана наадмын хүрэл медиаль хүртсэнийг энд зориуд хэлье. Хөтөлбөрт орсон урлаг, соёл, спортын 60 гаруй арга хэмжээ, уралдаан, тэмцээний үеэр манай Дорнод, Сэлэнгэ аймаг, Өвөр Монголын Хөлөнбуйр аймаг, Агын Буриадын ардын авьяастнууд бусдаас онцгой ялгарч харагдав. Мөн дээрх газрууд буриадын амьдрал ахуйг харуулсан эд өлгийн зүйлс, монгол гэр юугаа цэмцийтэл барьж идээ будаагаа өрж зочин гийчдээ урьж дайлж байгаа нь тун өвөрмөц байлаа. Ялангуяа оросын буриадуудын хувьд дал, наян жилийн турш өөрийн хэл соёлоос баахан төсөөрч холдсоны эцэст буцаж эх соёл, урлаг, амьдралын хэв маяг руугаа эрчимтэй тэмүүлж байгаа нь харагдсан юм. Ер, уламжлалт ахуй, хэл соёлоо харьцангуй илүү хадгалж үлдсэн нь ОХУ-ын Ага-ын болон Монголд Дорнод аймгийн буриадууд юмуу даа гэх бодол төрж байв Ийнхүү мөнх ногоон моддын дунд Сэлэнгэ, Yдэ хэмээх хоёр том мөрний хөвөөнөө орших Улаан-Yдэ хотод гурван өдрийн турш буриад хэл соёл, урлаг, спортын төрлөөр наадамдав.
Заян Наваа Наваалай
Заяаны миний нутаг Энэ бол хоёр мянган жилийн тэртээ буриадууд Амдо, Түвдийн орчмоос Байгал далайг чиглэн их нүүдэл хийж, явахдаа зохиож дуулсан дуу гэдэг. Гэвч энэ дууг мэдэх хүн гарын таван хуруунаас хэтрэхгүй болжээ. Гэсэн ч Байгал далай, хун шувуун хоёр нь байсаар л байна.
Дараачийн Алтаргана наадам 2008 онд Байгал далай, Ангар мөрний хавьцаа буюу Эрхүү хотод болох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button