Голуудын ус үерийн аюултай түвшинд хүрчээ

Долдугаар сарын 10-ны өдрийн 14.30-15 цагийн хооронд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд орсон хүчтэй аадар борооны улмаас Эгийн гол болон жижиг голууд савнаасаа хальж аймгийн урд сумд үерт автсан байна. Үерийн голомтод 200-гаад хүн боогдон барилга байшин, өндөрлөг газарт гаран аврагчдыг ирэхийг хүлээж байжээ. Тэр оройноо Засгийн газар яаралтай хуралдаж хоёр нисдэг тэрэг, хоёр аврах багийг Хөвсгөл аймаг руу явуулсан. Аврагчдыг гамшгийн газарт очиход байдал маш хүнд байсан учир хилийн цэргийнхнийг дайчлан үерт автсан хүмүүсийг аврах ажлыг үргэлжүүлеэн байна. Хэдийгээр цаг агаарын хүнд нөхцөлд ажилласан ч үерийн голомтоос бүх хүмүүсийг эсэн мэнд аварч чаджээ. Гэвч Хөвсгөл аймгийн Цагаан -Үүр суманд буусан үерийн улмаас Эгийн голын ай сав хальж Булган аймгийн Тэшиг сум хүрчээ.

Гэнэтийн хүч түрэн орж ирсэн үерт хоёр айлын зургаан хүн урсч нас барсан байна. Дээрх хоёр айлаас гадна нэлээд хэдэн өрх малтайгаа үерт өртөж усанд боогдсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн аварчээ. 30 минут орсон хүчтэй аадар борооноос үүдэлтэй үерт 1.5 км газрыг хамарч дөрвөн сумын айл өрхийн мал, хашаа хороог урсгаж оджээ. Урьдчилсан байдлаар 289 бод мал үер урсаж, 600 сая төгрөгийн хохирол учирч, зургаан томоохон гүүр эвдэрсэн байна. Ер нь уерийн гамшгийн хэмжээ цаашдаа нэмэгдэх магадлал их байгаа тул орон нутгийнхан болон хамт олон, гэр бүлээрээ зугаалганд явахдаа сонор сэрэмжтэи байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Одоогоор Төв, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн нутгаар урсах голуудын ай сав хальж, үерийн түвшинд хүрээд байгаа аж. Өчигдрийн байдлаар Булган аймгийн Тэшиг суманд үерийн гамшигт өртөж амь насаа алдсан зургаан хүний тавынх нь цогцсыг олж гаргаад байгаа гэнэ. Цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээллээр Сэлэнгэ мөрний адгаар буюу Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчмоор усны түвшин өмнөх өдрүүдээс 40-95 см-ээр эрс нэмэгдэж, Сүхбаатар хот орчмоор үерийн аюултай түвшинг давж онц хүчтэй үерлэж, Сэлэнгэ-Орхоны бэлчрээр болон нам эрэгтэй хэсгээр хальж урсаж байна. Иймд Сэлэнгэ мөрний дагуух хот, суурин газар, Сүхбаатар хот, голын эрэг дэнж дээр нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн үерийн аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг орон нутгийн засаг захиргаа болон мэргэжлийн байгууллагынханд анхааруулжээ.

(Өнөөдрийн монгол 132/302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button